УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын төлөөлөгчид 2019 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Вант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд амжилттай оролцож өндөрлүүллээ.
Энэ удаагийн чуулганы үр дүнд Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой болон хүртээмжтэй өсөлтийг хангах чөлөөт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутаг дахь соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжих, цахим орчны аюулгүй байдлыг хангах, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх гэх мэт бүс нутаг төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудлаар парламентын түвшинд хамтран ажиллах шинэ арга хэрэгслийг тусгасан нийт 14 тогтоолын төсөл батлагдан гарлаа.
Ази, номхон далайн орнуудын парламентын 27-р чуулганы хамтарсан мэдэгдэл болох Сиэм Рэпийн тунхаглалд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гарын үсэг зурав. Энэхүү хамтарсан мэдэгдэлд чуулганаар баталсан тогтоолын үзэл санаа, агуулгыг гишүүн орнууд тус бүрдээ үндэсний хууль тогтоомж, хөтөлбөрүүддээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон.
Мөн Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы ирэх 28-р хуралдааныг зохион байгуулахыг хүссэн Австрали Улсын саналыг дэмжив.
Чуулганы төгсгөлд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Олон Улсын Парламентын Холбоотой хамтран энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын Ази, Номхон далайн орнууд дахь хэрэгжилтийн асуудлаарх Хоёрдугаар чуулганы тухай танилцуулж, уг чуулганд идэвхтэй оролцохыг урьсныг төлөөлөгчид дэмжиж хүлээн авав.
Эх сурвалж: PARLIAMENT.MN