Украины талаарх Хятадын байр суурь

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Украины талаарх Хятадын байр суурь

Хятад: Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ

 

 

Дөнгөж шинэхэн баримт. Бээжинд БХАТИХ-ын ээлжит чуулган чуулсантай холбогдуулан тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 3 дугаар сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ гарчигт өгүүлсэн мэдэгдлийг хийжээ.

 

-Крымын асуудал үүссэн шалтгаан нь нарийн түвэгтэй, гэхдээ бид түүнийг яриа хэлэлцээний замаар улс төрийн хувьд шийдэж чадах болов уу хэмээн найдаж байна.

 

-Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс дэмжих болно.

 

-Тэнд үүссэн нөхцөл байдал олон улсын геополитикт болон дэлхийн эдийн засгийг сэргээн тогтоох үйл явцад хүндээр нөлөөлж байна гэжээ. Тэгвэл яг жилийн өмнө 2014.03.06-нд БХАТИХ-ын чуулганы үеэр БНХАУ-ынГадаад хэргийнсайд асан, эдүгээ Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн байгаа Ян Жэчигийн хэлсэн үг байна.

 

-Украины хэрэгт Украины ард түмний хууль ёсны эрх ашгийг бодолцох хэрэгтэй. Өнөөгийн байдалд холбогдох талууд хүлээцтэй хандаж улстөр, гадаад харилцааны аргаар хямралыг шийдвэрлэх хэрэгтэй.

 

Жилийн өмнө Майданы хувьсгал дэгдэж байх үед БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин бас ингэж мэдэгдэж байв:

 

-Украины талууд улс орныхоо эрх ашиг, ард түмний амгалан тайван байдлыг бодолцож, яриа хэлэлцээний арга замаар зөрчлөө шийдвэрлэн, нийгмийн дэг журам тогтвортой байдлаа түргэн сэргээхийг Хятадын тал хүсэж байна, мөн олон улсын хамтын нийгэмлэгүүнд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг уриалж байна.

 

-Cтратегийн түнш орны хувьд, Хятад улс Украины ард түмний сонголтыг хүндэтгэх бөгөөд нийгмийн энхтайван тогтвортой байдлын төлөө хүчин чармайлт гаргаж буй Украины 3асгийн газар, ард түмнийг дэмжинэ.

 

Өмнөд хөршийн албан ёсны байр сууриас гурвыг эшлэлээ. Харин одоо Хятад-Украины харилцааны түүх рүү орж тайлбар хайя. Хувь заяаны учрал уу, төлөвлөсөн арга хэмжээ байв уу, Киевт бослого тэмцэл дэгдэж, хувьсгал үймэхээс өмнөхөн Украины Ерөнхийлөгч В.Янукович Хятадад төрийн айлчлал хийж таарсан ба Хятад-Украины харилцааг шинэ өндөрлөгт гаргаж хөгжүүлэхээр баахан амлалт өгч сэтгэгдэл төрүүлээд буцсан байх аж. Хятад, Украин хоёр 2011 онд тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээр болжээ.

Хятад, Украины харилцааг бэхжүүлэх гүнзгийрүүлэх талдээр Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин 4 зүйлт санаачилга гэдгээ В.Януковичэд уламжилж байжээ. 1) Дээд хэмжээний харилцаагаа эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх.

2) Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хол ахиулж, хөдөө аж ахуй, эрчим хүчний нөөц, дэд бүтэц, банк санхүү, өндөр технологийн салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх. 3) Хүмүүнлэгийн салбарт шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хүмүүсийн солилцоог өргөтгөх, хоёр орны хүүхэд багачуудын харилцаа солилцоог сайтар зохион байгуулах. 4) Олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөх, нягт хамтран ажиллах. Үүнд шударга, зүй ёсны олон улсын улс төрийн шинэ дэг цогцлон байгуулах явдлыг урагшлуулах, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтын эсрэг хамтран зогсож, хамтын ашиг сонирхлоо хамгаалах гэжээ.

Янукович Төрийн тэргүүн байхдаа гадаадад хамгийн сүүлчийн удаа албан ёсоор айлчилсан нь энэ ба сайхан итгэл төрүүлэхүйц сэтгэгдэл үлдээсэн айлчлалынхаа дараахан тэрээр хөөгдөн бууж эх орноосоо дүрвэлээ. Хятадын эрх тэгш стратегийн түнш Украин нь 2 хуваагдаж, одоо гурав хуваагдан задрахын даваан дээр байна. Хятадын тал хүлээцтэй хандаж улстөр, гадаад харилцааны аргаар хямралыг шийдвэрлэх хэрэгтэй гэхээс өөр хэлэх үггүй бараг шооконд ороод байтал Ерөнхий сайд Ли Кэцяны саяхны мэдэгдэл бодлогын чиг баримжааг гаргаж өглөө.

Дахиад түүх сөхье. 1991.12.27-нд Украин дөнгөж тусгаар тогтномогц БНХАУ тус улсыг хүлээн зөвшөөрч, 1992 он гараад дипломат харилцаа тогтоожээ.Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук 1992 онд, Хятад улсын Дарга Зян Зэминь1993 онд Украинд, Ерөнхийлөгч Леонид Кучма1995 онд Хятадад айлчлаад харилцаа урагшилж байтал 1996 онд украинчууд харилцаагаа золтой л бусниулчих болчимгүй алхам хийсэн байх аж. Дундад Иргэн Улсын (Тайванийн) Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд Лянь Жань Киевт хувиараа гэсэн нэрээр айлчилж, хятад түнш нараа айхтар эмзэглүүлсэн ба харилцаа саарч зогсоод бүр 2001 он хүрсэн байх юм. Тэгж тэгж Зян Зэминь дахин Украинд очиж харилцаагаа хэвийн болгож улс төрийн гомдлоо гэтэлгэжээ. Чингэхдээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, дотоод хэрэгт нь оролцохгүй хэмээн хоёр талаас мэдэгджээ. Хятад нь Тайваниа, Украин нь Крымээ эзэн мэднэ гэсэн асуудал тэр үед яригдаж дэмжигджээ. Леонид Кучмын дараагийн айлчлалын үеэр шийдэлд хүргэх шахсан нэг чухал асуудал бол ХХI зууны Украин, Хятадын хоорондын стратегийн харилцаа, хамтын ажиллагааны зарчмуудын тухай гэрээ (25жилээр) байв. Хятад нь ийм гэрээг ОХУ-аас өөр ямар ч улстай байгуулаагүй, хоёр дахь нь Украин болохоор байж байтал Киевт улбар шарын хувьсгал дэгдэж харилцаа саатжээ. Кучматайгаа хамт харилцааны идэвхтэй дуусчээ.

Тайваньтай болчимгүй харилцдаг өмнөх алдаагаа 2005 онд Украин дахин давтлаа. Тайванийн Засгийн газрын төлөөлөгч Хуан Жифан гэгчийг Киевт олон улсын хуралд оролцуулжээ. Тэр дундаа БХАТИХ-ын чуулганаар “Сепаратизмтай тэмцэх тухай” хууль батлах гэж байсны яг өмнөхөн ийм алхам хийж хятад анд нараа гомдоожээ. Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн өнгөн дээр Украин-Хятадын харилцаа сайжирсангүй, харин ч 2007 он хүртэл харилцан айлчлалууд цуцлагдлаа. Украины парламентын спикер Александр Мороз 2007 онд Хятадад дөнгөж айлчилж эхлээд байх үед нь Ющенко Киевт парламентаа тараалаа. Спикер асан Морозтой Хятадын тал хэлэлцээ хийсэнгүй. Хоёр талаас харилцан айлчлалууд бүр зогслоо. Гэвч 2009 онд хятадын тал санаачилга гаргалаа. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гурвын гурван гишүүн (ВанГан, ЮйЖэншэн, ЖанДэзян) Киевт гэнэт очжээ. Хариуд нь Украины Ерөнхий сайдын орлогч Григорий Немыря Бээжинд ирж харилцааг бүлээцүүллээ. Виктор Янукович, Ху Жиньтао нар Вашингтонд 2010 онд уулзлаа. Хятадын Гадаад хэргийн сайдыг Киевт урилаа. Тэрээр Украины албаны дарга нартай уулзсаны сацуу Крымын өөртөө засах бүгд найрамдах улсын удирдлагатай ч уулзжээ. Ингээд 2010 оны байдлаар хоёр орны хооронд цаасан дээр 151 эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан, ХХI зууны Украин, Хятадын хоорондын стратегийн харилцаа, хамтын ажиллагааны зарчмуудын тухай гэрээг солилцож гарын үсэг зурахад бэлэн болгосон байдалтай байв.

Дүгнэж үзвэл Украин нь Тайванийн асуудлаас болж хоёр удаа түншээ гомдоосон, тэр нь харилцааны саатал авчирсан, тэглээ гээд аль алин нь хохироогүй байдалтайгаар Януковичийг 2014 онд үджээ. Жил гарангийн турш Хятадын зүгээс Украины талаар дорвитой тоймтой байр сууриа илэрхийлээгүй байж байтал Ерөнхий сайд нь энэ 3 дугаар сарын 15-нд дуугараад байгаа нь тэр.

Даян дэлхий дээр нэг улс хэрнээ хоёр улс байдгийг украины тал даан ч тоосонгүй явжээ. БНХАУ ба Тайвань, хоёр Солонгос, хоёр Конго, хоёр Судан гээд байж байна. Түүхэнд хоёр Герман, хоёр Берлин, хоёр Йемен байсан. Харин хоёр Украин гэж байгаагүй, гэтэл одоо гурван Украин хэрэг дээрээ гарч ирэх гэж байх бус уу? Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хүн амын дунд санал хураалт явуулах замаар ОХУ-д нэгдэж орох асуудал Крым дээр туршигдан амжилттай шийдэгдсэн. Энэ бол түүхнээ тэр бүр байгаагүй үзэгдэл юм. Гэм нь Тайваньд тийм санал хураалт болохгүй, боллоо ч тэд Хятадад нэгдэе гэхгүй, одоохондоо. Харин Төвд, Шинжаанд тэгэхийг зорьвол тун эвгүй үр дүн гарч магад. Тусгаар тогтносон, бүрэн эрхт нэг улсын нэг муж санал хураалтаараа өөр нэг улсад нэгдэж орно гэхийг Бээжинд хэзээ ч хүлээн авахгүй, уучлахгүй. Тийм учраас Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс дэмжих болно хэмээн чангахан буурьтай дуугарлаа!

 

Нийтлэлч О.БАЯРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж