Төрийн байгууллагуудад нээлттэй өгөгдөл нь хаалттай байдаг

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагуудад нээлттэй өгөгдөл нь хаалттай байдаг

Төрийн байгууллагуудад нээлттэй өгөгдөл нь хаалттай байдаг

Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр /2019.01.17/ нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих, дата сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах сэтгүүлчдийг чадавхжуулах төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Ухаалаг засаг” төслийн нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор М.Мөнхмандах, төслийн нэгжийн зохицуулагч Р.Риц, Үндэсний стастикийн хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн нар оролцсон юм.  Уг төслийг ХБНГУ-ын Дойче Велле” академитай хамтран хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд дата сэтгүүлзүйн чиглэлээр ажиллах сэтгүүлчдийг чадавхжуулахаар дөрвөн сарын хугацаанд сургалт зохион байгуулах аж.

ЗГХЭГ-ын “Ухаалаг засаг” төслийн нэгжийн зохицуулагч Ч.НУРГУЛ: 

– Засгийн газраас “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд техник технологийн давуу байдлыг ашиглан төрийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг сайжруулах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Үүний хамгийн чухал зүйл нь өгөгдөл. Энэ тухай ойлголтыг олон нийтэд зөв ойлголт өгч, таниулан мэдүүлэх нь чухал юм. Үүнд сэтгүүлчид оролцож байгаад баяртай байна. Одоогоор нээлттэй өгөгдөл бэлэн байна уу, хууль эрхзүйн орчин нь бүрдсэн үү гэдэгт бид судалж үзээд, тайлан гаргасан.

МУИС-ийн компьютерийн ухааны багш, доктор Г.АМАРСАНАА: 

-Сэтгүүлзүйн салбар бол нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд оролцох маш том тулгуур нь юм. Төрийн байгууллагууд өгөгдлөө гаргадаг ч сэтгүүлчид нь үүнийг ашигладаггүй бол ямар ч үр хэрэггүй. Программ хангамж дээр ажиллаж чаддаг байхаас гадна өгөгдлийг боловсруулж иргэдэд илүү ойлгомжтой байдлаар түгээхэд  сэтгүүлчийн оролцоо чухал юм.Бид нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг хийсэн. Нийт 40 гаруй байгууллагыг судалгаанд хамруулсан. Монголд нээлттэй өгөгдлийг ашигладаг цөөн хэдэн байгууллага бий. Дийлэнх төрийн байгууллагад энэ талаарх ойлголт мэдээлэл алга. Нээлттэй өгөгдөл нь хаалттай байдаг. Хамгийн том нээлттэй өгөгдлийн жишээ болох и-баримтын систем байна. Хэрэглэгчдийн худалдан авалт бүрийг задалж, дүгнэх юм бол худалдааны салбарт том өөрчлөлт гарна. Бид Татварын ерөнхий газарт өгөгдлөө нээлттэй байлгах, энэ тухай саналаа тавьсан. Тус газрын зүгээс хууль зүйн орчинд энэ нь боломжгүй гэх хариулт өгсөн. Хоёрдугаарт хувь хүний мэдээллийн нууцын асуудал яригдана гэж байгаа ч нийт  худалдан авалтын хэрэглээгээр нь гаргах боломжтой. Монголд нээлттэй өгөгдлийг хэрэгжүүлэх боломж байгаа ч гол саад болж буй зүйл нь манлайллын асуудал юм.  Үүнийг шийдэх юм бол өгөгдлүүд нь байна. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын удирдлагууд нээлттэй өгөгдлийг багаж гэж үзэн, ашиглаж, хүчин чармайлт гаргаж ажиллахад саад тотгор байхгүй. Хуулийн хүрээнд хориглосон зүйл байхгүй.

ҮСХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга Л.МЯГМАРСҮРЭН: 

– Манай байгууллага бол дата авч, мэдээлэл боловсруулдаг байгууллага. Төрийн байгууллагын хувьд бүх мэдээллийг нээлттэй болгоно гэвэл өрөөсгөл ойлголт. Нээлттэй болгоно гэдэг бол хуулиар зөвшөөрөгдсөн өгөгдлийг нээлттэй болгох  тухай л яригдана. Хувийн нууцтай мэдээллийг ил болгох боломжгүй. Ерөнхий багц датаг ашиглан мэдээллээ боловсруулж тавьдаг. Сэтгүүлчид бол хамгийн тусгай хэрэглэгчид гэж бидний зүгээс хардаг. Учир нь олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай өгөх, статистикийн мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр түгээх нь маш чухал асуудал. Ялангуяа нийгэм, эдийн засгийн мэдээллийг бусдад түгээх хэрэгтэй байдаг.

Мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүн төрөлхтний хувьд хамгийн үнэтэй баялаг нь газрын тос биш өгөгдөл байх болно гэж “Экономист” сэтгүүл 2017 оны нийтлэлдээ дурджээ. Нээлттэй өгөгдөл буюу боловсруулаагүй үнэн бодит, нээлттэй мэдээллийг хүмүүс сонирхох болсон ч үүнийг боловсруулж, ашиглах, олон нийтэд энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байв.

Нээлттэй өгөгдөл гэдэг нь аливаа үйл явдал баримтыг илэрхийлсэн бүтэцтэй бичвэр, эсвэл тоон утгыг илэрхийлэх ба үүнийг боловсруулснаар мэдээлэл болдог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж