Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнтай ярилцлаа
Та бие лагшин тунгалаг, өнтэй сайхан өвөлжиж байна уу? Эрхэм уншигчид, цэрэг эрсийнхээ дайчин цогтой мэндчилгээг танд уламжилж байгаадаа баяртай байна. Таны анхны шүлгийн түүврээс ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. 1962 онд анхны шүлгүүдээ бичиж эхэлсэн. 20 жил би бодож бясалгасны эцэст 1982 онд анхны түүврээ гаргасан. 1990 онд анхны болон хоёр дахь номоороо Төрийн шагнал хүртсэн.
Анхны түүвэр магтаалын хур нэлээд буулгасан биз?
-1962-1982 онд би театрт зураач байсан. “Утга зохиол, урлаг” сонинд зураач, сэтгүүлчээр ажиллалаа. Олон ч зохиолчдынхоо номын хавтас “дээл гоёл”-ыг нь урласан даа. Клуб, улаанбулан ч тохижуулна. Тэр ч байтугай бурхан болоочдын зураг зурна, танхимыг засна. Тийм байдалтай олон жил явсан. Намайг Монголын утга зохиолд маш түрэмгий орж ирсэн гэж ярьдаг. Магтаалын томдсон малгай хүнийг алгуур болгодог юм. Өөрөөр хэлбэл эртэдсэн магтаал хүнд хордлого дагуулдаг. Тиймээс 20 жил номоо гаргаж чадаагүй явсан.
Таны уран бүтээлд цэрэг, эх орны сэдэв зонхилдог. Ер нь цэрэг гэдгийг тодорхойл гэвэл…
-Эр хүн болох, үйл бүтээсэн хүн хоёр огт өөр ажил. Цэрэгт яваад хүн эр хүн боллоо гэж ярих юм. Тэр байтугай хал үзэж, хашир суугаад гэж ярьдаг. Би үүнийг хамгийн тэнэг үг гэж боддог. Эр хүн цэрэгт юу сурдаг юм бэ гэвэл хамгаалахын ухаан, хайрлахын ухаан, хүн шиг хүн байхын ухааныг олж авдаг. Иймдээ л хүн цэрэгт эр хүн болдог. Цэргийн албанаас авдаг хамгийн том ойлголт бол эх орон надад ганцхан, би эх орондоо хэрэгтэй хүн гэдгээ ухаардаг. Энд цэрэг гэдэг үгийн агуулга оршиж байгаа юм.
Цэрэг, эх орон гэж салшгүй холбоо үгс шиг санагддаг?
-Эх орон гэж агуу их ойлголтод тоогдож шалгарсан иргэн байна гэдэг маш том хариуцлага. Би цэрэгт тэнцэнэ гэдгийг шалгарч байна гэж ойлгодог. Чи хэн юм бэ гэдгийг шалгуулах гэж хүн цэрэгт ирдэг.
Тийм ч учраас цэрэг хүн хэрэгцээ тохиолдсон үед эх орныхоо төлөө амиа золиход бэлэн байдаг биз?
-Цэрэг хүн эх орныхоо төлөө амиа зориулна гэдэг бол золиос биш. Энэ бол өргөл. Эх орондоо амиа өргөж байгаа хэрэг. Эх орон гэдэг агуу юмны дэргэд амь, хүн гэж юусан билээ. Одоо бол амгалан тайван болохоор элдэв эрсдэл, хэцүү хагацал алга байна. Гэхдээ би цэргийн алба хааж буй эрчүүдийг “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!” гэдгээр нь ойлгодог. Бүх юманд бэлхэн байгаагаар нь, өөрөөр хэлбэл яахад ч бэлэн байгаагаар нь ойлгодог.
Өсвөр, залуу үе дайны хүнд бэрхийг амсаагүй. Зөвхөн дайн, тулалдаантай киногоор төсөөлж байна даа?
-Дайныг ойлгуулах гэж ямар дайтуулалтай нь биш. Л.Дандар баатарт зориулсан миний “Тамсгийн цэнхэр хязгаар” гэж дуу байдаг. Цэнхэр дурдан алчуур гээд найраглал бий. Японы зохиолчид Номунханы тулгаралт энэ тэр гээд бичсэн байдаг. Японы Нивада гэж зохиолчийн Халхын голын дайны тухай бичсэн зохиолыг уншиж байсан. Сөргөлдөөн, мөргөлдөөн төдий байсан гэж бичдэг. Би тэгж ярьвал алдас болох байх гэж боддог.
Ирэх жил Халхын голын дайны ялалтын тэмдэглэлт ой болох гэж байна. Энэ дайны ялалтын үнэ цэнийн тухайд…
-Цаанаа бол дэлхийн том дайны удиртгал. Санаархал, дайны бодлого, стратеги, гүн ухаан талаасаа дайныг өдөөсөн зорилго нь маш том байсан. Манай орны тусгаар тогтнол, Монгол Улс бүтэн оршихын эсрэг сайтар бодож өдөөсөн дайн байлаа. Япончууд энэ дайнд эртнээс сайтар бэлтгэсэн байсан. Энэ дайны ялалтад Оросын ард түмэн агуу их үүрэг гүйцэтгэсэн. Халхын голыг чөлөөлж өгөөд нэг ч орос хүн 0,7 га газар аваагүй. Би үүнийг заавал бичээсэй гэж бодож байна. Харин алтан амиа өгөөд газар шороог нь гагнаж өгөөд буцсан. Өнөөдрийн Халхын голыг хар. Үржил шимтэй өгөөж баян нутаг. Элдвийн лиценз олгосон. Шиншсэн нохой болгонд тавиад өгчихсөн. Тэр олон лиценз, тэрхүү олон эзэмшил. Энийг харахаар Халхын голын дайнд Оросын ард түмний үзүүлсэн тусламж, Орос, Монголын цэргүүдийн байгуулсан гавьяа ямар том юм бэ гэж боддог.
Халхын голын дайн бол агуу их дайн байсан. Хүн чанар, эв найрамдлын хамгийн том бэлгэдэл болсон. Дараагийн дэгдсэн дайн дажны хийморийг нь гундаасан хүчирхэг тэмцэл байсан. Халхын голын дайнд их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүмүүс янз бүрээр бичдэг. Хилийн будилаан, мөргөлдөөн гэхчилэн янз бүрээр ярьдаг. Агуу их Г.К.Жуков цэргийн эрдмийнхээ гэрийн даалгаврыг энд л хийсэн.
Өнөө цагт ах дүүгийн найрамдал, дайчин нөхөрлөл гэж ярих нь харьцангуй ховордсон мэт санагддаг. Зүү орох зайгүй явсан нөхөрлөл цагийн аяст гандах учиргүй биз?
-УИХ-ын нэг гишүүн хурлынхаа суудал дээр “Бид Манжийн дарлалд 300 жил, Оросын дарлалд 70 жил болсон” гэж ярьж байна лээ. Оросын ард түмэн Монголыг хэзээ ч дарлаагүй. Тэр ямар “дарлал” байсан бэ гэвэл улс орны хөгжлийн чиг баримжаа, социализм, коммунизмын онол, түүнд захирагдах, өөрөөр хэлбэл улс орон хөгжихдөө сонгож авсан чиг баримжааны “дарлал” байсан байх. Өөр дарлал ерөөсөө байгаагүй. Ийм хариуцлагагүй, гадаад зарчмын бодлогод харш үгийг Улсын Их хурлын индэр дээрээс их хурлын гишүүн хүн байж болохгүй юм яриад сууж байгаа юм. Бид тэгэхээр ямаршуу ухаантай амьдарч байна вэ.
Үндэсний үзэл байх ёстой үгүйн хооронд янз бүрийн яриа байх юм. Таныхаар бол…
-Дэлхийн бүх улс орон үндэсний уламжлал, үндэсний үзэл дээрээ оршин тогтдог. Социализмын эхний үед үндэсний үзэл нэрээр сэхээтний хэлмэгдүүлэлт явагдсан. Үндэсний үзэл гэдэг чинь явж явж бусад руу довтлох, бусдыг гутаан доромжлох, бусад орны түүхэн уламжлал, эрх чөлөөнд халдах зэрэг үгүйсгэлийг олноор хийгээгүй бол өөрт байх бахархлын нэг хэлбэр. Үндэсний үзэл байх ёстой. Үндэсний үзэл доторх тэр олон ай зүйг мэдэх, хичнээн олон ай зүйгээс бүрдэж буйг судлах хэрэгтэй юм.
Цэргийн алба хаах залууст хандаж юу хэлэх вэ?
-Цэргийн алба бол эх оронч үзэл, хүмүүжлийг хэн бүхэнд төлөвшүүлэх их сургууль, тэсвэр хатуужил, амьдралын ухаан суулгадаг эрдмийн уурхай юм. Тиймээс иргэн бүхэн цэргийн албыг хаах үндсэн хуулиар заасан үүргийг ягштал биелүүлэх учиртай. Цэргийн албыг болж өгвөл биеэр хаах хэрэгтэй. Цэрэг татлагын үеэр харж байхад цэрэгт явах залуучууд олон болж. Тэр тусмаа оюутнууд олон байна. Сэтгэл байна гэдэг сайхан хэрэг. Тэдгээр залууст талархаж, хүндэтгэлтэй хандах учиртай. Би үүнд маш их баярлаж байгаа. Тэр залуус “Би цэрэг байх ёстой” гэдгийг айхтар ойлгож байна. Зарим эцэг, эхчүүд хүүгээ цэрэгт тэнцэхгүй бол гэртээ байж байг гэж бодож байна. Энэ нь эх орон нь бүрэн бүтэн байхын утга учрыг ухаарахгүй байгаа хэрэг. Үр бүтэн байхаас гадна эх орон бүтэн байх ёстой бус уу.
Өмнөд Солонгост гэхэд цэргийн алба хүн бүрийн томилолт байдаг. Ямар ч нэртэй од, алдартан боллоо гээд албанаас зайлсхийх эрхгүй гэж сонссон юм байна?
-Солонгосын цэргийн сахилга бол монгол цэргийн л сахилга бат. Дайрах, довтлох, ухарч цохих гээд бүгд Чингисийн цэргийн арга, тактикийг хэрэглэж байна. Монгол цэргийн зохион байгуулалт, эх орноо хайрлах ухаан солонгосчуудад маш их мэдрэгддэг. Цэргийн сургалт, зохион байгуулалтыг тэд Монголоос эх авсан юм билээ. Хаад нь хатдаа сэлгэж авдаг улсууд байлаа. Сүхбаатар аймгийн нутаг бол тэр чигээрээ солонгос цэргийн булш шүү. Зөвхөн Чежү арал дээр гэхэд 120 монгол үгээр ярьдаг. Жороо морь, саарал морь, цоож, авдар, амрагийг янаг гэнэ. Миний найз эрдэмтэн Чежү арал дахь монгол үгээр эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр манай хоёр үндэстэн хэлхээгүй гэж хэлэх үндэс байхгүй.
Дэлхийн дайдыг хэмжиж явсан Монголын баатарлаг цэрэг эрсийн хойч үеийнхэн өнөөдөр олон улсад энхийг сахиулж явна. Энэхүү үйл хэрэгт Та ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?
-Би үүнийг дэлхийн энх тайвны үйлсэд оролцож байгаа том хувь нэмэр гэж үздэг. Дэлхий бол нэг л зовлонтой. Дэлхийд л амьдарч байгаа бол зовлон адилхан. Тийм учраас бусдыг хамгаалж, тэдний амар амгалангийн төлөө буцалж явна гэдэг том үйл шүү дээ. Монгол цэргүүд харьд очоод эх орноо илүүтэй хайрлаж байна гэж хэлдэг л байх. Тэнд очсон, бүрэлдэхүүнд нь байгаа аль ч орны цэргүүд монгол цэргээр бахархдаг юм. Би дэлхийн энх тайвны хуралд суух болон бусад албан, хувийн ажлаар олон улс оронд айлчилсан. Монгол цэргийн хатамж, сэргэлэн, авхаалжтай, хүнлэгийг гайхдаг юм шүү. Дэлхийд монгол хүн монголоороо гайхуулж байгаа юм. Тэр бол маш сайхан ажил. Би түүнд хязгааргүй баярладаг. Дэлхийн энх тайвны том хурал болж энд тэндэхийн улсуудаас төлөөлөгчид ирнэ. Монгол цэргүүд гэж хоёр, гурван өгүүлбэрийн дараа л ярьж байгаа. Их хурлын гишүүн, том дарга ч явж үзлээ. Дандаа “Болор цом”-д шүлэг уншиж явсан хүн гэвэл эндүүрэл. Зохиолчдын хорооны дарга, Монгол Улсын Соёл, урлагийн хөгжлийн хорооны дарга гээд чадлаараа л алба хашсан.
Эх орноо хайрлана гэдэг?
-Эх орон холдох тусам үнэд орно. Энэ бол байгалийн хууль. Цэргүүд маань үүнийг илүүтэй мэдэрч байгаа.
Монголын ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна?
-Монголын ирээдүйг ямраар харуулах гээд байгаа юм. Монгол цус, монгол хүн байсан цагт монгол байна шүү дээ. Өөрөөр хэлбэл монгол эр хүн, монгол эх хүн, монгол эр цэрэг байсан цагт Монгол байна. Их хурлын хэрүүл, төр засгаас ер болохгүй. Хэчнээн зуун жил оршсон Монголын төрт ёс байна. Дэлхийд цэрэгжил, цэргийн эрдэм, цэргийн дайчин чадал, баатарлаг уламжлал, төрт ёсыг монголчууд эхэлж заасан. Дэлхийн талд нь заасан улс шүү. Сэтгүүлчид “Монголын ирээдүйг та хэрхэн харж байна” гэж их асуудаг. Монгол хүний нүдээр, монгол цусаар харж байна. Жаахан дайчин, эх оронч, гашуун үнэнээр цэрэг эрсийг хүмүүжүүлэх юм сан. Цэргийн анги, байгууллага бол эр хүн болж заяасан бүхний хоёр дахь өлгий. Нэг дэх нь эхийн сүүтэй өлгий. Энэ хоёрт л нандин хэлхээ бий.
Таны хөтөлсөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг олны сэтгэлд их хүрсэн. Гол зорилго нь юу байв?
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт 50 гаруй хүн орсон. Тэр бол хүнийг алдаршуулах гэж биш, хүнийг хүн чигээр нь түмний сэтгэлд үлдээх гэж хийсэн ажил. Алдаа, оноотой нь үлдээх гэж зорьсон. Манайхан хүнийг магтахаараа долоогоод, муулахаараа хазаад байдаг хачин араншинтай.
Таны бахархал…
-Монгол хүн болж төрснөөрөө л бахархдаг. Ийм хүчирхэг өвөг дээдсийн нутагт тийм хүчирхэг цустай үндэстний эд эс байна гэдэг бахархал.
Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Таны манай уншигчдад хандаж хэлэх айлдвар?
-Бидний ярилцлага он солигдох агшинд уншигчдад хүрэх юм байна. Баяр дөхөхөөр сайхан юм ярих ёстой. Эртний Монголын ном сударт “Баярлахын цагт зовсоноо, зовсон цагт баярлахын тухай бодож яв” гэж тэмдэглэсэн нь бий. Тийм учраас би эрээгүй чалчиж байна. Би хачин юм ярьдаг. Гэхдээ бодоход зөв юм ярина. Миний түс тас ярьж байгаа бүхнийг хадгалаасай билээ. Энэ сайхан он солигдох баяраар цэрэг болгонд нэг нас ирнэ. Тэр нь хамгийн их аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн, унтсан зүүд бүхэн цэлмэг, уншсан захиа бүхэн баярын захиа байгаасай гэж ерөөе.
Баярлалаа. Танд уран бүтээлийн онгод хийморь, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Холбоотой мэдээ