Нэгэн цагт Монгол наадмын торгон ногоон дэвжээг эзэгнэж, “А.Сүхбатгүй барилдаан давсгүй хоолтой адил” гэтлээ хэлэгдэж явсан Даян аварга зодог тайлаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Олимпийн аваргуудыг бэлтгэх сургууль байгуулж, басхүү бизнест хүч сорьж буй тэрээр нэлээд эртнээс хурдан морь сонирхох болсон. Хурдан хүлгэдээ өөртэй нь андуурам адилхан аймгийн Алдарт уяач А.Батсүх ахаараа уяулдаг гэдгийг морь сонирхогч хүрээнийхэн нь андахгүй. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар аварга тун одтой наадаж, өөрийн унаган хүлэг “Хишиг” хэмээх хүрэн азаргаа гуравлуулж, сартай зээрд даагаа аман хүзүүдүүлсэн. Айрагдаж түрүүлсэн морьдыг барианд ороход ах А.Батсүх нь сүүлийн үеийн чамин хийцтэй эмээл тохсон дэлийг нь жирийтэл зассан өндөр зээрд морьтой ирж олны нүдийг хужирлалаа.
А.Тэлмэн