Монгол улсад 6-12 насны 5314 хүүхэд хичээлээс гадуурх чөлөөт цагаа өдөр өнжүүлэх төвд өнгөрүүлдэг ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа өдөр өнжүүлэх төвийн талаарх судалгааг хийжээ. Харамсалтай нь, өдөр өнжүүлэх төвийн хаягжилт тодорхойгүй, албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүйн улмаас яг хэчнээн өдөр өнжүүлэх төв ажилладаг нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн судалгаанд албан ёсны бүртгэлтэй нийслэлийн найман дүүрэг, орон нутгийн 14 аймгийн 282 өдөр өнжүүлэх төвийг хамруулан, өнөөгийн дүр зургийг нь гаргажээ.
Улсын дүнгээр 282 өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 227, орон нутгийн 14 аймагт 55 өдөр өнжүүлэх төв тус тус ажиллаж байна.
Эдгээр төвүүдэд нийт 5314 хүүхэд хамрагдаж байгаагийн 85 хувь буюу 4480 хүүхэд Улаанбаатар хотод, 15 хувь буюу 834 нь орон нутагт хамрагддаг ба нэг өдөр өнжүүлэхэд дунджаар 18 хүүхэд хамрагдаж байна.
Хүйсээр нь авч үзвэл 52 хувь нь эрэгтэй, 48 хувь нь эмэгтэй, 75 хувь нь 6-8 насных, 24 хувь нь 9-12 насныхан байна.
Хүүхдүүдийн дийлэнх буюу 80 хувь нь анхны жилдээ, 10 хувь нь 2 дахь жилдээ, 5 хувь нь 3 болон түүнээс дээш жил өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байна.
Өдөр өнжүүлэх төвийн сарын дундаж төлбөр 66 хувь нь 100-200 мянга, 25 хувь нь 201-300 мянга, 8 хувь нь 100 хүртэлх мянга, 1 хувь нь 300-400 төгрөгийн хооронд тус тус хэлбэлзэж байгаа ба дундаж төлбөр 165 мянган төгрөг байна. Харин сарын төлбөрийн хамгийн бага нь 20 мянган төгрөг байгаа бол хамгийн өндөр нь 400 мянган төгрөгийн төлбөртэй байна.
Улсын хэмжээнд төлбөргүй нэг өдөр өнжүүлэх төв байгаа бөгөөд энэ нь гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байгаа нь анхаарал татаж байна.
Өдөр өнжүүлэх төвүүдийн 53 хувь нь хоёр хүртэлх, 20 хувь нь хоёроос гурав, 9 хувь нь гурваас дөрөв, 18 хувь нь дөрөв болон түүнээс дээш жилдээ үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд ажилласан дундаж хугацаа 2.9 жил, хамгийн олон жил үйл ажиллагаа явуулсан нь 14 жил байна. Эндээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвүүд цөөн байна. Мөн 88 хувь нь 10-15 цагаар ажилладаг бол 10 хувь нь 6-9 цаг, 2 хувь нь 3-5 цаг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 9/10 нь уртасгасан цагаар ажилладаг, хүүхдүүд хичээлээс гадуур ихэнх цагаа өдөр өнжүүлэх төвд өнгөрүүлж байна.
Нийт өдөр өнжүүлэх төвийн 77 хувь нь түрээсийн байранд, 23 хувь нь өөрийн эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Төвүүдийн орчин нөхцөлийн хувьд 46 хувь нь орон сууцны нэг давхарт, 25 хувь нь орон сууцны хоёр болон түүнээс дээш давхарт, 8 хувь нь албан байгууллага, сургууль цэцэрлэгийн байранд, 6 хувь нь бие даасан байранд, 4 хувь нь орон сууцны өргөтгөлд үйл ажиллагаа явуулж байна.
Эндээс үзэхэд гурван өдөр өнжүүлэх төв тутмын хоёр нь хүн амьдрах зориулалттай орон сууцны нэг болон хоёроос дээш давхрын байр засаж тохижуулан үйл ажиллагаа явуулж байна.
Өдөр өнжүүлэх төвүүдэд нийт 537 багш ажиллаж байгаагийн 3 хувь нь давхар ажил эрхэлдэг ба тэдний дийлэнх нь ЕБС-д багшилждаг.
Багш нарын 95 хувь нь эмэгтэй, 5 хувь нь эрэгтэй байна.
Насны хувьд 51 хувь нь 35–аас дээш насны хүмүүс байсан боловч ер нь өдөр өнжүүлэх төвийн багш нарын бүрэлдэхүүн бүх насыг хамарч байна.
Түүнчлэн хоёр багш тутмын нэг нь улсад ажилласан хугацаа нь 10 болон түүнээс дээш жил байна. Энэ нь өдөр өнжүүлэх төвийн багшаар ажлын туршлагатай хүн голдуу ажилладаг болохыг харуулж буй юм.
Мөн 10 багш нарын 92 хувь нь дээд боловсролтой үүнээс 75 хувь нь багшийн мэргэжилтэй бөгөөд багш мэргэжилтэй хоёр хүний нэг нь бага ангийн багш байна. Үүний дараагаар цэцэрлэгийн болон монгол хэлний багш нар түгээмэл байна.
Нийт төвүүдийн 30 орчим хувь нь шатар, гар урлал уран зураг, IQ, гитар, төгөлдөр хуур гэх мэт хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй. Өдөр өнжүүлэх төвүүдийн 15 хувь нь хүүхэд хамгааллын бодлогын дүрэмтэй бөгөөд тэдний 80 хувь нь ажилтнуудад хүүхэд хамгааллын дүрмийг мөрдөж ажиллах гарын үсэг зуруулж, байгууллагын самбарт ил байрлуулсан байна.
Мөн эцэг эх, багш нарын хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг албан ёсоор баталгаажуулах байдал хангалтгүй байгаа бөгөөд хоёр өдөр өнжүүлэх тутмын нэг нь хүүхдийн анкетын мэдээлэл, эцэг эхтэй байгуулсан гэрээ, гурван өдөр өнжүүлэх тутмын нэг нь үйл ажиллагааны дотоод журам , ажилчдын гэрээ огт байхгүй байна.
Түүнчлэн хоёр өдөр өнжүүлэх тутмын нэгд нь агааржуулалтын систем, ариун цэврийн булан, ариутгалын бодисын хэрэглээ хадгалалт, сав суулга ариун цэврийн халдваргүйжүүлэлт байхгүй, 75 хувь нь галын дүгнэлт, галын булан, аюулгүй ажиллагааны дүрэм, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг байхгүй байна.
Үүнээс гадна өдөр өнжүүлэх төвд хүүхдээ өгдөг 300 эцэг эхийг судалгаанд хамруулжээ.
Ажил эрхлэлтийн байдлаар 42 хувь нь хувийн хэвшил, бизнесийн байгууллага, 23 хувь нь төрийн байгууллага, 22 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 8 хувь нь ажилгүй байв.
Тэдний 35 хувь нь нэг, 31 хувь нь хоёр, 34 хувь нь гурав болон түүнээс дээш хүүхэдтэй бөгөөд 90 хувь нь нэг, 10 хувь нь хоёр хүүхэд өдөр өнжүүлэх төвд хамруулдаг байна.
Хүүхдүүдийн 50 хувь нь 5 болон түүнээс дээш, 45 хувь нь 3-5 цагийг тус тус өдөр өнжүүлэх төвд өнгөрүүлдэг.
Өдөр өнжүүлэх төв хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг гэж эцэг эхчүүдийн 92 хувь нь үзсэн ба төвд хамрагдсанаар 60 гаруй хувь нь маш сайн нөлөөтэй, 38 хувь нь нөлөөтэй ч сайжруулах зүйл бий гэж хариулсан нь өдөр өнжүүлэх төвд хамрагдах нь хүүхдэд үр өгөөжтэй боловч цаашид сайжруулах зүйл байгаа нь харагдаж байна.
Хоол ундны чанарыг 78 хувь нь хангалттай, 12 хувь нь дунд зэрэг хангалттай гэж үзсэн байна. Өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг эцэг эхчүүдийн 87 хувь нь сайн, 8 хувь нь дунд гэж хариулсан нь эдгээр төвүүдийн үйлчилгээ боломжийн сайн байгаа мэт харагдаж байгаа боловч хүүхдүүд тэнд хөгжиж байгаа эсэх, орчин нөхцөл, 1 хүүхдэд ногдож байгаа зай талбай ямар байх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эцэг, эхчүүдийн ойлголт төдийлөн сайн биш байгаа тул сайн гэсэн хариулт өгч байгаа нь ажиглагджээ.
СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Холбоотой мэдээ