Амралтын хөтөч: “СОЁЛЫН ДОВТОЛГОО” эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.19-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: “СОЁЛЫН ДОВТОЛГОО” эхэлнэ

Амралтын хөтөч: “СОЁЛЫН ДОВТОЛГОО” эхэлнэ

"ТАМГАГҮЙ ТӨР" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

Өнөөдөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжиг тоглогдоно. Жүжгийн найруулагчаар УГЗ Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг нар ажиллажээ. Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр,хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна.

Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсч том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүүтгэнэ. Харин хааны шадар Эгэрэг энэ бүхнийг зогсоож үл чадаад, хар хорын сэтгэлдээ автахдаа хааны жинхэнэ хүүг хороон, өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж, төрийн тамга, түмний эрхийг нэхнэ.

  • Хэзээ: Бямба гарагт 17.00 цагаас
  • Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
  • Tасалбар: 10, 15, 20, 25 мянган төгрөг

ХАС, ХАНДАРМАА НАРЫН ХАЙРЫН ТҮҮХ

Монголын сонгодог урлагийн үнэт бүтээл, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” балет 1973 онд нээлтээ хийж байжээ. Монгол хүн бүрийн зүрхнээ хоногшсон сайхан аялгуут “Уран Хас” балетын цомнолыг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, ард түмний цэцэн мэргэн ухаан, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл, хуучныг шүтэн бишрэхүйн тэмцлийг урнаар ёгтлон харуулсан, үндэсний хөгжмийн ая намба данд түшиглэсэн сонирхолтой дүрслэл бүхий уг бүтээл хөгжим, бүжгийн гайхамшигт нийцэл, зохицол юм.

Нутаг хошуундаа “Уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаа тэдний амьдрал, хайр дурлал, болоод тухайн нийгмийн байдлыг сонирхолтой бас ч үгүй хөгжилтэйгөөр өгүүлсэн байдаг. Далавч урлан жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэл өвөрлөсөн Хасыг Хошуу ноён авьяас чадварыг нь ашиглах зорилгоор Хүрээ рүү авч явснаар үйл явдал цааш өрнөх болно. Та энэхүү бүтээлээс Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол ёс заншил, Монгол ахуй соёлыг цогцоор харж болно.

  • Хэзээ: Бямба гарагт 17.00 цагаас
  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Tасалбар: 10, 15, 20 мянган төгрөг

"СОЁЛЫН ДОВТОЛГОО" УСК-НЫ НЭЭЛТ БОЛНО

Улс орон даяар 1959 онд “Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө.

  • Хэзээ: Бямба 17.00 цагаас
  • Хаана: Corporate Convention Center
  • Тасалбарын үнэ: 10 мянган төгрөг

СОНГОДОГ ХӨГЖИМ ЭГШИГЛЭНЭ

Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн "Сонгодог хөгжмийн концерт" болно. Тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш, хөтлөгч тайлбарлагч Виртуозо Академийн тэргүүн М.Цогбадрах нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт П.И.Чайковский Симфони No6 B minor OP.74: I. Adagie – Allegro non troppo, II. Allegro non grazia, III. Allegro moltro vivace, IV. Finale – Adagio lamentoso, Romeo & Juliet Fantasy overture багтжээ.

  • Хэзээ: Бямба гарагт 19.00 цагаас
  • Хаана: Улсын филармони
  • Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг

“ЧУЛУУН САН” ҮҮЦЭЭ НЭЭЛЭЭ

“МОНГОЛ ЧУЛУУ-2019” үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаа АМГТГ-ын "Чулуун сан"-д хадгалагдаж байгаа, Монгол орны хэмжээнд томоохонд тооцогдох уурхайг илрүүлэхэд хайгуул судалгааны явцад цуглуулж, нөөцийг тодорхойлсон дээж материалуудыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар дэлгэн үзүүлж буй юм.

  • Хэзээ: Бямба гарагт 10.00-19.00 цагаас
  • Хаана: Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа Спорт цогцолбор

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН”: ИНТЕРНЭТ ХУДАЛДААГ ОНЦОЛНО

Өнөөдөр “Ард санхүүгийн нэгдэл”-ээс гурав дахь жилдээ “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг зохион байгуулж байна. Иргэдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, энэ салбарт хүлээгдэж буй IPO, зах зээлтэй холбоотой мэдээллийг энэ үеэр танилцуулдаг уламжлалтай. Мөн энэ удаад цахим худалдааны салбарт гарч буй өөрчлөлт, үүнтэй холбогдуулан Ард Шоп-ын танилцуулга хийгдэх юм. Чуулга уулзалтын үеэр хөрөнгийн зах зээлийн сургалт зохион байгуулагдах төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа энэхүү арга хэмжээний оролцогчдод хүрэхээр товлогджээ.

  • Хэзээ: Бямба гарагт 09.00-18.00
  • Хаана: Өргөө IMAX
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж