"Балинчид" ба бидний сонголт

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

"Балинчид" ба бидний сонголт

"Балинчид" ба бидний сонголт

”Өнөөдөр Монгол Улс  маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсч байна. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм. Өөрсдийгөө хуульч гээд бодчихсон ухаантай хүмүүс хувьсгалын үед хууль ярих хэрэггүй” гэсэн үгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2019.01.17/ чуулганы хуралдаан дээр хэлсэн нь олныг цочирдууллаа. Хууль эрх зүйт төртэй улс орны хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл болсон эрхэм гишүүний амнаас "Хууль ярих хэрэггүй" гэсэн үг гарч байгаа нь Монгол төрийн эмгэнэл. Ард түмний мандатаар сонгогдсон тэрбээр хууль хэрэггүй гэж ярих нь юуг илэрхийлэх вэ.

Ж.Батзандан гишүүний амнаас гарч байгаа бүхнийг түүнийг сонгон УИХ руу илгээсэн баянзүрхчүүдийн үг гэж ойлгох хэрэгтэй. Учир нь, ийм л хүнийг баянзүрхчүүд төрд өөрсдийнхөө төлөөллөөр сонгон илгээжээ. Хатуухан хэлэхэд, баянзүрхчүүд хүртэх ёстойгоо л хүртэж байна. Гэхдээ үүнийг дахин хүртэхгүйн тулд сонгогчид боловсролдоо анхаарах болсныг сануулъя. Сонгогчийн боловсрол гээч маш чухал зүйлээ бид өнгөрсөн 28 жилийн турш үл тоож, нэр дэвшигчдийн гоё ганган үг, элдэв хоосон амлалт, хэдэн бор цаасаар саналаа худалдаж улс төрийн сонголт хийсээр өдий хүрсний гай. Нэр дэвшигчдийн боловсрол мэдлэг, ёс зүй, туршлагаас илүүтэй хэлбэрт нь ач холбогдол өгч агуулгаа мартсан гашуун үнэний жишээ Ж.Батзандан.

Өнөөдөр сонгогчид УИХ-ын гишүүдийн хэрүүлийн үсгийг ам уралдан ярьж, зарим нь шоолж, үзэн ядан суугаа бол өөрсөд рүүгээ өнгийж харах цаг нэгэнт иржээ. “Ямар ард түмэн байна тийм л төр байдаг” гэдэг үгийг Монголын улс төр баталж байна. Төрийн эрх барих дээд байгууллага нэртэй хошин шогийн үзвэр үзээд сууж байгаа нь мөн л сонгогчдын хохь. Гишүүд хууль ярих ёстой чуулганы танхимыг хэрүүлийн газар болгож сонгогчдынхоо өмнө бие бие рүүгээ элдэв бусармаг үг хэллэгийг эрээ цээргүй хэлэх нь хэдийнээ энгийн мэт үзэгдэл болж, нөгөө талд  сонгогчид ч үүнд нь дасч. Хууль ярих гэхээсээ илүүтэй хэрүүлийн үгийн “бөөс” түүх нь тэдний үндсэн ажил  болж хувирсан.

УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг хуулийн заалт байхгүйгээс амандаа орсноо бурж адаг сүүлдээ хууль үгүйсгэх түвшинд очсон гэдгийг Ж.Батзанданы үг баталлаа.

УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх хуулийн заалтыг УИХ-ын Дэгийн тухай хуульд хатуухан оруулж өгөхгүй бол үгээрээ биесээ “алж”, сонгогчдоо үл хүндэтгэх эрхэм түшээдийн үйлдэл газар авсаар байх болно. Хууль бус, хууль зөрчсөн агуулгатай үг хэлэх, уриалах, тодорхой асуудлаар байр суурь зөрөлдсөн тохиолдолд бие биеийгээ гутаан доромжлох зүйлс өдөр бүр гарах боллоо гэдгийг зарим гишүүн ч хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн хэнд нь ч хувь хүний байр суурь гэж байхгүй. Нэг гишүүний үг  олон мянган сонгогчийн байр суурийг төлөөлдөг гэдгийг санаж хувийн тоглолтоо багасгаж, соёлтой үгс хэлж хэвшье, эрхэм түшээдээ.

Харин сонгогчид улс төрийн боловсролоо сайжруулж аливаа улс төрийн сонгуульд зөв сонголт хийхгүй бол юу тарина түүнийгээ өнөөдөр хураасаар байх уу. "Балинчид" бол  бидний сонголтын үр дүн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж