Газар дундын тэнгист хоёр усан онгоц сүйрсний улмаас дотор нь сууж явсан нийт 170 цагаач ор сураггүй алга болсон байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр өнгөрөгч Баасан гаригт /2019.01.18/ Италийн аврагчид Газар дундын тэнгисээс Суданы гурван цагаачийг аварсан байна. Цагаачдын хэлснээр тэдний сууж явсан усан онгоц нь Ливиэс хөдлөөд удаагүй байхдаа живсэн бөгөөд бусад 117 зорчигчийн хувь заяа хаашаа эргэсэн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.
Үүнээс гадна Пүрэв гаригт /2019.01.17/ Африкийн цагаачид, дүрвэгчдийн сууж явсан бас нэг усан онгоц Испанийн эрэг рүү хүрэхээр явах замдаа Газар дундын тэнгист осолдсон байна. Зорчигчид дундаас нэг л хүн аврагдаж, бусад 53 хүн ор сураггүй алга болсон. Марокко болон Испанийн аврагчид хөлөг онгоцонд явж байсан цагаачдыг эрэн хайх ажиллагааг явуулсаар байна.
Сураггүй алга болсон дүрвэгч, цагаачдыг эрэн хайхад улс орнуудыг туслалцаа үзүүлэхийг хүссэн мэдэгдлийг өнгөрсөн Бямба гаригт /2019.01.19/ НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди хийжээ.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр 2019 он гарсаар Газар дундын тэнгист завь, хөлөг онгоцтойгоо осолдож, нас барсан хүний тоо аль хэдийн 200 давсан байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ