Дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулсан.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох гэсэн саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжсэн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувийн саналаар хуулийг бүхэлд нь баталлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг холбогдох хэсэгт тусгаснаас гадна агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсний дараа хуулийг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Хуулийн төсөл санаачлагчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан томилж, чөлөөлдөг байх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг нар боловсролын салбарын удирдах ажилтны томилгоо нь улс төрөөс ангид, мэргэжлийн боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл, боломжоор хангагдсан байх ёстой гэсэн санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуулийг анх 2012 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2012-2016 онд 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулж байгаа харилцааг өмнө нь Инновацийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан бусад хууль тогтоомжоор зохицуулж байсан хэдий ч зарим хууль тогтоомж шинэчлэгдсэний улмаас Инновацийн тухай хуулийн нилээд олон заалтыг хассан, өөрчилсөн, хүчингүй болгосон тул Төрөөс инновацийн талаар төрөөс баримтлах бодлого болон бусад холбогдох бодлогын баримт бичгийн агуулга, зарчмын хүрээнд Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон аж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжрах, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын 20 гаруй орны туршлага, судалгаа, шинжилгээний тайлан материалд үндэслэн харьцуулан судалсан бөгөөд судалгааны дүгнэлтэд дурдсан инновацийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инноваци, гарааны компани, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ шаардлагыг нийцүүлсэн гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Шуудангийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлтийг хийж чадах шууданг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь шуудангийн сүлжээгээр дамжуулан цахим худалдааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тусгай зөьшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжжэнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Учрал, Б.Баттөмөр нар асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийл хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологи эзэмших боломжийг бүрдүүлэх, худалдаан дахь саад тотгор, техникийн хүндрэл бэрхшээлийг багасгах, ингэснээр эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, гадны хэмжил зүйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулж нутагшуулах, хэмжил зүйн талаарх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжилд онцгойлон анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд  хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж