Арчилж чадахгүй бол хувьд өгөөч?

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Арчилж чадахгүй бол хувьд өгөөч?

Арчилж чадахгүй бол хувьд өгөөч?

Барилга нурах аюултай гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарснаас хойш Байгалийн түүхийн музей хаалгаа бариад лав л тав дахь жилтэйгээ золгов. Засаг ч анхаардаггүй, яам нь ч сэтгэл тавьдаггүй уг музей дахиад хэдэн жилийг иймэрхүү дүр төрхтэйгээр угтахыг таашгүй нь. Үндэсний түүх соёлоо дээдэлдэг улсад  энэ тохиолдолд музейн барилгаа  шинээр барьсан, эсвэл багануудыг нь хүчитгэж шинэчлээд арга хэмжээ авxчихсан байгаа.

Музей бол улс орны толь, түүх соёлынх нь том өв, улсын дархлаа байдаг. Харамсалтай нь, Монголын музейд дэлхийд байхгүй, мөнгөөр хэмжигдэшгүй үнэтэй өв, үзмэр хадгалагдаж байсан ч үл тооно. Нурах дөхсөн барилгад үзмэр устаж болзошгүй нөхцөлд хадгалагдаж байсан ч санаа тавьдаггүй.  Мөнгөгүй, хөрөнгөгүйдээ ч Байгалийн түүхийн музейг энэ олон жил балгасаар нь байлгасан нь юу л бол…  Хэрэв төр мөнгөгүй байсан бол Төрийн ордныг тойруулаад энэ олон яам, агентлагийн байрыг шинээр барьж чадах байсан уу. Чадахгүй л байсан шүү дээ.

Аль ч Засгийн газрын үед эмнэлэг, сургууль, музей бусдаасаа дорд үзэгдэж, барилгыг нь шинэчлээд барьчих сэтгэл дутаж ирсэн нь өнөөдөр ч ашиглалтад орж чадаагүй байгаа Яармаг дахь төрөх эмнэлгийн байр, Сүхбаатар дүүрэгт бараг арваад жил баригдаж байгаа Түлэнхийн төвийн барилгаас харж болно.

Шорон гяндан, хууль хүчний байгууллагын байр бол нүд ирмэх зуур л ашиглалтад ордог. Худлаа гэвэл Улсын мөрдөн байцаах газрын байрыг жил хүрэхгүй хугацааны дотор шинээр барьж, ашиглалтад орсныг бултаараа л мэднэ.

Хуучин барилгыг нь нураагаад шинээр барихад  ердөө найман сарын хугацаа шаардаж байна. Харин Түлэнхийн төвийн барилга, төрөх эмнэлэг зургаа, долоон жил дамнан баригдаад ч ашиглалтад ордоггүй. Музей гэхээр төсвөөс хөрөнгө гаргаад барих тухай хөнддөггүй, балгас чигээр нь байлгаж байдаг. Уг нь Ардчилсан намыг Засаг барих үед гадаадын зээл тусламжаар уг музейг барих тухай нэг хэсэг яриа болж, БНСУ-аас холбогдох хүн нь ирж, судалгаа хийсэн ч  газар олдохгүйгээс мухардалд орж, өнөөх хүн нь аргаа бараад буцсан гэдэг. Ингэж байхаар арчилж чадах хөрөнгөтэй, мөнгөтэй хүнд нь шилжүүлчихвэл Байгалийн түүхийн музейг  дор нь л өөд татчихна даа.

Төрийн ордны зүүн талд хуучнаар Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байр хэчнээн жил хотын өнгө үзэмж гутаан байсан билээ. Дуудлага худалдаанд оруулангуут эзэнтэй болж, өнөөдөр шил толь болсон барилга баригдчихсан дотор нь “Говь”, “Гоёо”-гоос эхлээд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, жуулчдын хөл ч татрахгүй байгаа.

Хуулиараа Байгалийн түүхийн музей төрийн хараа хяналтад, өмчлөл нь мөн төрд ч арчилж чадахгүй байгаа нөхцөлд хувьд зориулалтынх нь дагуу үйл ажиллагаа явуулах гэрээтэйгээр шилжүүлж яагаад болохгүй гэж… Хэрэв хууль, тогтоолоо өөрчлөөд ч болохгүй гэж үзэх юм бол төр нь өмчдөө эзэн шиг нь хандаж, Байгалийн түүхийн музейгээ өөд татахад анхаараач…

Хэдэн жил ажилчид нь “Нурах эрсдэлтэй” гэсэн анхааруулга хадсан барилга дотор ажиллах болж байна вэ? Тэдний амь нас үнэгүй болж таарч байна уу, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд аа, Ерөнхий сайд аа.

Өдөр тутамд барилгын гадаа нь хүмүүс олноор явж өнгөрч байна. Шавар нь унаж хүн бэртээвэл хариуцлагыг хэн хүлээх вэ?. Сэтгэл тавихгүй, арчилж тордохгүй хугацаа алдах тусам ирээдүй үе ч хохирч байна. Үзэж харах юмгүй хүүхдүүд PC тоглоомын газарт саатаж явна. Жуулчдад үзмэрүүдийг нь үзүүлж, эх орноо сурталчилж, валют хэдэн саяар нь олж гийгүүлдэггүй юм гэхэд ядаж хүүхэд, багачууддаа байгалийг танин мэдэхэд нь тусалж, улсын ганц музейгээ үзүүлдэг бол хэчнээн нэмэртэйсэн.

За тэгээд захих юм, арчилж тордох нэрийн дор газрыг нь зарах арга саам бодоод олчхов доо. Энэ талаараа аль ч Засгийн эрх мэдэлтнүүд гаршсан гээд хэлчихэд гүтгэсэн болохгүй л болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж