Мексикийн нийслэл Мехико хотын төвд хийн хоолойн дэлбэрсний улмаас 73 хүн нас барж, 74 хүн гэмтсэн тухай өчигдөр /2019.01.19/ мэдээлжээ.
Төрийн өмчит “Pemex” хэмээх газрын тосны компанийн тус хийн хоолой нь өнгөрөгч Баасан гаригийн орой /2019.01.18/ дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас үүссэн түймрийг газар авахаас нь өмнө унтрааж чадсан байна. Тиймээс нас барсан хүмүүсийн цогцсыг олж гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Хийн хоолойд хууль бусаар цорго тавин, шатахуун хулгайлахыг завдсан нь дэлбэрэлт үүсэх шалтгаан болжээ. Ядуурлын түвшин нэмэгдэж байгаа Мексик улсад хийн хоолойнуудаас хулгай хийх явдал сүүлийн жилүүдэд газар авсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд л энэ нь улсын төсөвт гурван тэрбум ам.долларын алдагдал учруулсан аж. Тиймээс Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лопез Обрадор үүнтэй тэмцэхийн тулд хэд хэдэн хийн хоолойг хаах шийдвэр гаргасан байна. Үүний улмаас хоёр долоо хоногийн турш Мехико болон Мексикийн бусад хэд хэдэн мужид шатахууны хомсдол нүүрлээд байна.
Дэлбэрсэн хийн хоолойг тун удахгүй засварлах бөгөөд энэ нь Мехико хотыг шатахуунаар хангахад саад учруулахгүй хэмээн “Pemex” компаниас мэдэгджээ.
Мексик улсад 2010 онд ч бас үүнтэй адил хэрэг тохиолдож байжээ. Тухайн үед хүмүүс хийн хоолойд хууль бусаар цорго тавин, хулгай хийх үеэр дэлбэрэлт үүсч, 28 хүн нас барж байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ