14 настай зураач, мисс охин

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

14 настай зураач, мисс охин

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа хамгийн залуу зочныг танилцуулъя. Түүнийг Н.Батгэрэл гэдэг. Тэрбээр 14-хөн настай. Н.Батгэрэл охин ямар нэгэн зургийн дугуйланд хичээллэж байгаагүй хэрнээ хүний хөргийг яг л фото зураг мэт зурах авьяастай нэгэн. Авьяаслаг охин маань өнгөрсөн жил "13 нас" хэмээх анхны бие даасан уран зургийн үзэсгэлэн дэлгэж, өөрийн 30 орчим бүтээлээ сонирхуулжээ.


Н.Батгэрэл охин өнгөрөгч 2018 ондоо авьяас чадвар, сурлага хөдөлмөртөө шамдан “Нийслэлийн "Шилдэг хүүхэд" алтан медаль, "Би ирээдүйн Энтрепренер хүүхэд" батламж, "Prince & Princes international 2018" тэмцээний "Miss fashion model", Сурагчдын холбооны "Авьяаслаг сурагч" мөнгөн медаль, Улсын гар зургийн "ХI олимпиад"-аас тэргүүн байр, Дүүргийн "Шилдэг бүтээлч хүүхэд" батламж, Сургуулийн "Шилдэг сурагч" алтан медаль, Сурагчдын холбооны "Оны шилдэг сурагч" алтан медаль зэрэг батламжаар шагнуулсан байна.

НАРАНГЭРЭЛ БАТГЭРЭЛ: 2004.09.21

Суралцаж буй сургууль:

Налайх дүүргийн 103 дугаар дунд сургууль 9а бүлэг

Сошиал хуудас: Young artist Batgerel /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би багаасаа л зураг зурах дуртай хүүхэд байсан. Бүр зураг зурдаг тусгай дэвтэртэй. Дэвтэр дээрээ номноос янз бүрийн зураг харж их зурна. Ханан дээр элдэв янзын дүрс зурдаг. Яваандаа зурагнууд маань илүү сайжирч эхэлсэн л дээ. Ер нь л багын зураач болох мөрөөдөлтэй хүүхэд байсан. Анх есөн настайдаа өөрийн зурсан 18 хар зургаараа сургуульдаа үзэсгэлэнгээ гаргасан. Анхны үзэсгэлэнгээсээ маш их урам авч, дараагаар нь дүүрэгтээ үзэсгэлэнгээ гаргасан. Үе тэнгийнхэн зургийг маань хараад “Хөөх чи зурсан юм уу. Ямар гоё зурдаг юм бэ” гэж их хэлдэг байсан. Бага ангийн багш маань намайг их дэмждэг байсан.

ААВ, ЭЭЖ НЬ ЗУРАГ ЗУРАХАД НӨЛӨӨЛСӨН ГЭЖ ДУУЛСАН. ЯМАР НЭГЭН ЗУРГИЙН ДУГУЙЛАНД СУРАЛЦААГҮЙ ГЭСЭН ҮҮ?

-Манайх гэр бүлээрээ гар урлал хийдэг. Ам бүл тавуулаа. Би нэг ах, эгчтэй. Айлын бага охин л доо. Гэр бүлийнхэн маань намайг 100 хувь дэмждэг. Ах маань гэхэд зураг зурж буй бичлэгийг минь хийж өгдөг. Аав маань чулууны дархан хүн учраас хөөрөг хийдэг. Ээж маань зүү ороож, зоосон ширээний сүлжмэл сүлжиж, даалин, хавтага болон гоёл чимэглэлийн эд зүйлс хийдэг. Тиймээс гэр бүлийн орчин надад маш их нөлөөлсөн гэж боддог. Бас аав, ээжийн маань талд зураач хүмүүс ч байсан.

Миний хувьд ямар нэгэн зургийн дугуйланд хичээллэж байгаагүй. Зөвхөн гэртээ бие дааж, зургаа зурдаг. Бага байхдаа хотод тав, зургаан хоног л дугуйланд хамрагдаж үзсэн. Ер нь гэр маань хотоос зайтай Налайх дүүрэгт байдаг учраас дугуйланд хамрагдаад байж чаддаггүй юм.

ЗУРААЧ, МИСС, ДУУЧИН ОХИН МААНЬ ИРЭЭДҮЙД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ ВЭ?

-Би ирээдүйд зураач мэргэжилтэй болно гэж боддог. Одоо ч энэ мөрөөдлөө биелүүлэхээр зургаа зурсаар л байна. Цаашдаа хөрөг зургаа улам хөгжүүлж, чадварлаг реалист зураач болно.

ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙН ХӨРГИЙГ ИХ АДИЛХАН ЗУРЖЭЭ. ӨӨРСДӨД НЬ ЗУРГИЙН ДУРСГАДАГ УУ?

-Олны танил хүмүүсийн хөрөг зургуудыг зурснаар өөрийн ур чадварыг харуулахаас гадна  урын сангаа нэмдэг. Олны танил хүмүүсийн хөргийг зурахад хүмүүс сайн мэдэх давуу талтай. Одоогоор нийт 30 гаруй урлаг соёл болон олны танил хүмүүсийн хөргийг зурсан. Заримаас нь дурдвал, дуучин Ж.Алтанцэцэг, Ука, реппер Gee, мисс Ч.Содтуяа, С.Одонтуяа дарга гэх мэт. Олны танил хүмүүс хөрөг зургаа хараад надад баярласнаа илэрхийлдэг. Дуучин Ч.Уранхолбоо хөрөг зургаа хараад их гайхаж байсан. Үзэсгэлэнгийн маань үеэр дуучин Ж.Алтанцэцэг эгч ирж сонирхоод, хөрөг зургийг нь дурсгасан.

ЗУРААЧ ОХИН МИССИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАЛААРАА ЯРИАЧ?

-Анх мисс Ч.Содтуяа эгчтэй хөрөг зургийг нь зурж танилцсан. Тэгсэн мисс эгч маань надад Тайланд улсад зохион байгуулах миссийн тэмцээнд оролцох саналыг тавьсан. Тэгээд өнгөрсөн оны долдугаар сард Тайланд улсад зохион байгуулсан "Prince & Princes international 2018" олон улсын тэмцээнд оролцож,  "Miss fashion model" шагнал хүртсэн. Миний хувьд анхны миссийн тэмцээн байсан учраас хэлний мэдлэгээс гадна биеэ зөв авч явах шаардлагатай болсон. Дэлхийн 30 гаруй орны хүүхдүүдтэй өрсөлдөж, Тайланд оронтой танилцсандаа баяртай байгаа. Миний хувьд үндэсний хоёр монгол дээлтэй оролцсон. Бусад орны оролцогч хүүхдүүдээс гадна амрагч жуулчид Монгол үндэсний дээлийг хараад гайхаж, хүлээж авсан. Миний хувьд үндэсний хувцсаараа үнэхээр бахархсан шүү.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАВ?

-Хамгийн сүүлд залуу уран бүтээлч, жүжигчин М.Батзоригийн хөрөг зурсан. Миний хувьд сайн чанартай зургаас гадна уран бүтээлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн, уран бүтээлчдийг онцолж зурдаг. Нэг хөргийг зурахад ойролцоогоор 2-5 хоногийг зарцуулдаг. Чимэглэл ихтэй хувцас өмссөн хүний хөргийг зурахад илүү хугацаа шаарддаг байх жишээтэй. Харин эрэгтэй хүний хөргийг зурахад харьцангуй хурдан дуусдаг. Амралтын өдрөөр зургаа зурахдаа  10 гаруй цаг суучихдаг. Заримдаа зургаа зурж дуусаад харахад “Би яаж энэ зургийг зурсан юм бол” гэж өөр өөрөөсөө асуудаг. Зургаа хараад сэтгэлийн таашаал авч, маш их урам ордог.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Тэр ч утгаараа олон төрлийн зүйл хийнэ. Шүрээр бэлэг дурсгалыг зүйл хийдэг. Баримал хийнэ. Ихэвчлэн англи хэл сурах зорилгоор гадаад дуу сонсдог. Бас хувцасны эсгүүр гаргаж, оёно.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би ирэх хавраас өөрийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Зургийн сангаа нэмэхээр зургуудаа зурж байна.

ЧИНИЙ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Өөрийн урлантай болж, зургаа зурахыг хүсдэг. Цаашдаа дэлхий даяар алдартай авьяаслаг зураач болох мөрөөдөлтэй.

ҮЕИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хүүхдүүд маань заавал энд тэндхийн дугуйланд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх албагүй. Гэртээ ч гэсэн өөрийгөө бүрэн хөгжүүлж болно. Интернет орчин хөгжсөн учраас сонирхсон зүйлээ сурахад их дөхөм болсон. Зарим хүүхдүүд маань интернет орчныг буруугаар ашиглаж, цагаа дэмий үрэх юм. Хамгийн гол нь Монголын хойч үе болсон залуус цагийг зөв ашиглаж, өөрт хэрэгтэй зүйлдээ цагаа зарцуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж