Өнгөрсөн онд 600 мянга гаруй гэмт хэргийн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 600 мянга гаруй гэмт хэргийн дуудлага иржээ

Өнгөрсөн онд 600 мянга гаруй гэмт хэргийн дуудлага иржээ

Цагдаагийн ерөнхий газар 2018 оны статистик мэдээллээ өнөөдөр /2019.01.18/ танилцуулаа. Хэвлэлийн хуралд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт  болон Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нар оролцлоо. Улсын хэмжээнд 2018 онд нийт 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар буурсан байна. Тэр тусмаа хүнийг санаатай хөнөөх болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд  “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мөрдөе-21”, “Unfriend” хөдөлгөөн гэх мэт хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж ажилласан гэж дүгнэв.

         ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 193 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтыг явуулж байгаа ч 2005 оноос хойш хулгайлах, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэргийн тоо буурахгүй, өсөх хандлагатай байгаа аж. Энэ нь иргэдийн сонор сэрэмж муу байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарлав.  Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 193.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 32.4 тэрбум төгрөг буюу 16.8 хувийг нөхөн төлүүлж 12.7 сая төгрөгийг битүүмжилсэн байна. Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 620 гаруй мянган дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ нь нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн нийт дуудлага бөгөөд хоногт 1700, цагт 70 орчим дуудлагыг цагдаагийн алба хаагчид хүлээн авч, хяналт шалгалт хийжээ. Нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол үлдсэн 29 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 28.095 буюу 77.6 хувийг хөнгөн, 8125 буюу 22.4 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлжээ. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийг 55.5 хувийг далд аргаар буюу эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 36 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгжээр өссөн үзүүлэлт аж.

                      ЭРХЭЛСЭН ТОДОРХОЙ АЖИЛГҮЙ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙНА

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 16389 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 41.5 хувийг 18-29 насны залуус эзэлж байгаа бол 55.7 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байна. Үүний 86.5 хувь нь эрэгтэй бол 13.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Тэднээс гурван хүн тутмын нэг нь согтууруулах ундааны төрөл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байна.  Гэмт хэрэг хэвчлэн шөнө буюу 22.00-06.00 цагийн хооронд хамгийн их үйлдэгддэг бол өдрийн цагаар харьцангуй бага байдаг аж.

                                                      ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 33.566 МЯНГАН ИРГЭН ХОХИРЧЭЭ

Тэгвэл гэмт хэргийн улмаас 57 хуулийн этгээд буюу аж ахуй нэгж байгууллага, 33.566 мянган иргэн хохирсон байна. Үүнээс 934 хүн нас барж, 9283 хүн гэмтжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн нэг сая 700 орчим зөрчил илэрсний дийлэнх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн байна. Түүнчлэн архины эмчилгээнд 3250 иргэн  сайн дураараа явсан нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж