Гадаадын 52 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.20-нд нийтлэгдсэн

Гадаадын 52 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Гадаадын 52 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь орон нутаг дахь зургаан бүсийн газарт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Монгол Улсын 46 хилийн боомтод үүнээс Агаарын дөрөв, Монгол-Оросын 29, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаад Дорноговь аймаг дахь газрын үйл ажиллаагааг товч танилцуулья.

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн Сайдын эрхлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төлөөлөл нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол өнөөдөр 30 орчим алба хаагчтай, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Сайншанд, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Ханги боомтод төлөөлөлтэй томоохон газар болон өргөжжээ. Ингээд тус газрын дарга П. Тулгатай боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийнх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

– Дорноговь дахь газрын үйл ажиллагааны талаар танилцуулаач? Өдөр тутамдаа ямар чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

Манай Дорноговь аймаг дахь газар нь олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто зам болон төмөр зам, хоёр талын байнгын ажиллагаатай “Ханги” хилийн боомт болон Говьсүмбэр, Дорноговь аймгийг хариуцан ажилладаг. Замын-Үүд боомт бол БНХАУ-тай хиллэдэг хамгийн том боомт. Энэ утгаараа Замын Үүд-Эрээний боомт нь манай улсын хамгийн ачаалалтай боомт гэж хэлж болно. Тухайлбал тус боомтоор өдөрт дунджаар таваас долоон мянган иргэн зорчиж, манай талаас дунджаар 500-600 гаруй тээврийн хэрэгсэл өмнөд хөрш рүү нэвтэрдэг бол мөн ийм хэмжээний авто тээврийн хэрэгсэл өмнөд хилээс орж ирдэг. Манай газар ийнхүү Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын дагуу виз олгож, бүртгэл, хасалт хийнэ. Мөн иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, хяналт шалгалт явуулах, албадан гаргах зэрэг арга хэмжээг авч ажилладаг. Ер нь бол гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг.

– Авто замын боомт, төмөр замын боомтууд өөр өөрийн гэсэн онцлоготой байдаг байх. Энэ талаар тодруулья?

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу “Замын-Үүд” авто замын боомт нь өдөр бүр 08.00-18.00, “Замын-Үүд” төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. “Ханги” боомт нь ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Ер нь олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь гадаадын иргэдтэй холбоотой эрхлэх чиг үүргийн аливаа асуудлыг маш хурдан хугацаанд, шуурхай, оновчтой шийдвэрлэх шаардлагатай болдог. Тухайлбал төмөр замын боомт гэхэд зөрчил гаргасан этгээдийг нарийвчлан судлах, хууль хяналтын байгууллагуудаас асууж тодруулах, шийтгэвэр ноогдуулах, виз олгох, бүртгэл хасалт хийх гэх мэт шуурхай шийдвэрлэх асуудал их гардаг. Тэр ч утгаараа манай албан хаагчид тус боомт хоёр ээлжээр тасралтгүй үүрэг гүйцэтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

– Танай газрын хариуцсан харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт хичнээн гадаадын иргэн байна. Тэдгээр гадаадын иргэд ямар зорилгоор оршин сууж байна вэ?

Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 10 орны 152 иргэн түр ирэгч болон оршин суух зөвшөөрөлтэйгөөр ажиллаж, амьдарч байна. Эдгээр гадаад иргэдийн дийлэнхи нь хөдөлмөр эрхлэгчээр оршин сууж байгаа.

– Гадаадын иргэдийн хяналтыг хэрхэн явуулдаг вэ? Хилийн боомтууд дээр гардаг түгээмэл зөрчил юу байдаг вэ?

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг манай байгууллагаас тогтмол зохион байгуулж, хяналт тавьж байна. Мэдээж хяналт шалгалт явуулахад янз бүрийн зөрчил гарна. Үүнийг хяналтын улсын байцаагч нар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх хувийг оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлдэг. Үүнээс гадна, бичиг баримтаа биедээ авч яваагүй, хаягийн зөрчил гэсэн зөрчлүүд бий. Бид өнгөрсөн онд 14 орны 370 гаруй гадаадын иргэнд торгуулийн арга хэмжээ авч 66 сая 780 мянган  төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргадаг. Тухайлбал, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 51, ОХУ-ын нэг иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 339 тогтоолын дагуу Монгол Улсад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан албадан гаргасан. Мөн Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, зорилгоо тодорхойлж чадахгүй, зорилгоосоо өөр төрөл ангиллын визтэй, бичиг баримтын зөрчилтэй гадаадын 354 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авч ажилласан.

– Хилийн боомтууд дээр ямар төрлийн виз олгодог вэ?

Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу бүх төрлийн визийг олгоно, хамгийн гол нь визийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Манай газар өнгөрөгч 2018 онд хууль тогтоомжийн дагуу 35 орны 500 гаруй гадаадын иргэнд зохих ангиллын виз олгоод байна. Орон нутагт албан хаагчдын нийгмийн баталгаа болоод ажиллах, амьдрах орчин нөхцлөөр хэрхэн хангадаг вэ? Тус газрын албан хаагчдын дийлэнх нь томилогдон ажилладаг. Тэгэхээр гэр орноосоо хол ажиллаж байгаа албан хаагчдын хувьд ажиллах, амьдрах орчин нөхцөл маш чухал. Дорноговь аймаг дахь газар 2011 онд Замын-Үүд суманд 3 давхар өөрийн байртай болсон. Энэ байрныхаа 2, 3 давхарт албан хаагчдын амьдрах өрөөнүүдийг тохижуулж өгсөн. Ер нь байгууллагын удирдлагын түвшинд албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Үүний дагуу 2018 онд бид удирдлагаас өгсөн чиглэл, зааварчилгын дагуу мөн өөрсдийн санаачилгаар албан хаагчдын ая тухтай байлгахад чиглэсэн хэд хэдэн бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн, цаашид ч хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Түүнчлэн энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд манай хамт олны дундаас Гадаадын иргэн, харьяатын газрын “Хөдөлмөрийн аварга” тодорсон. Биднийг дулаан орчин нөхцөлд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлдэг сантехникч М. Лутбаяр маань 2018 оны байгууллагын хөдөлмөрийн аварга болж, хөдөлмөрөө үнэлүүлсэнд баяртай байгаа.

Ингээд тус газрын сантехникч М. Лутбаярын сэтгэгдлээс хуваалцлаа.

САНТЕХНИКЧ М. ЛУТБАЯР: ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН АЖИЛД ЭЗЭН БАЙХ НЬ ЧУХАЛ

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Энэ байгууллагад хичнээн жил ажиллаж байна?

-Намайг Марзын Лутбаяр гэдэг. Би Замын-Үүд сумын 8 жилийн дунд сургуулийг 1984 онд төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар төмөр замын Депод 25 жил ажилласан. Яг сантехникч мэргэжлээрээ тасралтгүй 23 жил ажиллаж байна. Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт 2013 онд сантехникчээр ажилд орсон.

-Энэ жил та байгууллагын хэмжээний “Хөдөлмөрийн аварга” болж өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлсэн байна? Сэтгэгдлээсээ хуваалцвал?

Би байгууллагынхаа сантехник болон аж ахуйн ажлыг хийдэг. Энэ байгууллагатай ажил амьдралаа холбосноос хойш 6 жил болсон байна. 2014 онд Дорноговь аймаг дахь газрынхаа “Хөдөлмөрийн аварга” болж байсан бол энэ жил Дорноговь дахь газрын төдийгүй Гадаадын иргэн, харьяатын газрын “Хөдөлмөрийн аварга” болж өчүүхэн миний хөдөлмөрийг үнэлсэнд маш их баяртай яваа. Манай хамт олны дийлэнхи нь залуучууд, энэ сайхан залуу хамт олны нэгэн эд, эс болон мөр зэрэгцэн ажиллаж яваа нь миний нэгэн бахархал.

Таны мэргэжлийн онцлог юу вэ?

Аливаа улс орны тэргүүлэх салбарын нэг нь барилга байдаг. Барилгыг сантехникийн системгүйгээр төсөөлөх аргагүй байх. Ер нь өөрөө өөрийнхөө хийсэн ажилд эзэн байх ёстой мэргэжил гэж боддог. Үүнээс гадна хүмүүсийн өдөр тутмын ажилд шаардагдах зүйлсийг засч тохижуулах, ая тухтай дулаан нөхцөлд ажиллах, амьдрах нөхцлийг бий болгож байдаг сайхан мэргэжил. Энэ завшааныг ашиглаад миний ажил мэргэжлийн онцлогийг ойлгож, үргэлж тусалж дэмжиж байдаг удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж