Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар төрийн өмчийн эмнэлэг, их, дээд сургуулийн засаглалын өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт үүрэг өглөө.
Улс төрийн сонгуулиар томилогдсон сайд эмнэлэг, сургуулийн захирлыг сольдог эрүүл бус үзэгдэл бий. Үүнийг цэгцлэх цаг болсон. Эмнэлгийн даргыг улстөрөөс томилж байгаа нь эмгэнэл. Эмнэлгийг улс төр эмгэнэл болгож байна. Их, дээд сургууль ч улс төрийн байгууллага биш. Их дээд сургуулийн Удирдах зөвлөл улс төрийн зөвлөл байж таарахгүй. Намын эмнэлэг, намын дээд сургууль гэж байхгүй. Улсын эмнэлэг, улсын их дээд сургууль л гэж бий гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Эмнэлэг, сургууль гэдэг бол үйлчилгээний байгууллага. Улстөрийн үзэл, намын харъяаллаар нь эмнэлэгт хэвтүүлж, сургуульд сургадаггүй. Хүн эмчлэх, сургахад улс төр ямар ч хамаагүй. Улс төрөө сургууль эмнэлгээс холуур хийх хэрэгтэй. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эдгээр байгууллагын толгой нь улстөржөөд байвал үйлчилгээ нь улстөржинө гэсэн үг.
Улс төрийн төлөөлөл биш, үйлчлүүлэгч, ажил олгогч, мэргэжлийн салбар, менежерүүдийн төлөөллөөс бүрдэх шийдлийг энэ хоёр салбарт гаргая. Үйлчилгээний чанар нь нэр хүнд, хэрэглэгчийн итгэл, менежмент, орчин нөхцөлөөр өрсөлдөх учиртай болохоос намаар, томилгоогоор өрсөлддөг тогтолцоог халах цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Эх сурвалж: www.zasag.mn