Сүхбаатар аймгийн BBS TV -н мэдээллийг хүргэж байна. /2015.03.25/
– Төгсөгчдөд зориулан “Миний мэргэжил эх орны минь хөгжлийн гарц” лекцийг Сүхбаатар аймгийн ЗДТГ, Монголын оюутны холбоо, БСГазар, Сүхбаатар Скайтел салбар хамтран зохион байгууллаа. Төгсөгчдийн хувьд амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байгаа энэ үед өөрийн хүсэл сонирхолоор дуртай мэргэжлээ сонгохыг аймгийн удирдлага сурагчдад зөвлөлөө.
– Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн тийш 70 орчим км-т Шилийн богдын жуулчны баазын ойролцоо энэ сарын 22-ны өдөр хээрийн түймэр гарсаныг бүрэн унтраасан байна. Түймэр 14000 га бэлчээрийг хамарсан тухай урьдчилсан мэдээ иржээ. Түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
-Сүхбаатар Аймгийн цагдаагийн хэлтсээс орон сууцны подволуудад шалгалт хийжээ. Баруун-Урт сумын төвд орших 60 айлын подвольд архины хамааралтай хүмүүс орогнож байрладаг гэсэн гомдол иргэдээс ирдэг байна. Эдгээр иргэдийг подволоос гаргасан ч цоожгүй учраас эргэж цуглан архидах байдал тасрахгүй байгаа юм. Тиймээс багийн дарга нар орон сууцны хонгилуудад анхаарал тавьж цоож цуургатай болгох тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
– Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэлээ. Сүхбаатар аймагт усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хамтарсан төлөвлөгөө батлан тодорхой ажлыг хийсэн байна.
– Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах заалны хөл бөмбөгийн тэмцээн амралтын өдрүүдэд болж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчид хүч авхаалж самбаагаа сорилоо. Багийн дүнгээр Баруун-Урт сумын 4-р бүрэн дунд сургууль тэргүүн байрыг эзэллээ.
BBS TV