"Топорын цэрэг болохгүй"

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

"Топорын цэрэг болохгүй"

“News” агентлаг өнгөрч буй “ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА”-уудаа тоймлон хүргэж байна.


Д.ХАЯНХЯРВАА: УИХ-ЫН ДАРГЫН СУУДЛЫГ САНАЛ БОЛГОСОН Ч БОЛОХГҮЙ

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногт чуулганаар батлах товтой байгаа. Үүнтэй зэрэгцэн МАН-ын бүлэг дотор дараагийн УИХ-ын даргын асуудал хөндөгдөж эхэлжээ. Эдгээр нэрс дунд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр дуулдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодрууллаа.

-Таныг УИХ-ын дарга болно гэсэн яриа гараад байгаа. Ер нь УИХ-ын дараагийн даргын асуудлыг нам дотор ярилцсан зүйл бий юу?

-Би өчигдөр Дархан-Уул аймагт явж байгаад энэ мэдээллийг хэвлэлээс л харлаа. Намайг УИХ-ын дарга болгохгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг бойкотолно гэсэн мэдээлэл уншлаа. Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. Би энэ залуучуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. Нэг ийм увайгүй, нийгмийг турхирсан, эрээ цээргүй мэдээлэл хийдгээ болиоч гэж хэлмээр байна.

Ер нь бол би ёс зүйгүй зүйлд оролцохгүй. Угаасаа ямар нэг албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө нь ч хэлж байсан. У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болсныхоо дараа Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг надад санал болгож байсан. Тэр бүгдэд нь би үгүй гэж хэлж байсан.

Харин боломжтой бол УИХ дахь намын бүлгийн даргаа хийгээд явна гэж хэлж байсан. Нийгэмд М.Энхболд суудлаасаа буусан ч Д.Хаянхярвааг их хурлын даргад томилуулахаар санаархаж байна гэсэн мэдээллийг түгээж байна. Цаашид УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай хууль хэлэлцэгдээд явна. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулаад огцруулах процесс ямар ч саадгүй явна. Хуулийн дагуу огцруулах эсэх асуудал нь хувь гишүүдийн л асуудал. Нөгөө талаар хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд жагсаалын үеэр цуст тэмцэл, цэрэг бэлтгэсэн байна гэдэг мэдээлэл өгч байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйгаад л өнгөрч байна. Ийм хариуцлагагүй нийгэм рүү бид явмааргүй байна.  Цаашид нийгмийг турхирсан мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй, ялангуяа УИХ-ын гишүүд.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Н.НОМТОЙБАЯР: БИ ТОПОРЫН ЦЭРЭГ БОЛОХГҮЙ

Засгийн газрын /2019.01.16/ өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын тусгай зөвшөөрлийг хураана гэдгээ мэдэгдсэн.  Тэрбээр "Таван ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байна. Н.Номтойбаяраас Цагаан суваргын ордын лицензийг хураана" гэдгээ ил тод илэрхийлсэн билээ. Ерөнхий сайдын мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.

-Та хэвлэлээс харсан байх, Ерөнхий сайд "МАК"-ийн компанийн эзэмшдэг Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрлийг хурааж авна гэдгээ өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн, нээлттэй хуралдааны үеэр хэлсэн. Хөрөнгийг чинь хурааж авна гэсэн Ерөнхий сайдын мэдээлэлд та ямар байр сууринаас хандаж байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. Үүнийг бусдад  ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэг компани хайгуулын талбай эзэмших зөвшөөрөл авсны дараа талбай дээрээ нэмэлт хайгуул хийх  шаардлага гарвал хуулийн хүрээнд дахин тусдаа лиценз авах ёстой. Тиймээс л  нэг их олон лиценз эзэмшээд байгаа юм шиг  харагдсан байх. Гэтэл нэг талбай дээр хэдэн ч лиценз авч болно гэсэн үг л дээ. Түүнээс энд тэндгүй баахан орд газрын лиценз цуглуулчихсан юм биш. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Жишээлбэл, Хөх цавын орд шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрснээс бүрддэг. Энэ бүхэн дээр хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авна. Газрын дороос олборлосон түүхий эдээ боловсруулж, цемент үйлдвэрлэнэ. Түүнээс газрын доороос шууд цемент ухаад авчихдаг юм биш шүү. Боловсруулалт явагддаг.

Нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж үйлдвэрээ хаана, бооно гэдэг улсын бодлого боловсруулдаг ухаантай хүнээс гарах үг уг нь биш юм. Энийг  Ерөнхий сайд аль, талаас нь харж, яаж ойлгоод байгааг нь би өмнөөс нь тайлбарлаж чадахгүй шүү дээ.

-Та хууль зөрчиж, Цагаан суваргын ордыг авсан юм уу?

-Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Хэрэв хууль зөрчсөн гэж байгаа бол тэр баримтаа дэлгэ. Тэдэн сарын тэдэнд ийм хуулийг зөрчөөд, ийм хууль бус зүйл хийгээд ямар зөвшөөрөл, ямар ч шийдвэр, тогтоолгүй энэ лицензийг авсан байна гээд ярь. Хүнийг  гүтгэж болохгүй. Тэр тусмаа улс төр хийгээд  бусдын хийж бүтээж хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэр төрийг  гутааж болохгүй. Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө миний аав хулгай хийж, хууль зөрчиж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй огт холбогдож явсангүй. Миний аав Монголын эдийн засаг гэдгийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Маш олон хүнийг ажлын байраар, цалингаар хангаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр төсвийн орлого нэмэгдлээ гээд баярлаад байна. Хэний гавьяа юм. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн гавьяа шүү дээ.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"УЛС ТӨРИЙН АВЛИГА ОГТ БУУРАХГҮЙ БАЙНА"

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга комиссар Ц.Шинэбаяртай Монгол Улсын хэмжээнд авлигын ерөнхий түвшин ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-АТГ-аас “Шударга байдлын үнэлгээ 2018” судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монгол Улсын хэмжээнд авлига хамгийн их тархсан институцийг тодорхойлдог шүү дээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-“Шударга байдлын үнэлгээ” судалгаа дотроо хоёр хэсэгтэй. Уг судалгааг яагаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэсэн гэхээр авлигын нөхцөл байдлыг үнэлэх гол үзүүлэлт нь төрийн байгууллагуудын шударга байдал байдаг. Шударга байдлыг бүхэлд нь аваад үзэх юм бол энэ маань авлигын эсрэг ойлголт юм. Төрийн байгууллагуудад шударга байдал өндөр байх тусмаа тэр хэмжээгээр авлига бага байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид авлигыг биш шударга байдлыг судалсан юм. Энэ судалгаа нь тодорхой тоон үзүүлэлтээр хэмжигддэг. Тухайлбал, Нийслэлийн соёл урлагийн газар уг судалгаагаар 100 оноо авахаас 83 оноо авсан бөгөөд 17 функт дутуу байгаа юм. Тэр хэмжээгээр буюу 17 функтээр тухайн байгууллага авлига авах эрсдэлтэй байна.

Судалгааны дүнгээр муу үнэлгээ авсан байгууллагууд авлигатай байна гэсэн үг биш. Тэнд авлига авах эрсдэл нь байгаа юм. Хоёрдугаарт, авлигын түвшин бага байх тусам тэнд авлигын эрсдэл их байдаг гэж болно. Энэ судалгаанд албан ёсоор 62 байгууллага хамрагдсан. Үүнд яам, агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газар гэсэн байгууллага багтсан.

-Нийт хэчнээн хүн уг судалгаанд хамрагдсан бэ. Судалгаанаас авлигын ерөнхий түвшин ямар байгааг тодорхойлж болох уу?

-Энэ төрлийн судалгаа 2015 онд хийгдсэнээс хойш гурав дах удаагаа хийгдэж байна. Бид энэ судалгаанд есөн мянга гаруй хүн хамруулсан. Үүнд хот хөдөөгийн яам агентлаг, дотор нь ажилладаг хүмүүсийг хамруулсан. Тэдгээр хүмүүсээс зөвхөн яам агентлагийг үнэлүүлэхээс гадна, авлигын нөхцөл байдал ямархуу байгааг цаашдаа ямар байдалтай болох уу талаар асуусан. Мөн Монгол Улсад ямар байгуулага хамгийн их авлигатай байна вэ гэдэг дүн бас гардаг. 2016 онд хамгийн их авлига тархсан институцийн нэгдүгээрт, газрын алба тэргүүлж байсан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллага, гуравдугаарт шүүх, дөрөвдүгээрт гаалийн байгууллага орсон байсан. Энэ дүн 2018 онд арай өөрчлөгдсөн. Ингэхдээ судалгаанд оролцсон хүмүүсийн тал хувь нь шүүх байгууллага хамгийн их авлигатай болохыг тодорхойлжээ. Хоёрдугаарт нь газрын алба, гуравдугаарт, эрүүл мэндийн байгууллага, дөрөвдүгээрт боловсролын байгууллага орчихсон байгаа юм. Нийтдээ 9000 гаруй хүний төсөөллийн дундаж гэж үзвэл ерөнхийдөө хаттай үнэлгээ шүү дээ.

дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж