Баяр ёслол, ханиадны үед хэрхэн ЗӨВ ХООЛЛОХ вэ? | News.MN

Баяр ёслол, ханиадны үед хэрхэн ЗӨВ ХООЛЛОХ вэ?

Баяр ёслол, ханиадны үед хэрхэн ЗӨВ ХООЛЛОХ вэ?

Эмч зөвлөж байна

/Эрүүл тэнцвэржүүлсэн хооллолт нь эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг/

Өвлийн тэсгэм хүйтний эрч нэмэгдэж, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан хүний бие махбод улирал, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ гардаг. Энэхүү шинж нь биеийн бодисын солилцооны өөрчлөлтөөр илэрдэг байна. Уг өөрчлөлтийн үед дархлааны тогтолцоо суларч, аливаа өвчин эмгэгт өртөмтгий болдог ч хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг аж.

Иймээс бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, дархлаагаа сайжруулах нь бидний амьдралын хэв маяг буюу өдөр тутмын хэвшсэн үйлдлээс ихээхэн хамаарч байна. Тухайлбал, эрүүл амьдралын хэв маягт өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, спортоор идэвхтэй хичээллэх, эрүүл зөв хооллох, чанартай унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгах, тамхи татахгүй, архины хэрэглээг багасгах зэрэг нь багтана.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас эрүүл амьдрах 12 санамжийг  боловсруулсны ихэнх нь эрүүл амьдралын хэв маягт багтсан алхмууд орсон байдаг.

Эрүүл зөв хооллох нь хамгийн чухал болохыг ДЭМБ-ын дээрх зөвлөмжид дурджээ. Өвлийн улиралд шинэ ногоо, жимсний хэрэглээ хангалтгүй учраас хүний биед өдөр тутам хэрэгцээт эрдэс бодис, амин дэм, уураг зэрэг шим тэжээл ихээр шаардагддаг. Тиймээс Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хүүхэд болон насанд хүрэгсэд хоногт дунджаар 2100 ккал илчлэг авахаар хоол хүнсийг өдөрт 5-6 удаа бага багаар идэхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл биеийн жин буурах зүй тогтолтой. Хоногт авах илчлэгийг 100 хувь гэж тооцвол түүний 20-25 хувийг өглөө, 10-15 хувийг бага үдэд, 35-40 хувийг их үдэд, үлдсэн 15-20 хувийг оройн хоолоор дамжуулан авах нь илүү эрүүл зөв тэнцвэртэй хооллох боломжийг бүрдүүлнэ. Ийнхүү эрүүл тэнцвэртэй хооллосноор бодисын солилцоо, дархлаа, эрхтэн тогтолцоо, эд эсийн нөхөн сэргэлт, цусны эргэлт сайжирч, өдрийн турш эрч хүчтэй, бүтээмж өндөртэй байхад сайнаар нөлөөлдөг.

Цагаан сарын үеэр биеийн жингээ хэрхэн хянаж, зөв хооллох вэ?

Хүмүүс цагаан сарын үеэр хоол хүнсээ хэтрүүлэн идсэнээр ойролцоогоор 2-3 кг жин нэмэгдэх магадлалтай. Учир нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2500 ккал, эмэгтэй хүн 2100 ккал авахад тухайн өдрийнхөө илчлэгийг бүрэн хангадаг. Гэвч сар шинийн баяраар өдөрт авах илчлэгийн хэмжээг даруй 2-3 дахин илүү авах тохиолдол элбэг. Жишээлбэл, нэг ширхэг бууз дунджаар 130 ккал, 100 грамм нийслэл салат 400 ккал, нэг аяга сүүтэй цай 45 ккал, нэг аяга ундаа 150 ккал, нэг аяга айраг 120 ккал, нэг хундага цагаан архи 115 ккал гэж тооцоход нэг айлд зочлоход 1200 ккал, 3-5 айлаар ороход 3600-5000 ккал илчлэгийг хуримтлуулна гэсэн үг. Хоногийн хоол хүнсний 30 хувийг өөх тос эзэлж байх ёстой атал Та цагаан сараар 60 хувийн өөх тосыг хоолноос авч байгаа юм. Тиймээс сар шинийн баярын үеэр ногоон навчит хүнсний ногоо давамгайлсан салатыг түлхүү хэрэглэх, болж өгвөл өөх тос, сахар, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс татгалзах, өдөрт 30 минутаас дээш хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР АМТТАНААС ТАТГАЛЗАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ДЭМБ-аас сахарын хоногийн хэмжээ 6 цайны халбага буюу 25 граммаас ихгүй байхыг зөвлөж байхад чихэр, шоколад, бялуу, жигнэмэг зэрэг амттан, хийжүүлсэн ундааны орц найрлагын дийлэнх хэсгийг сахар бүрдүүлж байгааг зургаас харна уу. Тодруулбал, нэг лааз кола уух, эсвэл бүтэн нэг ширхэг шоколад идэхэд л хоногийн сахарын зохистой хэмжээнээс даруй 2-2.5 дахин илүү байна. Ингэснээр бие организмд орсон илүүдэл сахар нь хурдан хугацаанд өөх тос болон хуримтлагдан илүүдэл жин, таргалалтын үндсэн шалтгаан болохоос гадна зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, элэг өөхлөх, зөнөгрөх өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй.

Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх  чухал 5 алхам

  1. Өдөр бүр өөрт тохирсон, тааламжтай дасгал хөдөлгөөнөө хийснээр Та биеийн жингээ хянаж, олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.
  2. Хүний биеийн хоногт авбал зохих усны хэмжээг 1 кг биеийн жинд 40 мл гэж тооцдог. Үүнээс үзэхэд хүн хоногт ойролцоогоор 2.3-2.7 л ус ууж байж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаагаа сэргээн эрчимжүүлнэ.
  3. Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Сонирхолтой байхаас гадна биед зайлшгүй шаардлагатай уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус зэрэг шим тэжээлийг авах боломжтой. Дээр дурдсан шим тэжээлийг үр тариа, мах, хүнсний ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн болон тос зэргээс аваарай.
  4. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх болон олон өвчнөөс өөрийгөө хамгаалахыг хүсвэл хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөж байна. Бүхэл үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэснээр гэр бүл, үр хүүхдээ олон төрлийн өвчнөөс хамгаалж чадна.
  5. Цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж заншаарай. Учир нь цагаан идээ хүний шүд, ясыг бат бэх болгож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг юм.

Өвлийн улиралд илчлэг сайтай хоол хүнсээр дархлаагаа дэмжээрэй

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ илүү ихээр анхаарал халамж тавих шаардлагатай байдаг. Та хүүхдийнхээ дархлааг илчлэг сайтай хоол ундаар дэмжиж, дулаан хувцаслаж, олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг хичээгээрэй. Мөн амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахих зэргээр ханиад болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Ялангуяа халуун аарц, чацаргана, аньс, нэрс уулгах нь хүүхдийн биеийн дархлааг сайжруулдаг. Чацаргана жимсэнд ханаагүй тосны хүчил, уураг, тос, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад жимс, ногооноос давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.

Нийтлэлийг бичсэн: Ч.ОЮУН
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, Herbalife Nutrition-ын шим тэжээлийн зөвлөх

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж