Наадмын дараа нэгэн асуудал сэргээд намждаг нь сэргээш.
Идэр залуу бөхчүүдийн бяр чадал , хурц ухаан , хурдан хөдөлгөөн, самбаа, тэвчээр хатуужлаа зориулсан нөр их хөдөлмөрийг хуулийн цоорхой ашиглан, цөөн хүний эрх ашгийн төлөө харилцан адил бус шийдвэрийн дагуу шийдчихэж байгаа нь бөхдөө хайртай Монгол түмэн бидний урмыг хугалж байна.
Нэр нь тодорхойгүй 3-4 бөх сэргээш хэрэглэсэн гэж амтай болгон бичиж, ярьж байсан нь саяхан. Гэтэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс хэний ч таамаглаагүй Н.Адъяабат, Б.Суманчулуун нарыг сэргээш хэрэглэсэн гэж цолыг хураах цолыг хураах саналыг хүргэн улмаар Ерөнхийлөгч Элбэгдорж цолыг хурааж хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж, барилдах эрхийг нь хасах дүрэмтэй ч өмнө нь гарч байсан тохиолдлууд энэ удаагийнхтай шиг байсангүй нь онцлууштай.
Санацгаая …
Үндэсний бөхийн сэргээш Даян аварга А.Сүхбатаас эхлэлтэй. Түүний дээжээс нандролон хэмээх бодис илэрсэн тухай МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, МҮБХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн, улсын арслан П.Дагвасүрэн, сэргээшийн эсрэг Үндэсний төвийн н. Насанбат нар хэвлэлийн бага хурал зарлан, “жижиг” аваргын нэрийг түмний чихэнд дуулгасан. Үүний дараагаар Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын начин Ц.Лхагвасүрэн, Улсын арслан Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын начин Ц.Сумьяабэйс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын начин Ч.Цогбаяр, Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын начин Б.Сугаржаргал нарын нэрс сэргээштэй холбогдоод өөр өөрийн хэмжээнд асуудал үүсгэн, дуулиан тарьж, эцэстээ ямар нэгэн байдлаар нам жим болсон. Дээр нэр дурдагдаж сэргээ хэрэглэсэн гэж зарлагдсан бөхчүүдээс зарим нь үнэхээр олон сарын турш бэртэлтэй байсныг бөх сонирхогчид андахгүй. Хөлийнхөө шөрмөсийг тасалчихсан хүн өвчнөө намдаах гэж тэмцэж байхад тухайн эмэнд нь сэргээшийн төрлийн бодис орсон эсэхийг нягтлаад суух сэхээ байх уу? Ингэхээр эхлээд эхлээд тамирчдаа МҮБХ дэргэдээ эмч эмнэлэгтэй байх, бөхчүүдээ эмчлэх, сэргээшийн талаар мэдлэг сайтар өгсний дараагаар шийтгэлээ ярих нь зөв юм шиг …
Дээрх бөхчүүдээс улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр, Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар хасч, арслан Х.Мөнхбаатарын чимгийг хураах шийдвэр гаргаж байсныг эс тооцвол бараг дуулиан болгоод л өнгөрдөг.
Ховд аймгийн харьяат улсын начин Ч.Цогбаяр, улсын харцага Г.Алтангэрэл нарыг хоёр жил барилдуулахгүй байх шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргажээ. Гэвч 2 жил хүрээгүй байхад тус хороонд ирсэн саналыг үндэслэн өршөөл үзүүлснээр Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор барилдлаа.
Veritas (Шударга үнэн, эрх тэгш байдал) үг нь өдгөө Харвардын их сургуулийн уриа үг (motto) болсон байна. Тус сургуулийг төгссөн хэн ч байсан, аль ч салбарт ажиллаж, амьдарч байсан ч энэ уриа үгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийг хүлээсэн байдаг юм. Тэгвэл шударга ёс, эрх тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх учиртай Монгол улсын Ерөнхийлөгч яагаад дутуу дулимаг дүгнэлтэн дээр үндэслэн ийм өрөөсгөл шийдвэр гаргах болов? Ерөнхийлөгчийн хэлснээр бар жилийн явдлыг хонь жил ярьдаггүй гээд өмнөх шийдвэрүүд харилцан адилгүй хууль дүрэмгүй мэт байсаар байх уу? Ерөнхийлөгч нутгийн бөхдөө найр тавьж, өршөөл үзүүлэн, аавын алаг үрсийг алагчилаад байна уу даа ?
Ү
ндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2 дугаарт заасны дагуу баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн буюу 5 давсан бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулдаг. Тодруулбал Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лавораторид хүргүүлдэг. Харин сэргээшийн шинжилгээний хариу тодорхойгүй хугацаагаар саатаж, таг чиг болдог.
Сэргээшийн шинжилгээний хариуг удаан хугацаагаар саатуулдаг нь сэргээш хэрэглэсэн бөхчүүдээс татаас авсныхаа төлөө шинжилгээний хариуг нуун дарагдуулж, цол тэмдэгийг нь хураалгүй өнгөрөөсөөр өдийг хүрлээ гэсэн хардлага бөх сонирхогчдын дунд байсаар …
Гэтэл яагаад Н.Адъяабат, Б.Суманчулуун бөхчүүдийн цолыг хураах дээрээ тулав? Яагаад бөхчүүдийн олон жилийн хөдөлмөр, хөлс хүчийг үнэлж, үүссэн нөхцөл байдал, асуудлыг сайтар нягталж судлахгүйгээр тэгш бус шийдвэр гаргаж байна вэ? Энэ шийдвэр үнэнд нийцэхүйц гэжүү?
Гаргасан шийдвэрээ эргэн нэг харж үзээчээ! Эрхэм Улсын Ерөнхийлөгчөө!
Шударга бус явдлууд нь өөрөө үндэсний бөхийн нэр хүндийг унагаж, хуйвалдаан гарах таатай нөхцөл бүрдэх боломж олгож байгаа хэрэг бусуу? Энэ бүх шударга бус байдалд бид чимээгүй сууж хүлцэнгүй байлаа. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг” энэ байдал үргэлжилсээр байх уу?
Монгол Үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах хорооны үйл ажиллагааг цэгцлэх, шийдвэр гаргах үйл ажиллагааг ард иргэдийн нүдэнд ил байлгах, эсвэл тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг шинэ холбоо, зохион байгуулах хороо бий болох цаг нь болсон.
Бэлтгэсэн А.НЯМСҮРЭН