Францын ард иргэд Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэн өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 17-оос хойш Бямба гариг бүр жагсаж байгаа билээ. Харин өчигдрийн /2019.01.19/ жагсаал Францын зургаан хотод өрнөж, нийт 84 мянга орчим хүн оролцсон тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Татварын хэмжээ их, авч буй цалин нь бага байгаа учраас амьдралаа арай хийн залгуулж байгаагийн дээр Засгийн газрын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэлтийн бодлого нь ард иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмэгдүүлж байгааг эсэргүүцсэн Францын ард иргэд жагсаал хийх болсон байна. Тэд анхандаа шатахууны үнийг дахин нэмэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, зорилгодоо хүрсэн боловч яваандаа улс орныхоо асуудлын гүн рүү нь чиглэж, ард иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахыг шаардаж эхэлсэн юм. Түүнчлэн өчигдрийн хувьд Парис хотын төвд жагссан “шар хантаазтнууд” Ерөнхийлөгч Э.Макроныг огцруулах, мөн шинэ хууль батлахад бүх нийтийн санал асуулга явуулж байхыг шаардсан.
Жагсагчид нь Францын жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлэг тэмдгээ болгосны учир “шар хантаазтнууд /gilets jaunes/ хэмээн нэрлэгдэх болсон.
Ард иргэдийн тавьж буй шаардлагыг сайтар сонсож, ярилцахын тулд Э.Макрон өнгөрсөн Мягмар гаригаас /2019.01.15/ эхлэн гурван сарын турш үргэлжлэх “Үндэсний их хэлэлцүүлэг”-ийг эхлүүлсэн билээ. Э.Макрон Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлсэн ч ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь түүний хэрэгжүүлж буй ажлууд хэтэрхий өндөр өртөгтэй байна хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
“Шар хантаазтнуудын жагсаал”-ын уур амьсгал улам ширүүн болж байгаа бөгөөд өчигдөр ч бас жагсагчид Парис хотын төвд цагдаа нар руу чулуу шидсэн бол цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэв. Нийт арван долоо хоног үргэлжилж буй тус жагсаалын улмаас арван хүн нас бараад байгаагийн ихэнх нь зам дээр жагсаж байгаад машинд мөргүүлсэн байна.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ