Ж.Гончигсүрэн: Өвгөдөд амгалан, залуус, нялхаст ширүүн байна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Ж.Гончигсүрэн: Өвгөдөд амгалан, залуус, нялхаст ширүүн байна

Ж.Гончигсүрэн: Өвгөдөд амгалан, залуус, нялхаст ширүүн байна

Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн нэгний өдөр ирэх сарын 5-ны өдөр тохиож буй. Сар шинийн босгон дээр VII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу. Удахгүй Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болно. Танай хийдэд засал ном хийлгэх гэсэн олны хөл тасрахгүй байх шиг харагдана?

-Сайхан өвөлжиж байна. Цагаан сарын баяр бол монголчуудын их ач холбогдол өгдөг баяр шүү дээ. Нэгдүгээрт, нас нэмсний баяр. Хоёрдугаарт,  ахмадаа хүндэлж, ёс заншлаа дээдлэн, ураг төрлөө мэдэлцдэг эрхэм баяр. Тийм учраас цагаан сарын баярт хүн бүр хүндэтгэлтэй ханддаг. Тухайн жилийн ноён нурууг хаврын урь орсон өдрийн махбодийг үхэр зургаар тооцон бодож гаргадаг. Миний багш 1960 оноос 1994 он хүртэл Гандантэгчинлэн хийдийн цагалбарыг төвд хэлээр зохиож, гаргадаг байсан. Би 1985 онд Шашны дээд сургуулиа төгсөөд багшийгаа дагаж төвд хэлнээ цаглабар гаргаж, хамба ламдаа барьдаг байсан. Дараагаар нь 1994 оноос эхлэн бараг 30 орчим жил цаг тооны бичгийг гаргаж, сүсэгтэн олонд хүргэж байна. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийд нь зурхайн үйл ажиллагаа явуулдаг хийд. Тэр ч утгаараа сүсэгтэн олон өргөнөөр ирж, засал номоо хийлгэдэг.

-Танай хийдээс шороон гахай жилийн шинэ цагалбараа гаргажээ. “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн өнгө ямар байна вэ?

-Шороон гахай жилийн тухайд цагалбарт дурдсанаар хур бороо элбэгтэй өвс ногоотой ихтэй сайхан жил гарахаар байна. Ер нь жилийн өнгө ямар байх вэ гэдэг нь Монголын бүх ард түмнээс шалтгаална. Ганцхан хүнээс шалтгаалахгүй шүү дээ. Хүний бие, хэл, сэтгэлээр хийсэн үйлээсээ шалтгаалж, байгаль дэлхий хүртэл бас араншингаа үзүүлдэг. Тийм учраас бүгдээрээ хэлж байгаа үг, хийж буй үйлдээ хянамгай хандаарай. Үхэр зурлагын байцыг харахад өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн гэсэн байна. Мөн хүйтэн болон бадган өвчин дэлгэрнэ. Улс эх орноороо ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч болзошгүй. Төрийн хууль цааз чангарна гэсэн ерөнхий зураг гарчээ.

-Жил орж буй хүмүүс юуг анхаарах вэ. Шороон гахай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх вэ?

-Зурхайн ёсонд мэнгэ голлох, суудал өнцөгдөх, наш дүрсэмдэх буюу гурван жил дараалж орж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэдэг. Мөн гахай жилтэй хүн бүр ижил засалтай байдаггүй. Бүр хоёр ихэр хүн хүртэл өөр өөрийн хувь заяатай төрдөг. Яагаад гэвэл төрсөн цагийн зөрүүгээр өөр өөр байдаг. Тэгэхээр хүн бүрийн хувьд 24 улирал, 30 хоног, шүтэн барилдлага, есөн мэнгэ нь өөр өөр байдаг юм. Тиймээс хувь хүн бүр өөрийнхөө заслыг харж байгаад тохирсон заслаа хийлгээрэй. Жилийн заслын хувьд хүн бүрийн насны суудлууд нь өөр байдаг учраас өөрийн заслаа хийлгэнэ. Ер нь байгаль дэлхийн од эрхэс хүмүүний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Гэхдээ жилийн  заслаа заавал хий гэсэн үг биш. Хүн өөрийн болон бусдын төлөө сүсгээрээ заслаа хийлгэвэл сайн. Мухар сүсгээрээ биш учир шалтгааны үүднээс засал номоо хийлгэвэл зохистой.

-Шинийн нэгний өглөө эртлэн өөрийн сайн зүг рүү мөрөө гаргадаг уламжлалтай. Мөр гаргах ёсны утга учрын талаар тайлбарлаж өгөөч?

-Бурхны номонд заавал мөрөө гарга гэсэн зүйл байхгүй. Ер нь зүгийн хорлол их бий. Энийг цайруулахын тухайд дөрвөн муу, дөрвөн сайн зүг гэж бий. Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн өөрийнхөө буян хишгийнхээ зүг рүү мөрөө гаргадаг ёсон буй. Харин шинийн нэгний өглөө хар нохойн ам буюу зүүн хойшоо зүглэхгүй байвал сайн. Хуучин цагт болбол мориныхоо уяан дээрээс өрхийн тэргүүн эхэлж, мөрөө гаргаад бусад гишүүд нь араас нь мөр гаргадаг уламжлалтай байсан. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд мөрөө гаргадаг болсон. Орчин цагт бизнес наймаа хөгжиж, бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд шинийн нэгэнд зөв зүг рүү мөрөө гаргая гэдэг болсон байна.

-Бас ард иргэд шинийн нэгний өглөө овоон дээр гарч ургах нартай золгодог. Энэ нь зөв үү?

-Хүмүүс овоон дээр гарч шинийн 1-ний нарыг харах нь зөв л дөө. Жишээлбэл, Тасганы овоон дээр гарч, байгаль дэлхийгээ аргадаж, идээ будаа өргөдөг шүү дээ. Ингэхдээ иргэд маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүйгээр хогоо уутлаад явдаг байх хэрэгтэй. Бас овоон дээр очоод сүү өргөж байна гээд бусдын дээл хувцас, эдийг хохироож болохгүй. Тиймээс байгаль дэлхийдээ болон бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

-Цагаан сарын баяр тэр чигээрээ л хүндэтгэлийн баяр ажээ. Та уншигчдад маань цагаан сарын зарим ёс заншлаас ярьж өгөөч?

-Цагаан сарын баяраар үнэтэй үнэгүйдээ бус бүтэн хувцастай л байх нь чухал. Монгол хүн ахмад настантайгаа золгохдоо хүртэл дээлнийхээ товчийг бүрэн товчилдог ёстой. Орчин цагийн залуус малгайгаа буруу харуулж өмссөн харагддаг. Оршуулгад оролцож буй хүн малгайгаа буруу харуулж өмсдөг учиртай. Гэтэл одоо малгайгаа буруу харуулах нь моод болоод байна. Мөн  цоорхой жинсэн өмд өмссөн хүн ганган болдог болжээ. Хамгийн гол нь өвчин зовлонгүй бүрэн бүтэн байх нь чухал. Монголчууд “Мөр бүтэн, гэдэс цатгалан” гэж ярьдаг шүү дээ. Уламжлалт баяраараа сайхан ёс заншилтай танилцаж, бусад ах дүү нартайгаа танилцана. “Хэний гэр бүл нэмсэн байна” гээд ургийн бичиг хөтөлдөг болсон байна. Тиймээс уламжлалт цагаан сарын баярын гол утга учир нь хүнийг хүндэтгэх ёсон. Хүнийг хүндэтгэх ёсыг л авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй. Мэдээж ирсэн зочдодоо ямар нэгэн харамын сэтгэлгүйгээр гар цайлгах сэтгэлийн өглөг өгнө.

-Та өнгөрсөн жил түүхч С.Баатартай хамтран алдарт Адарсүрэн маарамбын талаар түүхэн ном бичсэн гэв үү?

-Би өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сум дахь Яруугийн хийд хэмээх хуучны хийдийн түүхийн талаар ном бичсэн. Хуучин 17 дугантай байсан хийдийн түүхийг гаргахдаа алдарт Адарсүрэн маарамбын нэрээр номоо нэрлэсэн. Цаашдаа энэ уламжлалт зан заншил, хүрээ хийдийг сэргээх хэрэгтэй гэдгийг номоороо дамжуулан хэлсэн хэрэг. Манай улсад 700 гаруй сүм хийд устсан гэсэн мөртлөө ийм эрдэм номтой лам хуврагууд, бичиг соёлын өв байсан тухай дурдсан баримт ховор байдаг. Миний авга, нагацууд удмаараа энэ хийдэд сууж байсан юм билээ. Цаашдаа хойч үеэ бэлтгэхэд анхаарна. Одоогоор 120 хүүхдийн “Зээмаа” цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн ахмадын сувилалын газар байгуулсан. Хийд дотроо хүүхдийн үс авах угаалга хийх зэрэг ёс заншлын өргөө болон билэг дэмбэрэлийн өргөө шинээр нээсэн. Энэ мэт ард иргэдээс гадна гадаадын жуулчдад уламжлалт зан заншлаа хэрхэн танилцуулах талаар чиглэж ажиллахаар хичээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж