“Он гарсаар хилийн чанадад 24 хүн нас барсан”

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

“Он гарсаар хилийн чанадад 24 хүн нас барсан”

Энэ сард  Хятад, Франц улсад  Монгол Улсын иргэд амиа алдаж,  АНУ-д хоёр  монгол оюутан хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарлаа.  Монголын иргэд  хилийн чанадад амиа алдсан  хэрэг ар араасаа гарсан энэ өдрүүдэд Гадаад хэргийн яамны Консулын газар хэрхэн анхаарч ажилласан талаар Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодрууллаа.

-АНУ-д суралцдаг хоёр оюутан  охин хүчирхийлэлд өртсөн  хэрэг гарсан. Одоо хэргийн мөрдөн байцаалтын явц ямар шатанд явна вэ?

-2015 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Виржиния мужийн Бурке  хотод Монгол Улсын хоёр иргэн хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэсэн хэрэг гарсан.  Энэ дагуу манай Вашингтонд суугаа ЭСЯ Фейрфакс хотын цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдуулан Монгол Улсын нэг иргэн, АНУ-ын нэг иргэнийг сэжигтнээр тооцон байцааж байгаа.  Одоогоор хүчирхийлүүлсэн эсэх нь  тогтоогдоогүй байна.

Энэ мэдээлэл Гадаад хэргийн яамны Консулын газарт хэзээ ирсэн бэ. Оюутнуудын ар гэрийнхэнтэй холбогдсон  уу?

-Гадаад хэргийн яам энэ талаарх мэдээг  хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа авсан. Гэхдээ бид хүний нэр төртэй холбоотой,  эмзэг асуудал учраас олон нийтэд мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн. Ер нь Гадаад хэргийн яам өөрийн улсын иргэнтэй холбоотой асуудал дээр  анхаарал тавьж ажилласаар байгаа. Бид гарсан   асуудал болгоныг олон нийтэд мэдээлэх ёсгүй. Ар гэрийнхэнд нь болон  тухайн асуудалд өртсөн хүнд хүндээр тусдаг учраас бид зарим мэдээллийг нууцлах шаардлагатай болдог.  Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг гарлаа гэхэд  тухайн улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд газар дээр нь очиж цогцсыг үзэх, задлан шинжилгээнд орох гээд хүнд нөхцөлд ажилладаг. Тэр болгоныг олон нийтэд мэдээлдэггүй  гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хятад,  улсын Эрээн хотод Монгол Улсын иргэн эмэгтэй бусдын гарт амиа алдсан  бол Францад бас нэг монгол эмэгтэй учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан.  Гадаад хэргийн яам ямар арга хэмжээ авсан  бэ?

-Францын Пираго хотод энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын иргэн учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн талаарх мэдээллийг  ар гэрийнхэнд нь хүргэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор ар гэрийнхэн нь Францад  очоод байгаа. Ар гэрийнхэнд нь шаардлагатай тусламж дэмжлэгийг  манай Парис дахь ЭСЯ-наас үзүүлж байна. Хэрэгт Монгол Улсын иргэнийг саатуулсан  гэдэг мэдээлэл бидэнд ирсэн.  Дараагийн хэрэг нь Хятадын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө Монгол  Улсын иргэн бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Консулын газар сэжигтнийг баривчлах ажилд анхаарал хандуулж ажилласан. Ингээд  сэжигтэн этгээдийг Эрээн хотоос 1000 км-ийн зайд байрлах Ухань хотоос баривчилсан  гэдэг мэдээллийг  Эрээн хотын албанынхан мэдээлсэн. Өнөөдөр  ирсэн мэдээллээр сэжигтнийг Эрээнд авчраад байгаа юм байна. Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас  Хятадын холбогдох албаныхантай хамтран талийгаачийн шарилыг өчигдөр хилээр нэвтрүүлээд байна.

Өчигдөр Германы онгоц  осолдож, 150 хүн амиа алдлаа. Зорчигчдын дунд Монгол Улсын иргэн байсан эсэхийг албан ёсоор тодруулсан уу?

-Онгоц осолдсонтой холбоотойгоор Германы гадаад хэргийн  яаманд  зорчигчдын ар гэрийнхэнд туслах  штаб байгуулсан. Уг штабтай Монгол Улсаас Герман улсад ЭСЯ-наас Берлиний цагаар өчигдрийн 17.13 цагт холбогдож  Монгол  Улсын иргэн   зорчиж явсан эсэхийг тодруулахад “Одоогоор   тийм мэдээлэл ирээгүй, хэрэв нотлогдвол шуурхай мэдэгдэнэ” гэдэг мэдээлэл өгсөн.  Герман дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс Парис дахь ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдож мэдээлэл солилцсон.

Гадаад хэргийн яамны консулын газраас өгч байгаа мэдээллээр 2015 он гарсаар хилийн чанадад  Монгол Улсын 24 иргэн нас барсан  байна. Тэдний ес нь БНСУ-д, тав нь Франц улсад  нас барсан бол Хятад, Турк, Япон, Унгар зэрэг улсад ажиллаж амьдарч буй иргэд  нас барсан байна. Дээрх иргэдийн хувьд  50 хувь нь өвчний улмаас нас барсан бол  авто замын болон үйлдвэрлэлийн ослоор 3, гэмт хэрэгт өртөн 2 хүн амиа алджээ.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж