Д.Дорлигжавыг санаатай гүтгэж, саатуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжавыг санаатай гүтгэж, саатуулсан гэв

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн   төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нь Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокурорын алба хашиж байхдаа өөрийг нь дарамтлан дөрвөн сая ам.долларыг авсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Д.Дорлигжавыг  авлига албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нэгдүгээр сарын 7-ны өдөр нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан юм. Түүний хувьд ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.  Эл шийдвэрийг Д.Дорлигжав болон өмгөөлөгч нар нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг  энэ сарын 16-ны өдөр Хан-Уулын шүүхээр хэлэлцсэн ч өмнө гаргасан нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгосон юм.


Тэгвэл өнөөдөр /2019.01.18/ Д.Дорлигжавын өмгөөлөгчид болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд , Монгол Улсын ерөнхий прокурор, Шадар сайдаар ажиллаж байхдаа төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учир энэ гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй” гэдэг шалтгаанаар нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хууль, шүүхийн байгууллага  хүнийг эрхэлж байсан ажлаар нь  ялгаварлаж болохгүй. Бидний зүгээс Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэдгээ хэлж байлаа.

Т.ГАНБОЛД  ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭСЭН

Өмгөөлөгч Э.Амархүү

Өмгөөлөгч Э.Амархүү “2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн С1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн   төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд оролцохдоо  хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн. Та бүхэн нэвтрүүлгийг үзсэн бол Т.Ганболд нь  нэлээн зузаан баримтуудыг гаргаж ирсэн.  Тэрхүү баримтуудаас нэгхэн хуудсыг сонгож зөвхөн  нэг зүйл заалтаар гэрээний ерөнхий  утгыг агуулж тайлбарласан. Хуульч хүнийхээ хувьд гэрээ болон аливаа нэгэн хэлцлийг зөвхөн гэрээний нэгхэн зүйл заалтаар тайлбарлаж мэдэгдэл хийх нь болчимгүй үйлдэл юм. Хэрэв Т.Ганболд олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүссэн бол өөрт байсан бүхий  л мэдээллийг тус нэвтрүүлэг дээр дэлгэх байсан.

Энэхүү хавтаст хэрэг нь  2011 оны наймдугаар сарын 4-ний  өдөр байгуулсан ерөнхий  гэрээ холбогдох захидал харилцааг хамтад нь олон нийтэд дэлгэх ёстой байсан. Эдгээр баримтыг  нийтэд дэлгэсэн бол гэрээний үнийн дүн нь 15 сая ам.доллар биш 23 сая  ам.доллар  гэдэг нь илэрхий болох байсан.  Д.Дорлигжав энэ талаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Eagle news нэвтрүүлэгт оролцохдоо  дэлгэрэнгүй тайлбарласан.  Энэхүү хоёр нэвтрүүлгийг харьцуулаад үзээрэй.

Хэн нь өөрт байгаа гэрээний мэдээллийг бүгдийг нь олон нийтэд  танилцуулаад, хэн нь  гэрээний талаарх мэдээллийг нэгхэн хуудсыг  танилцуулаад байгаа юм.Гэрээ хоёр талт гэрээ бөгөөд нөгөө талаас  ОХУ-ын иргэн   С.В.Поушок. Бидэнд  гэрээний үнийн дүн хэд болох гэрээтэй холбоотой  тайлбар, нотлох баримт, материалуудыг С.В.Поушок  ирүүлсэн. Нэгдүгээр сарын 16-ны өдөр холбогдох материалыг АТГ-д хүргүүлсэн. Одоо шалгагдаж байна . Нийт ард иргэдэд хандаж хэлэхэд Д.Дорлигжавт хандсан дайралт гүтгэлэг мэдээллүүдэд авталгүйгээр шүүх хуулийн байгууллага үнэнийг олтол урьдчилсан дүгнэлт бүү гаргаач  гэж хүсч байна” гэв.

Т.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР  НЬ ӨМНӨХ БИЗНЕСИЙН ХАРИЛЦААНЫ ЯВЦАД ҮҮССЭН ӨР ТӨЛБӨР

өмгөөлөгч Т.Мөнх-Оргил

Дараа нь өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нь гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр   “ОХУ-ын иргэн С.В.Поушок болон Алтан Дорнод Монгол ХХК-ийн   дарга Т.Ганболд нар 2011 оны наймдугаар сарын 4-ны өдөр тус  компанийн хувьцааг 23 сая ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ хийснээс энэ бүх асуудал үүссэн.

Гэхдээ үүнээс өмнө Д.Дорлигжавын  төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн зүгээс С.В.Поушоктой  түүний компанийг 23 сая ам.доллараар худалдан, худалдан авахаар тохиролцсон байсан. Үүний урьдчилгаа болгож гурван сая ам.долларыг түүнд шилжүүлсэн. Гэтэл “Рекат Монголиа“ ХХК-ийн зүгээс төлбөрөө төлөхгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн учраас тэрхүү гэрээг цуцалж дараагийн худалдан авагч болох Т.Ганболдын Phoenix Sino Limited ХХК-д дээрх дүнгээр зарахаар болсон байдаг.

Гэрээнд оролцсон талууд дээрх үнийн дүнгээс “Алтан Дорнод Монгол”  ХХК-ийн  зээлийн тооцоо, Голомт банкны өмнө хүлээсэн үүрэг, компанийн ажилтнуудын цалингийн өр зэргийг шилжүүлэхээр тохиролцсон.  Дээрх асуудлын гол сэдэв болон хөндөгдөөд байгаа дөрвөн сая ам.долларын баримт нь С.В.Паушокоос  “Рекат Монголиа” ХХК-ийн авах ёстой мөнгийг  шилжүүлсэн баримт юм. 2011 оны есдүгээр сарын 22-ний өдөр Т.Ганболдын “Эн Ар Ай” компаниас 2.000.000 ам.доллар “Рекат Монголиа” ХХК-ийн дансанд орсон учраас  тухайн өдөртөө зээлийн үндсэн төлбөрт  зарлага  байдлаар татагдсан. Харин 2011 оны арваннэгдүгээр сарын 8-ний өдөр Т.Ганболдын “Пайонеринг интернешил “ компаниас Голомт банканд ирүүлсэн хүсэлтээр тухайн мөнгийг андуурч шилжүүлсэн буцааж шилжүүлж өгөхийг хүссэн тоот хүргүүлсэн байдаг. Үүнийг Голомт банкны  зүгээс өөрийн өрөндөө  тооцож татаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Т.Ганболдын хэлсэн дөрвөн сая ам.доллар  нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал. Гэтэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хамаарал бүхий этгээдэд  авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм” гэв.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, January 17, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж