Сонгуулийн синдромыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар цас ухаж, Д.Арвин эмнэлгийн хана арчиснаар эхэлж байсан бол цаашаа нэлээн өргөн хүрээг хамрах бололтой.
Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Либерал намууд УИХ-ыг тараах шаардлага тавьж эхэллээ. Тэдний хэлснээр тардаг УИХ-ч гэж юу байх билээ, ээлжит бус сонгуулийг зарладаг зардал нь ч бас хаа байгаа юм. Үүнийг мэдсээр байж, нэг л их эх оронч дүр эсгэн, улс орны хувь заяанд сэтгэл зовсон баатрын дүр бүтээхээр оролдох нь сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх далим л болж байх шив дээ.
Мөн тэд УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Цог нарыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, УИХ-ыг тараахад хувь нэмрээ оруулахыг уриалсан. Тэд УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэдэг юу л бол… Хамтдаа хөвж байгаад л УИХ-ын сонгуультай золгоно гэж үзнэ шүү дээ. Энэ санаагаа ч зарим нэг нь цухалзуулаад хариултыг тодорхой өгөлгүй бөөрөнхийлөөд л өнгөрч харагдана билээ.
Удахгүй хаврын чуулган эхлэнэ, тэр үед ч ардын баатрууд жинхэнэ “жүжиг” тавьж, хөгөө чирэх байх шүү.
Г.ХОРОЛ