Хуучнаар Холбооны Бүгд Найрамдах Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Македон улс Грекийн Засгийн газрын шаардлагаас үүдэн нэрээ Хойд Македонийн Бүгд Найрамдах улс хэмээн өөрчилснийг эсэргүүцсэн жагсаал өчигдөр /2019.01.20/ Грекийн нийслэл Афин хотноо болов.
Македон улсын шинэ нэрийг эсэргүүцсэн Грекийн 100 мянга орчим хүн өчигдөр парламентын ордны ойролцоох Синтагмагийн талбайд цуглаж, жагссан байна. Жагсаалын уур амьсгал харьцангуй ширүүн байсан бөгөөд жагсагчдын зарим нь цагдаа нар руу чулуу, эд юмс шидэх, гал асаах зэргээр эмх замбараагүй байдлыг бий болгож байсан бол цагдаа нар тэдний эсрэг нулим асгаруулагч хий хэрэглэжээ.
Югослав 1991 онд задарснаар Грекийн хойд хэсэгт байрлах хоёр сая гаруй хүн амтай тус улс Македон хэмээх нэртэйгээр тусгаар тогтносон аж. Гэвч Македон гэдэг нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой, түүнээс гадна уг нэрээр нэрлэгдэж байсан нутаг дэвсгэр, ард түмэн нь мөн Гректэй холбоотой учир үүнтэй ямар ч холбоо байхгүй, сүүлд суурьшсан слав гаралтай үндэстэн энэхүү нэршлийг авах нь буруу гэж үзсэн Грек улс эсэргүүцсээр ирсэн юм. Үнэт зүйлсдээ тусдаа байлгах үүднээс улсын нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар 28 жилийн өмнөөс шаардахын сацуу Македоныг ЕХ, НАТО-д гишүүнээр элсэхэд хориг тавьсаар иржээ.
Харин өнгөрсөн жил Грек, Македон хоёр улсын Засгийн газар зөвшилцөлд хүрч, улсын нэрийг Хойд Македонийн Бүгд Найрамдах улс хэмээн өөрчлөхөөр болсон нь Грекийн ард иргэдэд таалагдсангүй. Учир нь тэд анхнаасаа Македон улсыг нэрээ өөрчлөхдөө Хойд, Дээд гэх мэт газар зүйн байршлын нэр нэмэхгүйгээр бүрмөсөн өөрчлөхийг шаардаж байсан юм.
Эх сурвалж: Al Jazeera
Холбоотой мэдээ