Улс орон даяар 1959 онд “Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө. Энэ бол “Маск” продакшны бүтээсэн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Соёлын довтолгоо” юм.
Тус кино нь “Маск” продакшны хоёр дахь уран сайхны кино бөгөөд “Хүлэгү” кино компанитай хамтран бүтээжээ. Киноны зураг авалт 2018 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг дээр эхэлж, 30 хоногийн турш үргэлжилжээ. Мөн тус киног бүтээх хугацаанд “Маск” продакшн хоёр гавьяаттай болж Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, М.Баярмагнай нар төр түмнээрээ үнэлүүлсэн юм.
Нээлтийн үеэр киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийн сонслоо.
“СОЁЛЫН ДОВТОЛГОО” ХИЙХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Ж.МӨНХСАЙХАН: Энэхүү уран бүтээл нь түүхэн драмын чиглэлийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой. Кино зохиолыг зургаан сарын хугацаанд бичиж чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Киноны тухайд 1959 оны төв хорооны тушаалаар улс орон даяар гурван жилийн хугацаанд соёлын довтолгоо өрнөж буй түүхэн үйл явцыг харуулсан. Тус киноны найруулагчаар бид өнгөрсөн жил шинэ жилийн баярын контентод хамтарч ажилласан н.Мөнхболд гэх залуу найруулсан. Миний дүр бол их харгис дүр. Далхаа бол соёлын довтолгоог эхлүүлэхээр төв хорооноос ариун цэврийн байцаагчаар томилогдон ирсэн залуу бий. Энэ киног бид бүтээхдээ өнөө цагт “соёлын довтолгоо” хийх цаг болжээ гэсэн үүднээс бид дуу хоолойгоо нэгтэж, уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд нь “мессеж” өгч байгаа юм.
М.БАЯРМАГНАЙ: Бид бүхэн арван жилийн дараа дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээ хийлээ. Энэ киног хийхэд хамтран ажилласан уран бүтээлчид, баг хамт олондоо баярлалаа. Энэхүү уран бүтээлээрээ бид дахин соёлын довтолгоо хийх цаг нь болчхоод байгаа гэдгийг илэрхийлэхийг хичээсэн.
П.ЭРДЭНЭЗААН: “Соёлын довтолгоо” хэмээх түүхэн сонирхолтой үеийг энэхүү кино харуулна. Яагаад энэ уран бүтээлийг хийсэн бэ гэхээр одоо бид дахин соёлын довтолгоо хийх цаг нь болсон. Өнөөгийн нийгэмд хотын соёл, харилцааны соёл, сэтгэхүйн соёл яригдаж байна. Бид цаг үетэйгээ нийцэж энэ уран бүтээлийг хийж байгаа юм болов уу. Тухайн цаг үед төр, засгийн бодлогоор соёлжсон бол өнөө цагт бид яаж соёлжихоо мэдэхгүй байна. Тиймээс энэ сэдвийг хөндөж кино бүтээсэн юм. Дүрүүдийн хувьд түүхэн дүрүүд байгаа. Үзэгчид маань ирээд үзэхэд тухайн цаг үеэр аялж уран бүтээлчдийн илэрхийлэх гэсэн санааг олж харах байх.
Ш.ЖАВХЛАН: Манай продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Түүхэн уран бүтээл гэдгээрээ манай кино онцлогтой. Киноны тухайд 1959 онд ард түмэн соёлын довтолгоо өрнөж байхад түүнийг яаж хүлээж авч байсан бэ гэдгийг өгүүлнэ. Нөгөө талаар өнөө цагийн залууст соёлын довтолгоо хэмээх түүхэн үйл явдал болж байсныг харуулах зорилготой. Мөн одоогийн нийгэмд Монголын залуучууд соёлын довтолгоонд орох хэрэгтэй болчхоод байгаа юм. Бид киногоо хийхийн өмнө энэ чиглэлээр судалж, тухайн үед байсан хүмүүстэй уулзан тэр үед болсон үйл явдлыг кинондоо шингээсэн байгаа. Түүхэн гэдэг утгаараа бидэнд худлаа зүйл байж болохгүй. Миний дүрийн хувьд соёлжихыг хүсэхгүй, түүнийг хүлээж авахгүй байгаа хөрөнгөтэй айлын эхнэрийн дүрд ажилласан.
Дашрамд, одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны хурлаар бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн нь түүхийн хуудаснаа бичигдсэн билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ