Газрын салбарын эрдэмтэн, Монгол Улсын зөвлөх инженер Сүрэнхүүгийн Сайнбаярыг зочныхоо ярилцлагад урилаа. Тэрээр ОХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг газар зохион байгуулагч, инженер мэргэжлээр 2004 онд дүүргэсэн. Улмаар төгссөн сургуулийнхаа урилгаар докторантурт суралцаж 2009 онд эрдмийн зэрэг хамгаалжээ. Одоо ХААИС-ийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийн эрхэлж буй ажлын талаар товч танилцуулж болох уу?
-Би ХААИС-ийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч. Манай тэнхим нийт 24 багштай үүнээс ОХУ, БНХАУ, Япон болон дотоодод эрдмийн зэрэг хамгаалсан 10 доктор багш ажиллаж байна. Тэнхимийн харьяанд Партизан дахь Геодезийн сургалтын төв, Гео мэдээллийн лаборатори, Газрын кадастрын мэдээллийн лаборатори, Бэлчээрийн газрын судалгааны лаборатори, Газар ашиглалт төлөвлөлтийн лаборатори, Газрын үнэлгээний лабораториуд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэнхим нь бакалаврын түвшинд Газар зохион байгуулалт, Газрын кадастр, Газрын үнэлгээ гэсэн 3 мэргэжлээр магистрын түвшинд Газар зохион байгуулалт, Газрын үнэлгээ ашиглалт, Газрын кадастр, Газарзүйн мэдээллийн систем, гэсэн 4 чиглэлээр, Докторын түвшинд Газар зохион байгуулалт чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
-Танай тэнхим ямар чиглэлээр судалгаа хийж байна?
-Салбарт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй судалж шийдвэрлэх нь судлаач хүний үүрэг, хариуцлага гэж боддог. Энэ агуулгаараа бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөлтийн аргазүй, тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, газрын эдийн засаг, газар өмчлөлийн асуудлууд болон олон улсад нэвтэрч буй салбарын шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Бид зөвхөн мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргахаас гадна төгсөгч нарынхаа хийх ажил ирээдүйд нь санаа тавьдаг. Энэ үүднээс салбарын яам, агентлагтай хамтран үйлдвэрлэл рүү чиглэсэн нэлээдгүй ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн үүний нэг жишээ нь ГЗБГЗЗГ, МГЗБХолбоо хамтран 2014 оноос гурван сумын жишээн дээр “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах төслийн ажлыг багаараа амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажил маань үйлдвэрлэлд нэвтэрснээр улс орны хөгжил ялангуяа сум орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой ажил болсон.
-Газрын салбарын боловсон хүчнийг бэлтгэж байгаагийн хувьд та энэ салбарын хөгжлийг, боловсон хүчний чадавхийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Газрын салбарын мэргэжилтнүүд дотооддоо 1990 оны сүүл үеэс бэлтгэгдэж эхэлсэн. Газрын салбарт мэргэшсэн боловсон хүчний эрэлт өндөр хэвээр байна. Энэ салбарт мэргэжилтэн болох залуусын хүсэл сонирхол ч нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд ГЗБГЗЗГазар, аймаг нийслэл дүүргийн газрын албанаас эхлээд 365 суманд даамлууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Усны сав газруудад газрын мэргэжилтэнүүд ажиллаж байна. Үүнээс гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, геодези зураглалын 150 гаруй газрын мэргэжлийн 80 гаруй хувийн компаниуд энэ салбарын төлөө ажиллаж байна. Манай салбарын мэргэжлийн онцлог бол бүх салбартай холбогддог мэргэжилтэн газрын хууль эрхзүйг мэдэхээс гадна байгаль орчин, хөдөө аж ахуй, техник, технологийн зэрэг олон талын мэдлэгтэй байхыг шаардаж байдаг. Газрын харилцааны салбар олон шинжлэх ухааны уулзвар дээр оршдог, тухайн мэргэжилтнээс олон төрлийн мэдлэг ур чадварыг шаардаж байдаг. Бакалаврын түвшинд бол үндсэндээ хууль эрхзүй, техникийн шинжтэй асуудлуудаа түлхүү эзэмшдэг. Харин магистр, докторын түвшинд газар төрийн үндэс, улсын бодлогын гол обьект гэдэг утгаараа хууль эрх зүй, бодлого менежмент, газрын эдийн засгийн асуудлыг түлхүү судалдаг. Тийм учраас манай салбарын мэргэжилтэнүүд хөрвөх чадвар сайтай байдаг.
-Та ямар сэдвээр эрдмийн ажилаа хамгаалсан бэ?
-ШУА-ийн харьяа Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар 2004 онд ажлын гараагаа эхэлсэн. Одоо эргэн дурсахад Монгол орныхоо газар нутгаа танин мэдэж олон сайхан эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж их зүйлийг таньж мэдэн амьдралын гараагаа зөв эхэлсэндээ үргэлж талархаж явдаг. Газар зүйн хүрээлэнд ажиллаж байхдаа хөрсний үнэлгээ, газар ашиглалтын зураглал, бүсчилсэн хөгжил, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын үндэс, газрын төлөв байдал бохирдол, мониторингийн чиглэлээр судалгааны ажлуудад оролцож байлаа.
2009 онд “Монгол орны газрын шинэтгэлийн эдийн засгийн болон нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын үндэс” сэдвээр эрдмийн зэргээ хамгаалж эдийн засгийн ухааны доктор болсон.
-Танай салбар авлигын индексээр байнга тэргүүлдэг үүнийг юу гэж боддог вэ?
-Авлигын индексийн хувьд хаана эрэлт хэрэгцээ их байна тэнд байнга хардалт байдаг. Газар хязгаарлагдмал бөгөөд дахин давтагдашгүй нөөц баялаг газраа авсан иргэд сэтгэл хангалуун байдаг бол авч чадаагүй иргэд буруу ойлголттой үлддэг. Гэхдээ өөрөө газар авах хүсэлтээ нэг удаа ч гаргаагүй байж газрын албад авлига авдаг гэсэн ойлголттой иргэд ч их таардаг. Мөн салбарын мэргэжилтнүүд дунд төрийн эрх мэдлийг буруугаар ашиглан хувьдаа завших иргэд аж ахуйн нэгжээс авлига хээл хахууль авч холбогдох хариуцлагаа хүлээж ажлаас халагдсан, хорих ял шийтгэл авсан хүмүүс өнгөрсөн түүхэнд гарч байсан. Гэвч мэргэжилтэнүүд маань тийм биш цөөн тооны мэргэжлийн бус ар өврийн хаалгаар томилогдсон албан үүргээ мөнгө олох хэрэгсэл гэж хардаг нөхөд тийм зүйлд холбогддог энэ нь газрын алба гэлтгүй өнөөгийн нийгмийн эмгэнэл юм даа.
-Газрын салбарын мэргэжилтнүүдийн өмнө тулгамдаж буй гол асуудлууд юу байна вэ?
-Иргэд олон нийт газрын мэргэжилтнүүдийг зөвхөн төрийн албан хаагчдаар төсөөлдөг, манай салбарт газрын хуулийг хэрэгжүүлж иргэд олон нийтэд үйлчилж байгаа төрийн албан хаагчдаас гадна бүх шатны газрын судалгаа хийж буй судалгааны байгууллагууд, геодези зураглал, газар зохион байгуулалт төлөвлөлт, газрын бүртгэл мэдээллийн сангийн мэргэжлийн байгууллагууд зэрэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн салбар юм. Манай газрын салбарын орон тоо, бүтэц зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу жилээс жилд өргөжин нэмэгдэж, газрын харилцаанд оролцогчид улам ихэсч ачаалал маш их болж байгааг дээр дурдсан. Хамгийн их ачаалалтай хүнд нөхцөлд ажилладаг сумдын даамлуудын хувьд төрийн албаны хамгийн доод зэрэглэлд хамгийн бага цалинтай ажиллаж байна. Улс төрөөс шалтгаалан тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хүнд байна. Газрыг зүй зохистой тогтвор суурьшилтай ашиглахад түүнийг хариуцаж буй даамал тогтвортой ажиллах ёстой. Газар төлөвлөлтийн үр дүн өгөөж нь урт хугацаанд гардаг гэтэл манай эрх мэдэлтнүүд газрын мэргэжилтнүүдээ улс төрийн шалтгаанаар байнга сольж мэргэжлийн бус томилгоо хийсний хор уршиг нь өнөөдөр нийслэлээс эхлээд сум орон нутагт их гарч байна. 90 оноос газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө алдагдсан. Замбараагүй газар олголт, төлөвлөгөөгүй гэр хороолол, стандартгүй барилгажилт энэ бүхний хор уршиг нь өнөөдрийн түгжрэл, хөрсний бохирдол, утааны асуудал юм. Ойрын хугацаанд гэр хорооллын асуудлыг шийдвэрлэхгүй бол өнөөдрийн байдлаас илүү аюул, эрсдэлд орно. Үүнийг шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаатай шийдвэрлэх ёстой. Бидэнд боломж байна.
– Тухайлбал та бүхэнд ямар боломж байна вэ?
Хотыг олон төвтэйгээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг манай судлаачид гаргасан. Энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажил. Мөн монгол улс маань нэг хүнд ноогдох газрын хэмжээ нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг боловч хүн амын 60 хувь нь нийслэлд төвлөрч байна. Төр засаг ч иргэн ч бодох ёстой. Гэр хорооллын иргэдийг орон нутаг руугаа шилжихэд төр засаг бүх талын дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу гэр хорооллын иргэдэд орон нутагт ашиглалтгүй байгаа газруудыг эзэмшүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар орон нутгыг хөгжүүлж хотын төвлөрлийг сааруулах боломжтой.
-Газрын асуудал бол олон нийтийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг сэдэв яах аргагүй мөн. Газар өмчилж авах тал дээр иргэдэд боломж тэгш бус байгаа нь үнэн. Салбарын зөвлөх инженер хүний хувьд ямар гарц, гаргалгааг хэлэх вэ?
-Газартай холбоотой зөрчил маргаан жилээс жилд ихэсч байна. Газар өмчлөх, өмчилсөн газраа эргэлтэд оруулахыг иргэд аж ахуйн нэгж, компаниуд хүсч байна. Салбарын багц хуулиуд өргөн барьсан боловч батлагдахгүй байна. Тэр хэрээр нийгэмд газартай холбоотой олон асуудлууд шийдлээ хүлээж байна. Эхний ээлжинд газрын талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгох ёстой, ингэснээр бүх нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрнэ. Хийрхэл, хардалт, улстөржилтүүд цэгцлэгдэнэ. Үүний дараа газрын бодлогодоо нийцсэн Газрын тухай багц хуулиа батлах шаардлагатай. Салбарын хуулиудаас гадна түүнтэй уялдан гарах дүрэм журам, норм стандартуудыг боловсруулах, олон улсад нэвтэрч буй шинэ техник технологиудыг өргөнөөр нэвтрүүлэх хэрэгцээ байна. Салбарын бүтэц тогтолцоог олон улсын сайн жишгүүдээс үлгэрлэн өөрийн орны онцлогт тохируулан гаргах хэрэгтэй. Газрын асуудал онцгой асуудал тул газрын харилцаанд оролцогч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Газар өмчлөлийн чиглэлд орон нутагт аж ахуй эрхлэх газраа өмчлөн иргэн бүр ашиг орлоготой амьдрах нөхцөлийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай. Улс нутагшил суурьшлын бодлогод суурилсан газраа бүрэн дүүрэн, үр ашигтай ашиглах хууль эрхзүйн болон эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
-Газар эзэмшиж байгаа иргэдийн хувьд ч элдэв маргаан тасардаггүй. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?
-Газар эзэмшиж байгаа иргэдийн хувьд хууль эрхзүйн мэдлэгтэй байх ёстой. Газар маань дахин давтагдашгүй юугаар ч орлуулж үл болох суурь баялаг юм. Ийм учраас газраа хэрхэн яаж эдийн засгийн хувьд үр ашигтай, экологийн хувьд эвдрэл элэгдэл багатай байлгаж урт хугацаанд ашиглаж эзэмших талаар газар эзэмшигч, ашиглагч иргэнээсээ эхлээд аж ахуйн нэгж, орон нутгийн засаг захиргаа, Засгийн газар, УИХ нь тодорхой бодлого, зарчимтай байх ёстой.
Энгийнээр хэлэхэд иргэд газрынхаа төлөв байдал чанарын үзүүлэлтийг цаг хугацаанд нь хийлгэж, тухайн газартаа тохирох газар төлөвлөлт хийж хөрөнгө оруулалтаа оновчтой хийх хэрэгтэй. Ийм мэдлэггүй бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Учир нь газарт оруулсан хөрөнгийг эргэн авах боломжгүй, зөв хөрөнгө оруулвал газар үр шимээ өгнө буруу хөрөнгө оруулвал юу ч үгүй үлдэнэ. Газрын салбарын зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгуулагууд, тухайн салбарын ТББ, олон нийтийн байгууллагуудаас авч болно.
-Гадны улс орнууд газрын бодлогодоо онцгойлон анхаарч байгаа сайн жишээ гэвэл юуг хэлэх вэ?
-Азийн ихэнх оронд газрын асуудал хариуцсан яамдыг байгуулан ажиллаж байна. Гадаадын улс орнууд төр оршихын үндэс нь газар нутаг гэж үздэг тул газрын салбартаа онцгой анхаардаг. Улс орнууд газрын нөөцийг тэгш шударга хуваарилах, газрын засаглалыг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил Индонези улсад болсон дэлхийн газрын чуулганаас Бандунгийн тунхаглал гарсан. Тунхаглалын гол агуулга нь тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд газрын засаглал асар чухлыг тодотгохоос гадна газрын тэгш шударга хуваарилалт, эрх мэдэлтэй, баячуудын мэдэлд газрын эрх хэт ихээр төвлөрүүлэхээс сэргийлэх чиглэлээр зөвлөмжүүд гаргасан. Газрын эрх болон нөөц тэгш шударга бус хуаарилагдаж эхэлвэл улс оронд үймээн самуун дэгддэгийг олон орны туршлага харуулж байна. Олон улс, дотоодын нөхцөл байдлуудыг ажихад эдийн засгийн гол нөөц хүн, газар, хөрөнгө гэж үздэг. Жилээс жилд хүний нөөц болон санхүүгийн нөөц нэмэгдсээр байна. Харин газрын нөөц багасч улам үнэ цэнэтэй болж байна. Бид газраас бүх хүнс, нөөц хэрэгцээгээ хангадаг. Өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг улс орнууд хангаж чадахгүй байна. Энэ чиглэлд НҮБ, олон улсын байгууллагууд онцгойлон анхаарал хандуулж байна. Монгол улс газрын нөөцөө зөв менежментээр удирдаж чадвал эдийн засгаа сэргээх, улс орноо өөд нь татах, хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж бий.
Холбоотой мэдээ