Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж ажилласан талаар өнөөдөр /2019.01.21/ мэдээлэл хийлээ. Тус газраас нийт 158 аж ахуй нэгж, 950 иргэн, 1108 худалдааны төв, зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 518 зөрчил илрүүлж, 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнд хаяг шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хэвийн боов худалдаалсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 313 гахайг устгаж, 3.3 тонн гахайн махыг устгалд оруулжээ.
ШИНЖИЛГЭЭГЭЭР ХИАМНААС ЭЕРЭГ ХАРИУ ГАРААГҮЙ
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай:
“Сар шинийн баярын үеэр иргэд худалдан авалт хийхдээ гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаажилт дагалдах баримт бичигтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг зөвлөе. Мөн өнгөрсөн долоо хоногт 72 цагийн эрчимжүүлсэн зургаан байгууллагын бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж нийт хоол үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан газруудад хяналт тавьж, гахайн түүхий мах худалдаалж байсныг лацадсан. Нийт 3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан. Мөн хиам үйлдвэрлэгч 10 аж ахуй нэгжээс 40 дээж авсан. Урьдчилсан байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газар болон Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид өгсөн мэдээллээр хиамнаас эерэг бус сөрөг үзүүлэлт гарсан гэх мэдээллийг өгсөн. Эцсийн дүгнэлт одоогоор ирүүлээгүй. Зооноз өвчин судлалын төв болон Мэргэжилийн хяналтын ерөнхий газраас гахайн махыг түүхийгээр нь авч хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
НМХГ-ын Ургамал хамгаалал хорио цээрийн улсын байцаагч Б.Саруултуяа:
Цагаан сарын баярын үеэр улсын болон хувийн үйлдвэрүүд хэвийн боовыг маш их хэмжээгээр үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. Ялангуяа бөөний худалдааны төвүүдэд худалдаалж буй хэвийн боов болон бууз баншинд үйлдвэрлэсэн огнооны тэмдэг байхгүй зөрчил илэрч байна. Уг нь үйлдвэрлэсэн огноо нь тэмдэглэгээтэй байх ёстой. Гэтэл хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Бидний зүгээс гахайн махан бүтээгдэхүүнд гарал үүсэл нь тодорхой байх шаардлага тавьж байгаа.
Шалгалтын явцад 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
- Сонгинохайрхан дүүргийн Эгүшин ХХК-ийн хүнсний дэлгүүр
- Энхжин
- Сэлэнгэ зах
- Баянгол дүүргийн Хархорин худалдааны төв
- Хороолол зах
- Барс 2
- Шилэн зах,
Нарантуул худалдааны төвийн өргөлтгөлд худалдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэн 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна.