-Судалгаанаас харахад Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байр хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна-
Үл хөдөлөх хөрөнгө, зуучлалын “Real properties Ulaanbaatar” төвөөс гаргасан судалгаагаар нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт нийт 1497 хуучин орон сууцыг худалдахаар зар өгөөд байгаа ажээ. Эдгээрээс 390 орон сууцны борлуулах зарын мэдээлэлд анализ хийжээ. Хуучин орон сууцны 52 хувь нь Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлаж буй бөгөөд Баянгол дүүргийнхэн /32 хувийг эзэлж буй / илүүтэй байраа зарах сонирхолтой байдаг нь ажиглагджээ. Энэ утгаараа тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог байх юм. Худалдахаар зарласан орон сууцнуудыг өрөөний тоогоор ялгамжилбал:
- 1 өрөө байр нийт түүврийн 24.6% /96/
- 2 өрөө байр 34.1% /133/
- 3 өрөө байр 31.3% /122/
- 4 өрөө байр 10% /39/-ийг эзэлж байна.
Харин үнийн хувьд нэг өрөө байр дунджаар 66.2 сая төгрөгийн үнэтэй, хамгийн хямд нь 23 сая, хамгийн өндөр үнэтэй нь 168 сая төгрөгт хүрчээ. Нэг өрөө байр зах зээлд ховор биш боловч шинэ орон сууц барх зай талбай багатай, хотын төвийн байршилтай учир Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байгаа ажээ. Орон сууцны зах зээлийн нэг онцлог нь худалдан авагч, худалдагч талууд ярьж тохиролцсоны дүнд анх хэлсэн үнээс багагүй хэмжээгээр буулган арилжаалдаг онцлогтой. Энэхүү судалгаанд зөвхөн байраа худалдахаар зар төвьсан хүмүүсийн анх хэлсэн үнээр тооцоолсон байна.
Судалгаанаас харахад Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байр хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна.
Улаанбаатар хотын хувьд 1-4 өрөө байр ямар үнэтэй байгааг авч үзье.
Байрны үнийг гаргахдаа хотын төв болон хотын төвийн бус гэж ангилж байгаа. Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар, Шинэ нарны гүүрний уулзвар, Баруун 4 зам гэсэн автозамаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төвд багтаан ойлгож байгаа ажээ. Дүүрэг хороогоор нь тайлбарлавал Чингэлтэйн 1-6-р хороод, Сүхбаатар дүүргийн 1-8-р хороод, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25-р хороод тус тус багтаж буй ажээ.
Улаанбаатар хотын 1-4 өрөө байрны дундаж үнэ, байршилаар, сая төг
ШИНЭ ОРОН СУУЦНЫ НЭГЖ ТАЛБАЙН ҮНЭ 2,3 САЯ ТӨГРӨГ
Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын байдлаар шинэ орон сууцны нийт 190 орчим төсөл хэрэгжиж, үүнээс 182 нь судалгааны шаардлагыг хангаж буй төсөл байсныг “Real properties Ulaanbaatar” төвийнхөн онцолжээ. Эдгээр 182 төслийн 55.5 хувь нь Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлаж буй, 74.2 хувь нь карказан хийцтэй, 21.4 хувь нь хотын төвд байршилтай, 49.2 хувь нь нь ашиглалтанд орсон бол 91.1 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн орон сууц ажээ. Зах зээлд борлуулалт хийж буй судалгаанд хамрагдсан 182 шинэ орон сууцны төслийн нэг м2-ын дундаж үнэ 2,356,421 төгрөг байгаа ажээ. Шинэ орон сууцнуудын 91.2 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийнх ажээ.
Харин дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,992,213 төгрөг байгаа юм.
Үнийн ялгаатай байдлыг дүүргээр нь ялгавал Сүхбаатар, Хан-Уулд хамгийн өндөр, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хамгийн хямд үнэтэй байна. Өмнөх сарын дүнтэй харьцуулбал энгийн болон дундаж зэрэглэлийн шинэ орон сууцны дундаж үнэ 0,5 хувиар буурсан бол дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 1,1 хувиар өсчээ. Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 3,2 сая төгрөг байна. Тус дүүрэгт орон сууцнб ам.метр талбай хамгийн багадаа 1,7 сая төгрөгийн үнэтэй, хамгийн өндөр үнэлгээтэй нь 6,5 сая төгрөгийн үнэтэй байжээ. Хан-Уул дүүрэг т шинэ орон сууцны метр кв нь дунджаар 2,7 сяа төгрөг, Баянзүрх дүүрэгт 2,2 сая төгрөгийн дундаж үнэтэй гарчээ. Харин бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.1 саяас доош үнэлгээтэйбайгаа ажээ. Үнийн ялгаатай байдалд баригдаж буй орон сууцны зэрэглэл, байршил, барилгын хийц нөлөөлж байгаа юм. Ерөнхийд нь дүгнэвэл Улаанбаатар хотын төвд байрлаж буй энгийн зэрэглэлтэй орон сууцны дундаж үнэ 2,3-2,4 сая төгрөг, дээд зэрэглэлийн орон сууцны төслийн дундаж үнэ 4,7 сая төгрөгт хүрч буй юм.
Харин хотын төвийн бус газарт байршилтай тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,3 сая төгрөг байгаа бол энгийн зэрэглэлийнх нь 1,8 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Хотын төвд байрлалтай дундаж зэрэглэлийн орон сууцны 1м2-н дундаж үнэ 2,5 сая төгрөгний үнэтэй, үнэ ханшны зөрүү 467 мянган төгрөг ажээ. Харин энгийн зэрэглэлийн орон сууц нь 2,35 сая төгрөгний үнэтэй, дундаж үнийн хазайлт нь 261 мянган төгрөг байна. Мөн нийт төслийн үнийг байршлын хувьд авч үзвэл, хотын төвийн байрны дундаж үнийн хазайлт хамгийн өндөр буюу 1,07 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын төвөөр байрлаж буй 39 төслийн 70 орчим хувь нь дундаж үнээс дээш, доош 1,07 сая төгрөгийн хэлбэлзэлтэй байгаа ажээ. Харин хотын төвийн бус байршилтай 143 шинэ төслийн үнийн хазайлт 625 мянган төгрөг байгаа нь үнийн ялгаатай байдал төвийн орон сууцнаас 1.5 дахин бага байгааг харуулж байгаа юм.
Д.ЦЭЭНЭ