Цагаан сарын чухал гангараа болох уламжлалт дээл ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар хэд хэдэн хувцас захиалгын газраар ороход захиалга авахгүй, ачааллаа дийлэхгүй байна гэж байлаа. Нэг үеэ бодвол дээлийн сонголттойгоор урлаж, худалдаалдаг болсон учраас Нарантуул худалдааны төвийг зорилоо. Сүүлийн жилүүдэд ч монголчууд уламжлалт Цагаан сарын баяраараа дээл өмсөх нь нэмэгдсэн гэдгийг худалдагчид онцолж байлаа.
Урт, богино өнгө өнгийн дээлийг эгнүүлэн өлгөсөн дээл худалдаалах хэсэг хүнээр дүүрчээ. Иргэд сонирхсон дээлээ барьж, эмэрч үзэн, үнийг нь асууж, зарим нь өмсч үзэж байлаа. Өлгөсөн дээлүүдийн 90 орчим хувь нь булган эмжээртэй дээл байгаа харагдав.
Үнийн хувьд нимгэн дээл 180 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв. Түүнээс арай зузаан нь 200.000-250.000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин булган эмжээртэй дээл 200.000-500.000 төгрөгийн үнэтэй байсан бол булган эмжээртэй хүрэм 250.000-500.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Үнийн ялгаа нь торгоны чанартай холбоотой гэж худалдаа эрхлэгчид тайлбарлаж байлаа. Мөн дээлний дотуур өмсөх торгон өмд 65 мянган төгрөг. Түүнчлэн хурганы арьсан дээл эрэгтэй нь 1.8 сая, эмэгтэй нь 1.4 сая гэж байлаа. Нэг дээлэнд 40-45 хурганы арьс ордог ажээ.
Харин хүүхдийн дээл 95.000-120.000 төгрөг, хүрэм 45.000 төгрөгийн үнэтэй байлаа.
Энэ жилийн дээлний загвар, үнэ ханшийн талаар худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдын сэтгэгдлийг сонслоо.
"ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 10-20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН"
-Манайд байгаа дээлнүүд 380-450 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс торго, материалаа аваад өөрсдөө оёдог. Энэ жил булган эмжээртэй, торгон дээлийг хүмүүс их сонирхож байна. Юанийн ханш өссөн болохоор дээлний үнэ өнгөрсөн жилийнхээс ойролцоогоор 10-20 мянга төгрөгөөр нэмэгдсэн. Хүмүүс хос дээл их авдаг. Өдөрт дунджаар гурван хос дээл зарж байгаа. Манайхан цагийг нь тулгаж байж бужигнадаг зуршилтай. Битүүн, битүүний урд өдөр өдөрт 20 орчим дээл зардаг. Гэхдээ тэр үед дээл шилэгдээд, сонголт нь багасдаг” гэж байлаа.
"420 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ БАЙГАА ДЭЭЛИЙГ САЛОНД 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРДАГ"
-Би 10 гаруй жил худалдаа эрхэлж байна. Энд дээл худалдаж байгаа хүмүүс бүгд өөрсдөө дээлээ оёдог. Манай захад дээл бусад газраас харьцангуй хямд байдаг. Энд 420 мянган төгрөг гэж байгаа дээлийг салонд 700 мянган төгрөгөөр зардаг юм билээ. Иргэд булган эмжээртэй, 330 мянгаас 450 мянган төгрөгийн үнэтэй дээлийг түлхүү авч байна.
Мөн энэ үеэр дээл худалдан авч буй иргэдийн байр суурийг сонирхлоо. Иргэдийн хувьд уламжлалт баяр учраас аль болох дээлээ авч өмсөх, дээлээр гоёхыг хичээдэг гэдгээ онцолж байлаа. Монголчуудын цагийг нь тулгадаг "зан" ч нөлөөлж, оёдолчид захиалгадаа дарагдаж, худалдааны дээл эрэлттэй болсныг ч хэлж байлаа.
"ДЭЭЛЭНД ДУНДЖААР САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ"
-Дээлний сонголт жил ирэх бүр сайжирч байгаа. Энэ жил булган эмжээртэй дээл сонирхож байна. Үнийн хувьд 200 мянган төгрөгөөс дээш байна. Манайх ам бүл дөрвүүл. Цагаан сараар гэр бүлээрээ дээл өмсдөг болохоор дээлэнд бараг нэг сая орчим төгрөг зарцуулдаг. Санхүүд хүндээр тусдаг ч уламжлалт баяр болохоор заавал үндэсний хувцсаа өмсөхийг эрхэмлэдэг.
ОЁДЛЫН ГАЗРУУД ЗАХИАЛГААР ДҮҮРСЭН
-Ээждээ дээл хайж явна. Гэрт өмсөхөд хөнгөн, биед эвтэйхэн дээл, бас гадуур өмсөхөд дулаан дээл хайж байна. Оёдлын газруудын захиалга дүүрсэн байна лээ. Тиймээс эндээс дээл хайж байна. Загварын хувьд олон сонголттой байгаа ч хоёр дээл авахад арай л үнэтэй тусч байна. Хэдийгээр дээл үнэтэй байгаа ч уламжлалт баяраараа Монголчууд бүгд л үндэсний хувцсаараа гангардаг. Бид ч мөн адил үндэсний хувцсаараа гоёно.
Холбоотой мэдээ