Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсны хоёр жилийн ой өчигдөр /2019.01.20/ боллоо. Мексикийн хил дээр хана барих асуудлаар Ардчилсан намын гишүүдтэй санал зөрөлдөж, Засгийн газрынхаа үйл ажиллагааг нэг сар орчим хугацаанд зогсоогоод байгаа, мөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялахад ОХУ нөлөөлсөн зэрэг асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа ч түүний рейтинг 40 хувьтай буюу харьцангуй тогтвортой байгаа аж.
Гэхдээ өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон АНУ-ын завсрын сонгуулиар Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан олонх болсон нь түүний байр сууринд сөргөөр нөлөөлж болох юм.
Д.Трампын Ерөнхийлөгчийн албыг хашсан хоёр жилийн хугацааг дүгнэн үзвэл:
БИЕЛҮҮЛСЭН АМЛАЛТУУД
Татварын хэмжээг бууруулах
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Д.Трампын хамгийн их оноо авсан мөрийн хөтөлбөрийн биелэлт бол татварыг бууруулсан явдал байлаа. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын түүхэнд сүүлийн хэдэн арван жилд байгаагүй их хэмжээгээр татварыг багасгах тухай тогтоолд гарын үсэг зурсан.
Ираны цөмийн хэлэлцээрээс гарах
Д.Трампын мөрийн хөтөлбөрт тусгагдсан өөр нэг чухал зүйл бол Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргах байв. Эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг нь цуцалсны хариуд Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улс байгуулсан билээ. Харин Д.Трамп 2018 оны тавдугаар сард Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаар шийдвэрлээд зогсохгүй арваннэгдүгээр сард нь тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
НАТО-ын төсвийг нэмэгдүүлэх
НАТО-ын гишүүн улс орнууд батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө мөнгө хуваарилахгүй байгаа нь Умард Атлантын цэргийн эвслийн аюулгүй байдлыг ганхуулж байна хэмээн Д.Трамп шүүмжилсээр ирсэн билээ. Тиймээс Д.Трамп цэргийн холбоотон орнуудынхаа удирдагчтай маргаантай хэлэлцээр өрнүүлсний үр дүнд 2018 оны долдугаар сард тэднээс батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийн хэмжээгээ нэмэгдүүлэх амлалтыг авч чадсан. Ингэснээр НАТО-ын санхүүжилт ч нэмэгдэх юм.
Ахмад дайчдад туслах шууд утсыг ажиллуулах
АНУ-ын ахмад дайчдад тулгамдаж буй асуудлаа бодит хүнтэй ярилцаж, зөвлөгөө туслалцаа авах боломжтой, 24 цагаар ажилладаг шууд утсыг 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллуулж эхэлсэн.
Цалин авахгүй байх
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Ерөнхийлөгчийн сарын цалин болох 400,000 ам.долларыг авахгүй гэдгээ мэдэгдсэн.Тэгвэл Д.Трамп энэ амлалтаа биелүүлсээр байгаа бөгөөд сарын цалингаараа хандив өргөж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс гарах
Парисын хэлэлцээрээс гарах тухай Д.Трамп кампанит ажлынхаа үеэр маш их ярьсан. Тус хэлэлцээрт нэгдсэн 200 орчим улс орнууд нь хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээдэг билээ. Экс Ерөнхийлөгч Б.Обама хууль тогтоох байгууллагаасаа санал хураалгүйгээр өөрийн бүрэн эрхээ ашиглан Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Харин 2017 оны зургадугаар сард АНУ-ыг тус хэлэлцээрээс гаргасан тухайгаа Д.Трамп зарласан байна.
“Исламын улс”-ыг бөмбөгдөх
Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Исламын улс” бүлэглэлийг бөмбөгдөж, нухчин дарах болно хэмээн амлаж байсан. Харин 2017 оны зургадугаар сард АНУ-ын арми хамгийн том цөмийн бус бөмбөгөө Афганистан дахь “Исламын улс”-ын байрлал дээр хаясан.
ЭСЯ-аа нүүлгэх
Д.Трамп 2018 оны тавдугаар сард мөрийн хөтөлбөрийнхөө бас нэг амлалтаа биелүүлсэн нь Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэсэн явдал байлаа. Израиль, Палестины хооронд маргаантай байдаг Иерусалимыг олон улсын хамтын нийгэмлэг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрдөггүй.
БИЕЛҮҮЛЖ БУЙ АМЛАЛТУУД
“Obamacare” бодлогыг эцэс болгох
“Obamacare” буюу эрүүл мэндийн даатгалын тухай багц хуулийг хүчингүй болгох тухай амлалтыг Д.Трамп өгч байсан. Өндөр өртөгтэй эмчилгээг нийгмийн бүх давхаргад ижил тэгш хүртээх агуулга бүхий тус хуулийг экс Ерөнхийлөгч Б.Обама Конгрессын эсэргүүцэлтэй тулгарсны эцэст батлуулж байв. Харин Д.Трамп энэ хуулийг хэт үрэлгэн, төсөвт дарамт учруулдаг хэмээн шүүмжилдэг. Мөрийн хөтөлбөртөө тусгасан тус амлалтаа биелүүлэхийг хичээсний эцэст хуулийн агуулгад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж чадсан.
Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийг багасгах
Д.Трамп кампанит ажлынхаа үеэр Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Унтай уулзаж, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох асуудлаар ярилцана гэж байв. Харин 2018 оны долдугаар сард АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар уулзаж, солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар санал нэгдсэн. Гэхдээ хоёр улс солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлаар зарчмын ялгаатай байр суурийг баримталсаар байгаа юм. Энэ асуудлаар Д.Трамп, Ким Жон Ун нар ирэх сарын сүүлээр дахин уулзаж, ярилцахаар болсон.
Куб дахь Обамагийн бодлогыг өөрчлөх
Экс Ерөнхийлөгч Б.Обама Кубын асуудал дээр найр тавьсан бодлого явуулдаг байсан бол Д.Трамп харьцангуй хатуу бодлого баримтална гэж байсан ч Обамагийн хэрэгжүүлж байсан ихэнх бодлогыг өөрчлөөгүй.
БИЕЛҮҮЛЭЭГҮЙ АМЛАЛТУУД
Мексикээс мөнгө гаргуулж, өмнөд хил дээр хана бариулах
Д.Трамп Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа эхлүүлсний хоёр жилийн ой нь АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны Засгийн газрын “шатдаун” буюу түр зогсолттой давхцаж байна. Тэрбээр Мексикийн хил дээр хана бариулахад холбооны төсвөөс таван тэрбум ам.долларыг гаргуулахыг хүссэн ч Конгресс дахь Ардчилсан намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Эцэст нь АНУ-ын 2019 оны төсөв өнөөг хүртэл батлагдаагүйн улмаас Засгийн газар болон төрийн байгууллагууд дөрвөн долоо хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Харин Мексикийн Засгийн газраас хана барихад ямар ч санхүүжилт гаргахгүй гэдгээ мэдэгдсэн.
Хууль бус цагаачдад хатуу шийтгэл ногдуулах
Тэрбээр АНУ-д хууль бусаар ажиллаж амьдарч буй цагаачдад ногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх тухай хуулийг Конгрессоор батлуулна хэмээн амлаж байсан ч биелээгүй.
Эрүү шүүлтийн аргыг дахин нэвтрүүлэх
Обамагийн үед эрүү шүүлт хэрэглэх байцаахыг хориглосон бөгөөд Д.Трамп үүнийг өөрчилнө хэмээн амлаж байсан. Дотоодын аюулгүй байдалд хатуу байр суурь баримтлахаа илэрхийлсэн тэрбээр АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан, алан хядах бүлэглэлийнхэнтэй хатуу тэмцэнэ. Үүний тулд эрүүдэн шүүх арга техникийг ашиглана гэдгээ мэдэгдсэн юм. Ялангуяа “усан тавцан” гэгдэх толгойг нь усанд дүрэх аргыг хэрэглэнэ гэж удаа дараа хэлсээр ирсэн ч өнөөг хүртэл биелээгүй байна.
Жагсаал
Өнгөрөгч Бямба гаригт /2019.01.19/ буюу түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсны хоёр жилийн ойн өмнөх өдөр Вашингтон тэргүүтэй АНУ-ын хэд хэдэн хотод Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Тухайлбал, нийслэл Вашингтон хотод, Цагаан ордны ойролцоо хэдэн мянган эмэгтэйчүүд цуглаж, Д.Трампын эмэгтэйчүүдийг доромжилсон утгатай үгсийг ихээр хэлдэг хэмээн эсэргүүцэл үзүүлж, жагссан юм.
Сонгуульд дахин өрсөлдөх үү?
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа хэлсэн. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сар хүртэл Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших юм.
Эх сурвалж: Fox News