Н.Номтойбаяр: Би топорын цэрэг болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Би топорын цэрэг болохгүй

Н.Номтойбаяр: Би топорын цэрэг болохгүй

Засгийн газрын өчигдрийн /2019.01.16/ өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын тусгай зөвшөөрлийг хураана гэдгээ мэдэгдсэн.  Тэрбээр "Таван ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байна. Н.Номтойбаяраас Цагаан суваргын ордын лицензийг хураана" гэдгээ ил тод илэрхийлсэн билээ.  Ерөнхий сайдын мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.


-Та хэвлэлээс харсан байх, Ерөнхий сайд  "МАК"-ийн компанийн эзэмшдэг Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрлийг хурааж авна гэдгээ өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн, нээлттэй хуралдааны үеэр хэлсэн. Хөрөнгийг чинь хурааж авна гэсэн Ерөнхий сайдын мэдээлэлд та ямар байр сууринаас хандаж байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. Үүнийг бусдад  ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэг компани хайгуулын талбай эзэмших зөвшөөрөл авсны дараа талбай дээрээ нэмэлт хайгуул хийх  шаардлага гарвал хуулийн хүрээнд дахин тусдаа лиценз авах ёстой.   Тиймээс л  нэг их олон лиценз эзэмшээд байгаа юм шиг  харагдсан байх. Гэтэл нэг талбай дээр хэдэн ч лиценз авч болно гэсэн үг л дээ. Түүнээс энд тэндгүй баахан орд газрын лиценз цуглуулчихсан юм биш.  Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Жишээлбэл, Хөх цавын  орд   шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрснээс бүрддэг. Энэ бүхэн дээр хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авна.  Газрын дороос олборлосон түүхий эдээ боловсруулж, цемент үйлдвэрлэнэ. Түүнээс газрын доороос шууд цемент ухаад авчихдаг юм биш шүү. Боловсруулалт явагддаг. Нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь   үндэсний аж үйлдвэрээ хаана, бооно гэдэг улсын бодлого боловсруулдаг ухаантай хүнээс гарах үг уг нь биш юм. Энийг  Ерөнхий сайд аль, талаас нь харж, яаж ойлгоод байгааг нь би өмнөөс нь тайлбарлаж чадахгүй шүү дээ.

-Та хууль зөрчиж, Цагаан суваргын ордыг авсан юм уу?

-Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Хэрэв хууль зөрчсөн гэж байгаа бол тэр баримтаа дэлгэ. Тэдэн сарын тэдэнд ийм хуулийг зөрчөөд, ийм хууль бус зүйл хийгээд ямар зөвшөөрөл, ямар ч шийдвэр, тогтоолгүй энэ лицензийг авсан байна гээд ярь. Хүнийг  гүтгэж болохгүй. Тэр тусмаа улс төр хийгээд  бусдын хийж бүтээж хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэр төрийг  гутааж болохгүй.

Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө миний аав хулгай хийж, хууль зөрчиж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй огт холбогдож явсангүй. Миний аав Монголын эдийн засаг гэдгийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Маш олон хүнийг ажлын байраар, цалингаар хангаж байна.

Өнөөдөр У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр төсвийн орлого нэмэгдлээ гээд баярлаад байна. Хэний гавьяа юм. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн гавьяа шүү дээ. Хувийн хэвшлийн олон мянган хүний цалинг, дээр нь төрийн албан хаагчдын цалинг Нямтайшир л олгож байна. Цалин, тэтгэвэр нэмлээ  гэж Засгийн газар мэдээлсэн. Тэр мөнгийг  баялагч бүтээгчид олж өгдөг юм. Ийм байдлаар хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай үйлдэл. Монгол Улсын Ерөнхий сайд баялаг бүтээгчдээрээ гангарч, Монгол Улсынхаа нэрийн хуудас болгож явах ёстой болохоос тэднийг дарамталж, гутааж, айлгаж болохгүй.  Хэн нэгэн эрх мэдлээрээ түрий бариад хурааж авна гээд  авчихдаг юм биш. Өөрийнх нь хэлснээр хууль эрх зүйт орон мөн бол бусдын хөрөнгийг хууль бусаар хураадаггүй юм. Ерөнхий сайдын энэ үйлдлийг гаднын хөрөнгө оруулагчид юу гэж харж байгаа бол гэдгийг ч бодолцох ёстой. ЖДҮХС-аас  төрсөн дүүдээ зээл аваад өгсөн хүн өнөөдөр тийм хууль бус  зүйл хийхээс буцахгүй байх л даа. Хууль ер нь хамаагүй, хувьсгалын үед дураараа авирлаж болно гэж зарим ил цагаан хэлж байна. Тэгвэл бүх ордоо ав. Ашигт малтмалын тухай хуулийг батлаад яах юм. Бүх алтны уурхайнуудын лицензийг нь төр хураа.  Хувьчлагдсан гэх мах, талхны үйлдвэрээ буцаагаад төр ав.

-Таныг сайд болно гэсэн яриа байна?

-Хэн миний өмнөөс намайг сайд болгох гээд гүйгээд байгаа юм бэ.  Хэн надад хайртай болчихсон юм. Би тэр хүнийг хайгаад олохгүй байгаа юм. Би топорын цэрэг болохгүй.  ЖДҮ-чдийн Засгийн газарт сайд болж, доошоо орохгүй. Надад өөрийн гэсэн итгэл үнэмшил бий. Итгэл үнэмшлээ худалдаад сайдын албан тушаал руу гүйдэг тийм алиа гар би биш.

-УИХ-ыг тараах тухай АН-ын саналыг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ыг тараах нь цорын ганц зам. Ерөнхий сайд тэргүүтэй ЖДҮ-чдын тоо 30 гарчихсан. ЖДҮ-гээс хулгай хийсэн ашиг сонирхлоороо тэд  нэг багц болцгоочихсон.  Би үнэнээ л хэлье, дийлэхгүй юм билээ. ЖДҮ-чид дэндүү олуулаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж