Долоо хоногийн онцлох үйл явдал | News.MN

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


ХОТЫН ШИНЭ ДАРГЫГ СОНГОЛОО

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан нэгдүгээр сарын 16-ны өдөр болж, шинэ хотын даргыг сонголоо. Шинэ хотын даргыг албан тушаалд НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдсөн юм.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны хувьд хурлын үеэр танхимаас өөрийн нэрээ дэвшүүлсэн. Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр хотын даргыг албан тушаалд нэр дэвшээд байсан юм.

Санал хураалтад нийт 43 төлөөлөгч оролцсоноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлэв.

Одоо С.Мөнхчулууныг Ерөнхий сайд баталгаажуулах ёстой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж үзнэ үү


ЭЛЧИН САЙД НАРЫГ БУЦААВ

Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаанаар  Элчин сайдад нэр дэвшигчдээс Итгэмжлэх жуух бичгээ хамгийн удаан хүлээсэн гурван хүнийг буцаалаа.

Тодруулбал, Засгийн газраас Тайландын вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг томилж, УИХ-ын чуулганаар батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дээрх Элчин сайд нарын томилгоо гацаж байгаагаас хоёр улсын төлөвлөсөн ажлууд хойшлогдох магадлалтай байгаа учир горилогчдыг буцаан татах саналаа намын бүлэгтээ танилцуулжээ. Улмаар энэхүү санал нь бүлгийн олонхын дэмжлэгийг авч баталгаажсан байна. Тэдний оронд нэр дэвшүүлэх хүнийг ойрын хугацаанд Гадаад харилцааны яамнаас санал болгож, Засгийн газар, УИХ улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна.


ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД

Энэ долоо хоногийн Засгийн газрын  хуралдаанаар чухал хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал,

ИРЭХ САРААС ТЭТГЭВРИЙГ 7.6 ХУВИАР НЭМНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг.  16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.

Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НАЙМАН ХУВИАР НЭМЛЭЭ

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.

Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.

Цалин нэмэхдээ:

  • Инфляцийн түвшинтэй уялдуулах
  • Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох
  • Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах
  • Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох
  • Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.

ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв.  Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өглөө.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Энэхүү хуулийн төслийг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлав.

  1. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэж санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 44 нь буюу 89.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.
  2. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 гишүүний саналаар буюу 87.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх хуулийн боломжтой болж байгаа юм. Хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.


ХООЛНООС МЯЛЗАН ӨВЧНИЙ ВИРУС ИЛЭРЧЭЭ

Монгол орны таван аймагт гахайн мялзан өвчин илрээд байна. Тухайлбал, Төв, Булган, Орхон, Дундговь, Хөвсгөл аймагт гахайн мялзан гарч, Дундговь аймгийн Сайнцагаан суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс гахайн махтай хоолоор үйлчилдэг газруудад ямар арга хэмжээ авч байгаа болон мялзангаар өвчилсөн гахайн мах идсэн тохиолдолд хүнд ямар сөрөг нөлөө үүсэх талаар мэргэжлийн байгууллагуудаас тодрууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  “Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор манайхаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байгаа. Тухайлбал, гахайн махтай хоолоор үйлчилдэг газруудад манай байцаагчид шалгалт хийж байна. Ерөнхийдөө шалгалтын дүн гараагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Иргэдийг гахайн махан хоол идэхгүй байхыг зөвлөе” гэлээ.

Харин мялзангаар өвчилсөн гахайн махыг идсэн тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс лавлахад “Мялзангаар өвчилсөн гахайн мах идсэн хүн өвчилсөн тохиолдол одоогоор гараагүй. Тиймээс энэ тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх нь тодорхой бус байдаг. Харин хүн болон бусад амьтан нь гахайн мялзангийн вирус дамжуулагч болдог. Яг л шүлхий өвчинтэй адил. Гахайн мялзан нь тэжээвэр гахайнаас гадна зэрлэг гахайд халдварлана” гэсэн юм.

Харин энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад  “Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэгээс гурав хоногт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд нь мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн. Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд байдаг. Одоогоор 130 аж ахуй нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Орж ирсэн бүтээгдэхүүн, нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхны хэрэглээнд хязгаарлалт хийх шаардлагатай байна. Эхний ээлжид импортлогч 10 аж ахуй нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацадсан. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тонны нөөц, гар дээр тараагдсан 1000 гаруй тонны нөөц байна.

Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал, эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар, хүн өөрөө энэ өвчний вирусын тээгч учраас амьд малд халдварлуулах эрсдэлтэй" гэлээ.


ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-наас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд  100 төгрөгөөр буурлаа.

Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг  шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү  литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж