С.Эрдэнэ: Ерөнхий сайд попролоо дуусгаж, ажлаа хий

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

LiveС.Эрдэнэ: Ерөнхий сайд попролоо дуусгаж, ажлаа хий

16 : 45
2019-1-18

С.Эрдэнэ: Ерөнхий сайд попролоо дуусгаж, ажлаа хий

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Махны үнэ өсөөд байна. 70-80 сая малтай л гэх юм. Тэгээд өнөөдөр бид яагаад ийм үнэтэй мах идээд байна вэ. Эмээлт, 21 аймагт хэдэн махны үйлдвэр байна вэ. Махны үнэ өсөөд байхад Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ. Махны үйлдвэртэй холбоотой зээлийг хэн хэн авсан, одоо аль нь ажиллаж байна вэ. Монгол Улс бусад улсаас ялгарах өөрийн гэсэн үнэт зүйл, үнэт чанартай байх ёстой. Солонгост будааны үнэ өсөхөд маргааш нь фермерүүд нь жагсдаг. Өнөөдөр долоон ширхэг мал хулгайлахад хуульгүй болсон. Хулгайлж болно гэсэн үг. Хавар, намар шүлхий гэж махны үнэ буулгах, вакцины сүлжээ явж байна. Махны мафи гэж ярьдаг Монголын эсрэг явж байгаа  асуудал байна. Махны үнийг яаж барих вэ, үйлдвэрийг цөөлөх боломж байна уу.ямар ч зорилго, бодлогогүйгээр олноор үйлдвэрүүдийг бий болгосон юм бэ.

Ажлын хэсэг:

-Улсын хэмжээнд 52 махны үйлдвэр ажиллаж байна.2018 онд бидний гаргасан тооцооллоор 15.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн.  Махны үйлдвэрийн хүчин чадал 4.3 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм билээ.  Өнөөдрийн байдлаар 18 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 4.3 сая толгой малаас  үлдсэнийг нь  гар буюу хээрийн бойн аргаар орон нутгийн Засаг даргын хяналт дор боловсруулах ажил хийгдсэн. Махны үйлдвэрүүд жилд 180 хоног ажиллах хугацаатай байдаг юм байна.одоогийн байдлаар ажиллаж байгаа махны үйлдвэрүүд маш цөөхөн.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл:

-Өнгөрсөн жил 39 сая малыг вакцинжуулсан. 2019 онд 46 сая малыг вакцинжуулахаар төлөвлөж байна. ХХААХҮЯ-наас тендергүйгээр  шууд худалдан авах эрхийг өгсөн. Мал эмнэлгийн ерөнхий газраас ОХУ-д үйлдвэрлэгдсэн буюу нэг газраас худалдан авах бодлогыг баримтлан ажиллаж байна. Дотооддоо бид 20 нэр төрлийн вакциныг үйлдвэрлэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Махны үйлдвэрүүдийг дэмжих зээл гэж байхгүй юм билээ. Мах бэлтгэх аж ахуйн нэгжүүд арилжааны банктай зээлийн гэрээ хийгээд энэ дагуу мах бэлтгэдэг. Ингэхдээ арилжааны банкуудын зээлийн хүүг хөнгөвчлөх тодорхой эх үүсвэр улсын төсөвт сууж батлагддаг. 2019  онд 4.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр суугдсан.  Малын хулгайн хэрэгтэй холбоотой хуулийг бид судална. Шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Мал аж ахуйн салбар дэвшилттэй явж байгаа. Малчин өрхийн ажлын буянаар малаа өсгөж ард түмнээ хүнсээр хангах ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь малчид. Малын үнэ өсөх үндсэн шалтгаан нь экспорттой холбоотой. Өнгөрсөн оны эцсээр  нэг төлөгний үнэ 40 мянган төгрөг байснаа 60 мянган төгрөгийн үнэтэй болж өссөн. Махны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүчин зүтгэлийн үр дүнд энэ өсөлт бий болж байгаа. Малын үнийн ерөнхий  чигийг нь гаргаж өгмөөр байгаа юм. Махны үйлдвэрүүдээ дэмжихэд төрөөс төдийлөн дэмжихгүй байгаа. Нөөцийн мах цэвэр дарга нарыг иргэд буруутгахгүйн тулд хийгддэг ажил шүү. Бусдаар бол махны үйлдвэрүүдээ дэмжээд байгаа зүйл байхгүй. Махны салбарт хоёр том хүндрэл байна. Нэг нь мэргэжлийн хяналттай холбоотой. Хэдэн жилийн өмнө мал эмнэлгийн эмч болон мэргэжлийн хяналтын байцаагч хоёр хоёулаа үйлдвэр дээрээ ажиллаад үйлдвэрийн маханд нь хяналт тавьдаг байсан. Гэтэл тэр хүмүүсийн нь эрхийг хасч Улаанбаатар хотод 7-8 дарга дамжиж гарын үсэг зуруулдаг тогтолцоог бий болгосон. Үүний үр дүнд олон хүн авлига авч шоронд орсон, Ш.Раднаасэдийн үед. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ.

Ажлын хэсэг:

-Аймгуудад мал эмнэлгийн лабораториуд байхгүй. Хуучин бол мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч тухайн үйлдвэр дээр нь очиж хянаж үзээд дүгнэлттэй нь танилцсаны эцэст зөвшөөрдөг байсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оролцохыг шаардаж, попоролгүй ажлаа хийхийг санууллаа. Тэрбээр махны үнийн асуудал мөн гахайн мялзангийн өвчний талаар тодруулсан юм.  Тэрбээр Ерөнхий сайдын асуулгын цаг дээр Ерөнхий сайд чинь яагаад суудаггүй юм бэ УИХ-ын дарга аа. Засгийн газар гэж нэг УИХ-ын дээр суусан байгууллага байна аа. УИХ-аас томилогддог Засгийн газар нь ажлаа тайлагнадаггүй, шударга ёс ярьж сэлэм эргүүлээд л явах юм. Шударга ёс ярьсан улс төр улсынхаа ажлыг хийгээч ээ. Ажил хийх гэж Засгийн газарт орсон юм уу эсвэл попрох гэж гарсан юм уу. Ямар ч ажил хийхгүй байна. Хариуцлага хүлээхгүй байна. Үнэхээр гайхаж байна. Валютын ханш нь өсөөд, шатахууны үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад Ерөнхий сайдын рейтинг өндөр гээд яриад явдаг улс ёстой мэдэхгүй юм байна, манай улс л байх шиг байна. Хэзээнээс ажлаа хийх юм бэ.Нэг л их дүрэм журам ярьсан улс, хийсэн юм алга. Гахайн мялзан гээд өвчин гараад ирлээ. Энэ асуудал дээр ямар ажил хийж байгаа юм бэ.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Ерөнхий сайд өвчтэй байгаа гээд хэлчихье. Юу нь өвдсөн гэхээр хамаагүй дэлгэрэнгүй хэлж болдоггүй юм байна.Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж байна. Хоёр  өдрийн турш бүх аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Махны үнэ, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтийг  судлах асуудлаар Ерөнхий сайд чиглэл өгч ажлын хэсэг ажиллаж байгаа. Махны төрөл ангиллаас хамаараад хамгийн дээд тал нь 13 мянга болоод байна. Ер нь бол жилийн жилд сар шинийн өмнө бол махны үнэ нэмэгддэг. Та нар зарим ажлыг нь магтаж яриач. Өнгөрсөн оноос хойш Монгол улсын хэмжээнд шүлхийн өвчнийг дарсан.  Шүлхий  өвчин хүйтрэхээр идэвхэждэг юм билээ. Дэлхийн 14 улсад гахайн мялзан өвчин гарсан юм билээ. Манай улс гахайн махыг Польш, Герман, ОХУ, Хятадаас ихээр авдаг. Улсын онцгой комисс уг асуудлаар хуралдаж хилээр түр хугацаанд гахайн мах нэвтрүүлэхийг хориглосон байгаа. Энэ асуудлаар бид өдөр бүр хуралдаж байна.

Үүгээр баасан гаригийн чуулганы хуралдаан дууслаа.

15 : 25
2019-1-18

Чуулган: Нийт өрхийн 25.9 хувь нь  малтай

Баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Тус  танилцуулгад   мал аж ахуйн салбар нь ДНБ-ний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч 2017 онд  3.7 их наяд төгрөгт хүрч мөн оныхоос 5.6 хувиар нэмэгдсэн. мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхийн эдийн экспорт  2018 онд  580 сая ам.долларт хүрч өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллар буюу 1.8 дахин өслөө. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь нь ажиллаж манай улсын нийт өрхийн 25.9 хувь малтай. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй өрх 59.2 мянган байна. Малчин өрхийн тоо 2018 онд 230.9 мянгад хүрч өмнөх оноос 1.9 мянган өрхөөр нэмэгджээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянгад хүрч 16 хүртэлх насны малчин 0.3 хувь, 16-34 насны малчин 33 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах  хүртэлх насны малчин 54.2 хувь, тэтгэврийн насны малчин 12.5 хувийг тус тус эзэлж байна. 2018 оны мал тооллогын дүнгээр мал сүргийн тоо 66.5 сая толгойд хүрсэн. Малын тоо өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа боловч нөгөө талаар хүрээлэн буй орчин байгаль экологид  сөрөг нөлөө үзүүлж байгааг олон талын судалгааны дүнгээс харж болно. мал аж ахуйн салбарт малын тооны өсөлтөөс гадна малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч байна.  олон жилийн дунджаар нийт мал сүргийн 21.7 хувийг бод мал, 78.3 хувийг бог мал эзэлж байсан  бол өнөөгийн байдлаар бод малын эзлэх хувь 13.2 хувь, бог малын эзлэх хувьд 86.8 хувьд хүрчээ.

12 : 59
2019-1-18

Чуулган үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхэд  гишүүдийн олонх дэмжлээ.

Манай улс хэмжил зүйн салбарын харилцаагаа 1993 оноос хойш Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар 25 жил зохицуулж байна. Тиймээс “Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэмжих, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх, мөн Дэлхийн худалдааны байгууллага болон Хэмжил зүйн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор улсын хэрэгцээ шаардлага, хэмжил зүйн олон улсын хөгжлийн чиг хандлага, нийтлэг зарчмыг харгалзан, батлагдсан Үзэл баримтлалын дагуу Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч тодотголоо.
“Хэмжил зүйн тухай шинэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулна” гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин  танилцуулгадаа дурдав.

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд:
1.  Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ.

  1. Хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт, хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрэх алхам болно.
    3.  Олон улсын жишгийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
    4.  Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болно.
    5.  Алба, лабораториуд бий болсноор төрийн ажил, үйлчилгээний одоогийн төвлөрөл, ачаалал саарна.
    6.  Олон улсын гэрээ, хэлэлцээрт туссан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно.
    7.  Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж нэгж хэмжүүрт ногдох зардал буурах эрх зүйн орчин бүрдэнэ.
  2. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах хэмжил зүйн ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа бүрэн халагдаж, Хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоог бий болох үр дүн гарна гэж тооцоолж буй аж.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Үүгээр чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

12 : 53
2019-1-18

Н.Учрал:Хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдал сул байна

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, хувийн хэвшлийн шуудангийн байгууллагуудын оролцоог хангах бололцоог нэмэгдүүлэх, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хүргэлтийн хугацааг дэлхийн жишигт ойртуулах, шуудангийн үйлчилгээгээр дамжуулан бусад салбарт шинэ үйлчилгээ хэрэглээг нэвтрүүлэх, цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээг ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий заалтуудыг тусгасан байна.  Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн  Л.Мөнхбаатар, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. УИХ-ын гишүүн Н.Учрал төрийн үйлчилгээг нээлттэй байлгахаас гадна  хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй байгааг онцлоод ялангуяа илгээмж, захидлын нууцлалыг хамгаалж байгаа гэдэгт эргэлзэж байна. Уг хуулийн төслийн гол  ач холбогдол нь шуудангийн үйлчилгээний  нууцлалыг хангахад оршино гэж ойлгож байгаа” гэсэн юм.

Уг асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Шуудан бол нууц хадгалах үүрэгтэй. Манай шууданчид үүргээ биелүүлж ажилладаг. Нууцыг хадгалах баталгаа өгдөг. Хувь хүний нууцын тухай асуудал Үндсэн хуулиар олгогдсон эрх. Мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах зорилготой салбарын бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлтөд оруулах, мэдээлэл технологийн аудит зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч, холбогдох төслийг боловсруулж байгааг мөн энэ үеэр тодотголоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хаягаар хүргэх асуудлыг хөндөж асууллаа. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй ихэнх улс оронд шуудангийн сүлжээ мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй зэрэгцэн бэхжиж, иргэдэд хүртээмжтэй байсаар байгааг тэрбээр хэлэв.

Монгол Улсын хувьд салбарын эрх зүйн орчныг оновчтой тодорхойлж, олон талаас нь судалж байж бодлого боловсруулах шаардлага бий гэв. Мөн бүх төрлийн мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, бизнесийн гээд бүх салбарт тулгамдаад буй, шийдвэрлэх шаардлагатай асуудал гэдгийг  тодотголоо. Тиймээс дээрх төслүүдийн хэлэлцүүлэгт онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Ажлын хэсгээс хаягжилтын асуудалд хариулахдаа “Монгол Улсад гурван төрлийн хаягжилтын систем ажилладаг. Энэ гурван системийг  нэгтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэр хорооллын хаягжилтыг хийлгэх ажлыг энэ онд багтаахыг НЗДТГ-т хүргүүлсэн.   

Мөн хувь  хүн болон байгууллагын хаягаар хүргэж байгаа. Бизнесийн зорилгоор бэлэг зэрэг нэмэлт үйлчилгээг шуудангийн үйлчилгээгээр хүргэдэг.  Олон улсад 120 орчим шуудангийн үйлчилгээ бий.Эдгээр бүх үйлчилгээ манай улсад хэрэгждэг. Бичиг захидал, санхүү, транзит, улс хоорондын болон дотоодын илгээмж зэрэг нь шуудангийн  үндсэн үйлчилгээ юм гэдгийг ажлын хэсгээс тодотгов.

 Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав.  Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн юм.

 

12 : 06
2019-1-18

“Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь инноваци”

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулжээ. Инновацийн тухай хуульд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд дутуу томьёолсныг дахин, зарим нэр томьёог орхигдуулсныг дахин шинээр томьёолон хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхой болгох, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна. Гарааны компаниудын хувьд хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхээс гадна, олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур санал болгох боломжийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх инновацийн гранит олгох зэргээр төрийн дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн оролцооны зохистой түвшинг бий болгох асуудлыг мөн тусгасан” гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, болон Б.Баттөмөр нар үг хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Цаг үеэ олсон чухал хуулийн төсөл орж ирлээ.Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь инновациа  хөгжүүлэх явдал юм. Бид өнгөрсөн хугацаанд энэ  талаар маш бага ярьж ирсэн. Өнөөдөр манай алт олборлож байгаа компаниуд Монголд банкинд жилд 22 тонн алт тушааж байгааг нь сайшаах ч  энэ хэрээр байгальд ямар хор хохирол учруулсныг тооцож чадахгүй. 2015-206 онд инновацийн чиглэлээр тусгагдсан заалтуудыг хассан нь ухралт болсон. 21 дүгээр зууны хөгжил дэвшил шууд инновацитай холбоотой. Инновацийн тэргүүлэх чиглэлүүдийг жил бүр тодорхойлох шаардлагатай байна.  Энэ нь тухайн салбарын  ажлын бүтээмжийг үнэлэхэд гол үзүүлэлт болж байх ёстой. Үйлдвэрлэгч бус улсын хувьд шинжлэх ухааны салбартаа анхаарах  нь чухал. Манай эрдэмтдээс чухал чухал санал санаачилга гардаг ч харамсалтай нь үүнийг нь хөгжүүлэх эрхзүйн орчин алга. Уг хуулийн төслийг дэмжиж байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа тус хуулийн төслийн үзэл баримтлал 76.4 хувийн саналаар дэмжигдсэнээр холбогдох байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

11 : 43
2019-1-18

“Гаднын сургуулиуд манай хуулийг дагах ёстой”

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  УИХ-аас 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019 оны зургаадугаар сарын 1-ээс дагаж мөрдөнө.

Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа юм.  Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 201 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна.

Иймд Боловсролын тухай хуульд 2018 оны зургаадугаар  сарын 21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг төсөлд тусгажээ.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Хуулийн төслөө бүхэлд оруулж болоогүй юм уу. Сүүлийн үед залуучууд гаднын улсын түүхийг мэдэх атлаа өөрийн улсын түүхээ  мэдэхгүй байна гэж түүхчид хэлдэг. Мөн монгол хэлний мэдлэг муу байна гэж ярих болсон. Гаднын хөрөнгө оруулалттай сургуулиудад нэгдсэн стандарт  мөрдөх тухай зохицуулалт уг хуулийн төсөлд тусгагдах уу. Түүх болон Монгол хэлний хичээлийн чанарыг дээшлүүлж суурь шалгалт болгож авдаг баймаар байна. Манай их дээд сургуулиудын боловсролын чанар дэлхийд хэддүгээрт байна вэ. бид уул уурхай, эдийн засаг гэсээр 27 жилийн турш хүнээ орхигдуулж ирсэн.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

-Боловсролтой иргэд төрдөө болон бусдад гай болохгүй амьдардаг нь дэлхийн жишиг. Сум хөдөө, нийслэл гэлтгүй боловсролыг ижил түвшинд авах ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулийг нь дагах ёстой. Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн үед сурагчдыг амраахгүй гээд хичээллэж байгаа хувийн сургуулиуд байна. Түүхтэй холбоотой асуудалд Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй санал нийлж байна. Түүхээ сайн   мэдэхэд  нь эргэлтийн бодлого хийхгүй бол сүүлийн үед гаднаас орж ирэх хичээлүүдээ нэмэх зорилгоор түүх, монгол хэлний хичээлүүдээ хасчихдаг байсан энэ байдлыг засах тал дээр  сүүлийн үед ажиллаж байгаа. Гаднын зүйлсийг илүүд үзэж үндэсний гэх зүйлээ багасгасан. Өнөөдөр хүүхдүүд биеийн тамирын хичээлийг   туслах хичээл гэж хардаг болсон. Монгол хэлний шалгалт заавал өгч байж бусад хичээлийн шалгалт өгдөг байх тал дээр энэ жилээс ихэд анхаарч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Боловсролын хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудлыг тусгаж өгмөөр байна. Удирдлагын асуудал чухал байна. Удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг  нарийвчлан  тусгаж өгөх. Мөн томилгоог мэргэжлийн байгууллага нь хийдэг байх заалтыг оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй.

Ингээд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон  гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

11 : 01
2019-1-18

УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудыг баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өчигдөр миний бие нэг зүйлийг тодорхой хэлсэн. Хууль  нь байгаа  атал УИХ-ын дарга өнөөдрийг хүртэл үүнийг ашигласангүй. Аргаа ядаад Ерөнхийлөгч хуулийн төсөл  оруулж ирсэн. Баянзүрх дүүрэгт амьдардаг  Сүхбаатар аймгийн иргэд  таныг “Манай нутгийн хүргэн юм хэлээд өгөөч” гэж  надаар дамжуулсан юм. Тэгээд надаас юу гэж байна гэж өвгөдүүд асуулаа. Авгайгаасаа салъя л гэж байна гэж таны хэлснийг би хэлсэн.  Албан тушаалаасаа болж авгай хүүхдээсээ салаад юу гэх вэ гэж танд уламжилсан шүү. Өвгөчүүдийн санаа ихэд зовниж байна. Монголоо боддог бол өнөөдөр ч та огцорч болно. Боддоггүй бол цагаан сар өнгөрөөж цаг хугацаа авах гээд байна. Өнгөрсөн жил нэг хүн ярих  уу яах уу гэж айлгадаг байсан бол энэ жил нэг хүн салах уу яах уу гэж ярьдаг боллоо.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ж.Батзандан  гишүүн сүүлийн үед хэт миний хувийн амьдрал руу ордог боллоо. Та Сүхбаатар аймагт очиж үзсэн юм уу. Та Улаанбаатар хотод л амиа аргацааж байгаа.   Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Хамаг юмыг эхлүүлчхээд хамгийн түрүүнд зугтдаг нь та шүү. Та гэрийн хаягаасаа хүртэл зугтсан. Ж.Батзандан та арай дэндүү дээрэлхэж байна шүү.

Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 39
2019-1-18

УИХ-ын даргыг огцруулах төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хууль санаачлах эрх бүхий субъектээс оруулж ирсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хууль хэрэгтэй, хэрэггүй гэж зарим гишүүн хөндөж байна. УИХ-ын удирдлагыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг хуулийн тогтолцоо байх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлснөөр төрийн дархлаа суларна гэсэн яриа гарах боллоо. УИХ-ын дарга нь институц мэт ажиллах болсон. Гишүүдийнхээ ажиллах нөхцөл боломжийг хангаж ажиллаж байх ёстой атал УИХ-ын даргаас зөвшөөрөл аваагүй бол мэдэхгүй, чадахгүй гэдэг тайлбарыг тамгын газрынхан нь  өгдөг болсон. Нэрийг хэлээд яах вэ. Хуулийн төсөл батлагдаад явах байх. Энэ хуулийн дагуу дараа  дараагийн УИХ-ын дарга нь ч гэсэн  хариуцлага хүлээгээд явна. Ингэлээ гээд төрийн дархлаа суларна гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Гадаад орнуудын жишгийг бид их ярьдаг. Киргизийн Үндсэн хуульд спикертэй холбоотой заалтыг маш нарийн заасан байдаг. Манай Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Зөвхөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулиар зохицуулсан байдаг. УИХ-ын дарга АТГ-ын даргыг  томилдог мэт ойлголт иргэдийн дунд бий болсон. Тиймээс гишүүд хуулиа уншиж яримаар байгаа юм. Мөн хууль тогтоох дээд байгууллага гэж ихэд ярих юм. Доод байгууллага гэж байхгүй учир дээд байгууллага гэж яримааргүй байна. Хууль тогтоох ганцхан байгууллагатай. Өчигдөр ТББ-ын хорооны хуралдааны үеэр  хуулийн төслийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацааны асуудлыг нэлээд ярьсны эцэст нэгдүгээр сарын 25-наар тогтоосон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сэтгэлийн хөөрлөөр төрийн эрхийг барьж болохгүй. Талбай дээр 50 мянган иргэн жагсаагүй юм билээ. Цагдаагийн байгууллагынхан жагсагчдыг хаалгаар оруулахдаа нэг нэгээр нь оруулсан юм билээ. Удахгүй тоог нь гаргаж өгөх байх.  Хэн чанга ярьсандаа бус хэн үнэн ярьсныг цаг хугацаа харуулна. УИХ-ын дарга болон АТГ-ын даргаа МАН-ынхан та нар л өөрсдөө томилсон.  Гэтэл хоёр жилийн дараа МАНАН-гийн толгойлогч гээд ярих боллоо. Гишүүдийн титэм үг хэтрээд байгаа шүү. Би баяртай байна. Хууль гэж байдгийг сануулж байна. Дархлагдсан хүн гэж байхгүй. Хэн ч дархлагдаагүй.

 Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж