Nike компани хэрэглэгчдийн талаар ахиухан мэдээллийг гутлаар нь дамжуулж авах шинэ арга бодож олжээ. Мягмар гарагт болсон Future of Footwear арга хэмжээний үеэр тус компани Nike Adapt хэмээх пүүзний шинэ концепт сонирхуулсан юм. Эзэмшигчийнхээ хэрэглээг real-time горимд бүртгэдэг уг загвар Nike компаниас хэрэглэгчдэдээ зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ ахиу борлуулахад нь тусална.
“Шинэ өдөр эхэллээ. Та бид footwear-ээс firmware (өргөн хэрэглээний цахим төхөөрөмжийн суурь программ)-д шилжиж байгаатай адил зүйл болж байна” хэмээн Nike-ын гутлын инновац эрхэлсэн захирал Майкл Донахью мэдэгдэв.
Мэдээлэл бүртгэх чадвартай Nike Adapt хэрэглэгчдийн өгөгдлийн халдашгүй байдалтай холбоо бүхий сонголттой. Өгөгдлөө бусадтай хуваалцахгүй гэж сонговол уг гутлын олон шинэ чадварыг ашиглахгүйгээр хэрэглэх юм. Үйлдвэрлэгч нь энэхүү сагсан бөмбөгийн гутлыг 350 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй. Nike Adapt үдээсгүй, хэрэглэгчийн үзэмжид нийцүүлж автоматаар хөлд чангарна. Чанга, сулыг нь гар утасны аппликэйшнээр тохируулж болно. Сенсор, акселерометр, гироскоп бүхий энэхүү гутал нь эзэмшигчийнхээ бүхий л хөдөлгөөн, үйлдлийг бүртгэж явах юм. Гутлыг хоёр долоо хоногт тутамд цэнэглэнэ.
“Хоёр хөлдөө хоёр ухаалаг утас угласнаас ялгаагүй” хэмээн Nike-ийн дижитал бүтээгдэхүүн хариуцсан захирал Майкл Мартин тайлбарлаж байлаа.
Тус компанийн хувцас хэрэгслийн борлуулалт эрчимтэй нэмэгдсээр байгаа ч өмнөх санхүүгийн жилд олсон 36.4 тэрбум ам.долларын орлогын 61 хувийг нь гутлаас олжээ.
Nike нь түүхэндээ хамгийн үнэтэй буюу 720 ам.долларын сникерийг 2017 онд цөөн тоогоор худалдаанд гаргаснаасаа хойш өөрөө үдэгддэг гутал үйлдвэрлэх болсон юм. Boston Celtics-ийн Жэйсон татум энэ долоо хоногийн сүүлээр NBA-ийн тоглолтод өмсөн гарч ирэх шинэ загварыг Nike-ын онлайн худалдааны суваг, жижиглэн худалдаачдаар дамжуулан борлуулахаар төлөвлөж байна. Орегон муж улсын Бивертонд байрладаг Nike компани цаашид Adapt технологи бүхий гүйлтийн гутал, спорт бэлтгэлийн хувцас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмж гаргахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ