Шингэрүүлсэн шатдаг хий буюу газын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй ажээ. Хэрэглээгээ дагаад ашиглалтын зөрчил, алдаа эндэл цөөнгүй гарах болжээ. Шатдаг хийн буруу хэрэглээнээс үүдсэн осол хэд хэдэн удааа гарсан. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас шатдаг хийн тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын талаар зөвлөмж гаргажээ. Зөвлөмжинд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглах хэрэгтэйг сануулсан байна. Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстойг хэрэглэгчдэд анхааруулжээ.
Уг зөвлөмжид дурдсан нэг анхаарал татсан сануулга нь хоёроос дээш давхар бүхий орон сууцны барилгад газын баллон байрлуулахгүй гэсэн заалт юм. Тэгэхээр хоёроос дээш давхар бүхий орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд, амьдарч буй айл өрхийн газын хэрэглээг хязгаарлахад хүрэх нь. Энэхүү заалтыг зөрчин хоёроос дээш давхар орон сууцанд ашиглаж буй хийн хэрэглээнд хяналт тавихдаа СӨХ, орон сууцны конторынхныг дайчлах бололтой. Бүр хууль хяналтынхантай хамтарна гэсэн сүржин үг өгүүлбэр ч МХЕГ-ын зөвлөмжид харагдаж байна.
Д.ЦЭЭНЭ