Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадах уу?

Монголын улс төрийн амьдрал галт уулын халуун тогоо мэт оргилон буцалж, үнс нурмаа хайр найргүй цацаж байна. Парламентын үнэмлэхүй олонх эрх баригч Монгол Ардын нам дотоод тэмцлээ дийлэлгүй нуран унаж байна. Хэдийгээр эрх баригч улс төрийн намын хагарал Монголын улс төрийг хямрааж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ 1990 онд сонгосон ардчиллын зам мөрт нийцэх улс төрийн хүчин төлөвшиж чадсангүйн горыг амсч байна.

Эрх мэдэл, эд мөнгөнд мэлмий булингартаж, ухаан самуурдаг Монголын өвөг дээдсийн түүх давтагдаж байна.

Төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн наймаалцсан, жирийн шударга иргэдэд очих ёстой татварын мөнгө улс төрийн намаар дамжин төрийн эрх мэдэлд хүрсэн сувдаг сэтгэлтнүүдийн хөрөнгөө үржүүлэгч болсон гэдэг бол иргэдийн дургүйцлийг хүргэх хангалттай шалтгаан.

Өнөөдөр идэх хоол, өмсөх хувцас дутуу байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтнээс болсон, өөрт очих ёстой боловч хууль бусаар хэн нэгэнд очсон гэдгээ мэдэх нь хэнд ч дараа бологүйгээр өөрөө өөрийгөө  болгож амьдрах гэсэн чин хүсэлтэй иргэний дургүйцлийг хүргэх зүйл мөн.

Аль XVII зуунд Францын хаант засаг улсын сан хөмрөгөө хоосруулахгүйн тулд төрийн албыг үнэлэн зарж эхэлсэнийхээ үр дагаврыг түүхэнд Францын хувьсгал гэж нэрлэгдсэн их хувьсгалын үеэр амссан байдаг. Төрийн албаа хүчирхэг болгож чадаагүй, баян феодалуудынхаа дургүйцлийг хүргэхээс айж татварын хамаг дарамтыг жирийн иргэдийн нуруун дээр буулгасан арчаагүй байдал нь хилэгнэсэн олны өмнө хааны толгой цаазын тавцнаас өнхрөн унах байдалд хүргэсэн. Хэдийгээр Францын хувьсгалаас хойш хэдэн зуун өнгөрч дэлхийн улс орнуудын улс төрийн хөгжил шинэ шатанд гарсан ч эрх мэдэл, мөнгөний өмнө сөхөрдөг хүний төрөлх араншин хэвээр. Тиймээс ч төрийн албыг наймаалцдаг, авлигаар төрийн ажлыг явуулдаг арчаагүй төртэй улс орон байсаар байгаагийн нэг нь Монголын төр болж байна. Эрх мэдэл, албан тушаалыг наймаалан авч хүний мөнгөөр жаргаж байгаа хүмүүс энэ жаргалаа бусадтай хуваалцах, бусдад алдах туйлын дургүй учраас араас нь орж ирэх шинэ хүмүүсийн замыг хаах, бүүр болохгүй бол үр удамдаа төрийн албыг "залгамжлуулан" өгөх замыг сонгодог. Энэ нь одоогийн яриад байгаа МАНАН, 30 гэр бүлийн асуудал юм.

Өнөөдөр Монголын улс төрд хүчний дахин хуваарилалт явагдах нь тодорхой болсон. Гэвч өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд эрх барьж ирсэн хоёр нам болох Монгол Ардын нам, Ардчилсан нам, энэ хоёр намыг төлөөлөх улстөрчид нэгэнт нэр нүүрээ алдсан бас тодорхой. Компаниар төсөөлж яривал дампуурлаа зарласан нь үнэн.

Эх орон, ард түмний нэрийг барин цээжээ дэлдэж, өөрөө л цэвэр ариун, бусад нь гараа бузарласан мэт ярих улстөрчдөд итгэх итгэл үгүй болсон. Хэрүүлээр харилцан ярилцаж хүнийг инээлгэдэг хошин шогийн тоглолтыг мөнгө төлж үзсэнээс улстөрчдийн хэрүүлийг телевизээр үнэ төлбөргүй үзэх нь иргэд өөрийгөө зугаацуулах хялбар арга болсон. Нэгэнт алдсан нэр хүндийг эргэж сэргээх амаргүй гэдгийг ”нэр хугарахаар яс хугар” гэдэг үгээр хялбархан хэлчихсэн байдаг.

Улс орныхоо төлөө санаа зовж байгаа хүн бүрийн толгойд тэгээд дараагийн удирдагчид хэн юм бэ гэсэн бодол эргэлдэж байна. Өнөөдрийн нөхцөлд хоёр намыг орлон гарч ирэх зохион байгуулалттай, чадавхтай улс төрийн хүчин алга. Ийм нөхцөлд нэгэнт дампуурсан Монголын улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж, шинээр төрж чадах уу гэсэн асуулт хариулт хайж байна. Энэ асуултын хариуг хаанаас, хэнээс хайх вэ? Ерөнхийлөгчөөс  үү, Спикерээс үү, Ерөнхий сайдаас уу? Цэвэрлэгч нь хэн бэ? Түүхийн бүхий л цаг хугацаанд нийгмийг цэвэрлэгч хүчин нь ард иргэд байсан. Яагаад гэвэл тэд олонх. Энэ цэвэрлэгээ түүхийн цаг үеэ дагаад олон янз хэлбэртэй байсан. Буу, шийдэм бариад тэмцдэг үе харин өнгөрсөн. Ардчилсан нийгмийг сонгосон монголчуудын давуу тал энэ үед гарах учиртай, энэ бол харилцан ойлголцох, харилцан зөвшилцөх, харилцан буулт хийх зам. Өөрөө өөрийгөө цэвэрлэх процесс буугүйгээр, гэхдээ хуультайгаар явагдах учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж