Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай нар өнөөдөр зарим хороодод очиж, цэргийн бүртгэл хэрхэн явагдаж байгаатай танилцав.
БГД-ийн 5-р хорооны Засаг дарга Т.Ууганбаяр “Манай хорооны нийт хүн амын 30 орчим хувийг цэргийн үүрэгтэн буюу 18-50 насны эрчүүд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 72 хувь нь хамрагдаад байна. Цэргийн бүртгэлийн талаар хэвлэл мэдээлэл болон хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа” гэв.
“Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. иргэдийг идэвхтэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ