Шатахууны 47 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Шатахууны 47 хоногийн нөөцтэй байна

Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригт Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Уг хурал өнөөдөр болж, Уул уурхайн сайд Р.Жигжид, дэд сайд Г.Тэмүүлэн, мөн агентлагийн дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


 ШАТАХУУНЫ 47 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 228,799 тонн газрын тос олборлож  218,356 тонн газрын тос экспортолжээ. Нөөцийн хувьд улсын хэмжээнд дунджаар 47 хоног буюу нийт 139,819 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй аж. Тодруулбал,  А-80 автобензин 65 хоног, Аи-92 автобензин 53 хоног, Дизелийн түлш 48, ТС-1 21 хоногийн нөөцтэй байна.

 

ТӨМРИЙН ХҮДРИЙН БОРЛУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ҮНЭЭС ТООЦОЖ АМНАТ НОГДУУЛНА

Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлуулжээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломж бүрджээ. Өмнө нь төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа Dampeir Hedland боомтын /www.umetal.com/ цахим хуудсанд нийтэлсэн FOB үнэд үндэслэн  “жишиг үнэ” гаргаж тооцдог байсан аж.

Харин дээр дурдсан тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг боловсруулж, зохицуулсанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт оруулах орлого багаса хэдий ч борлуулалтын гэрээний үнэд шилжсэнээр татварын бааз суурь өргөсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн төмрийн хүдрийн уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа хангагдах аж.

Хэрвээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогыг буруу мэдээлбэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тогтоолд заасан байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ БАТЛУУЛЖЭЭ

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талааp төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооpонд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болж, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх аж. Тухайлбал, хайгуулын хугацааг үе шатанд хуваах, хайгуул ашиглалтын талбайг буцаах, байгаль орчин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, орон нутагтай харилцах, үйл ажиллагаагаа тайлагнах зэрэг харилцаа илүү ойлгомжтой тодорхой болно. 

Одоогийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл хангагджээ.

 

ЭКСПОРТОД ГАРГАЖ БУЙ НҮҮРСНИЙ АНГИЛЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЖЭЭ

Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих,  эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох  үзүүлэлт болгож байжээ. Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр  экспортод гарч буй нүүрснээс нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал тодорхой болж, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457-2014” стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болжээ.
 

29 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд аж. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 478 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Харин 242 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 478 өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 29 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 292 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул холбогдох аймгийн Засаг даргын санал авахаар  Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүргүүлжээ.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га  бүхий эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авсан ба дэмжиж санал ирүүлсэн 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг энэ сарын 19-нд зарласан аж.

Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн  сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 13 талбайд сонгон шалгаруулалтыг зарласан ба ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр сонгон шалгаруулалтын саналыг нээх аж.
 

АЛТ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй, хайгуул хийж нөөц тогтоосон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн хүндрэлээс шалтгаалан олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох, урьдчилан худалдан авах замаар шийдвэрлэх юм байна. Түүнчлэн "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн дагуу журам, гэрээний загварыг Засгийн газар батална. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг үйл ажиллагаа нь сэргэсэн, олборлолт явуулах тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд тогтоох, нөөцийн тодотголыг хийж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж бүртгэх ажлуудыг яаралтай зохион байгуулж гэрээ байгуулна. Ийнхүү гэрээ байгуулсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сэргээх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг дээрхтэй ижил нөхцөлөөр зохион байгуулах аж.

 

ГАЦУУРТЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШИЛИЙН ХУВЬ ТОГТООХ ХЭЛЭЛЦЭЭГ ХИЙЖ БАЙНА

Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК- тай тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг хийх ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан байна. Тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль эрх зүй, эдийн засаг, санхүү-хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажлууд дээр дүн шинжилгээ хийж буй юм байна.


Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж