Т.Уранцэцэг Эрүүгийн хэргийн танхимыг толгойлно

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Т.Уранцэцэг Эрүүгийн хэргийн танхимыг толгойлно

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр  зарлиг гаргаж Тогтохын Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томилжээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан , Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав өндөр насны тэтгэвэртээ гарсан бол Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан юм.

Т.Уранцэцэг шүүхэд 34 жил ажилласны 16-д нь анхан шатны шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан туршлагатай сайн шүүгч нарын нэг  юм байна. Тэрбээр  Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдсоныхоо дараа “Дээд шүүх нь аливаа хэрэг маргааны хувьд эцсийн зогсоол байдаг. Энэхүү эцсийн зогсоолын шийдвэр нь хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхэм зорилгоо шүүх хэрхэн хэрэгжүүлж байгаагийн хэмжүүр болдог. Тэр дундаа хүний эрхийг хязгаарлаж, Монгол Улсын нэрийн өмнөөс ял шийтгэл оногдуулдаг онцгой эрх хэмжээг эдэлдэг Эрүүгийн хэргийн шүүх нь өндөр хариуцлага хүлээдэг. Шүүх хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлыг үргэлжлүүлж, шүүх, эрүүгийн эрх зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж эрчимжүүлэхэд чадвар мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллана” гэжээ.

Харин Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томилогдсон Х.Сонинбаяр нь мөн л 30 шахам жил шүүхэд бүх шатанд нь ажилласан, анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, мэдлэгтэй шүүгч нарын нэг  юм байна.

С.СҮРЭН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж