АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампыг ОХУ-тай хуйвалдсан гэдгийг нотлох баримт бий хэмээн мэдэгдсэн Беларусын модель бүсгүй баривчлагджээ. Настья Рябка (жинхэнэ нэр нь Анастасия Вашукевич) ОХУ-ын Москва хотын нисэх буудалд газардсаныхаа дараа баривчлагдсан байна. Тэрбээр Тайландаас Минск хот руу дамжин нисэхээр Москвад байв. Настьягийн өмгөөлөгчийн мэдээлснээр түүнийг Оросын дөрвөн цагдаа түрдэг тэргэн дээр суулган авч явжээ.
Настья Рябка нь Оросын аж үйлдвэрийн тэрбумтан Олег Дерипаскагаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсоныг гэрчлэх баримтыг олж авсан гэжээ. Харин Олег Дерипаска түүний мэдэгдлийг няцааж, Настьягийн эсрэг шүүхэд зарга мэдүүлэн ялсан аж.
Харин ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас Настья Рябка болон өөр гурван хүнийг биеэ үнэлсэн, түүнд зуучилсан хэргээр Шереметьево нисэх буудлаас баривчилсан гэж мэдэгджээ. Түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн нэг нь Александр Кириллов гэгч сексийн “номлогч” аж. Тэрбээр өмнө нь Тайландад Настьятай хамт хууль бус сексийн сургалт явуулсан хэргээр есөн сар хоригдсоны эцэст шүүхээс 18 сарын тэнсэн харгалзах ял оноосноор суллагджээ. ОХУ-д биеэ үнэлсэн, түүнд зуучилсан хэрэгт зургаан жил хүртэл шоронд хорих ял оноодог байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ