Гамшгийг хохирол багатай туулах бодит шийдэл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Гамшгийг хохирол багатай туулах бодит шийдэл хэрэгтэй

Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан $1 хохирлыг долоо дахин буруулдаг

Гамшгийг хохирол багатай туулах бодит шийдэл хэрэгтэй

Монголд чөмөг ташим хүйтэрдэг идэр ес үргэлжилж буй эдгээр өдрүүдэд дэлхийн өмнөд хагаст цельсийн 50 хэмд дөхөж, шатаж байна. Австрали тивд гурван өдөр дараалан агаарын температур цельсийн 48.9 хэмд хүрч, шөнөдөө 33 хэмээс буухгүй байна.

Уур амьсгалын энэхүү онц ноцтой үзэгдэл наашлаад Зүүн Өмнөд Ази, Номхон далайн эргийн орнуудад үер, хуй салхи зэрэг байгалийн гамшиг тохиож болзошгүй байгааг хэвлэлийнхэн, цаг уурчид, шинжээчид анхааруулж байна. Ази тивд эх дэлхий дээр болж буй байгалийн нийт гамшигт үзэгдлийн 50-60 хувь тохиодог бөгөөд ирээдүйд нийт хохирлын 40 хувь нь ногдоно гэж таамаглаж буй. Байгалийн гамшгийн улмаас дэлхийн эдийн засгийн голлох өсөлтийг хангаж буй энэ тивийн боловсрол, эрүүл мэнд, амьжиргаа зэрэг эдийн засгийн боломжууд хумигдаж байна. Тиймээс ч байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад дэлхий нийтийн бодлого тодорхойлогч, хөгжлийн жолоог атгагчдад уриалж буй юм.

“Азид буурай хөгжилтэй орнууд их тул гамшигт эмзэг. Тийм учраас дэлхий дахин гамшгаас хэрхэн сэргийлэх, яаж хохирол багатай даван туулах тухай л ярьж байна” хэмээн манай гамшгийн асуудал хариуцсан албаны эх сурвалж онцолсон юм.

Монголын хувьд уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчтэй явагдаж байгаа орон. Бид өндөр хөгжилтэй орнууд шиг нүүрснээс татгалзаж, эрчим хүчээ ногооруулах замаар агаарын температурыг цельсийн 1.5 хэмээр бууруулна гэх амбийцтай бодлого хэрэгжүүлэх боломж, бололцоо байхгүй. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь чухал. Үүний тулд гамшийн эрсдэлийг бууруулахад л бодлогоо чиглүүлэх ёстойг гамшгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ өвөлдөө ихсэж, зундаа багасаж буйг мэргэжилтнүүд онцлох болсон. Өвөл цас их орох нь яалт ч үгүй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн аж. Тиймээс ч НҮБ-аас 2001 онд зудыг байгалийн гамшигт албан ёсоор бүртгэсэн. Гэтэл бид хамгийн их тохиолддог зудыг хамгийн хохирол багатай даван туулах арга замаа одоо хэр нь олоогүй. Тун саяхны жишээ гэхэд, 2016-2017 онд Монголд зудын улмаас нийт малын зургаан хувь нь үрэгдэж, 157 мянган хүн өртсөн. Үүнд 2500 жирэмсэн эх, таваас доош насны 26 мянган хүүхэд, ахмад настан 13 мянга байсан байна. Зудын улмаас махны болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөж, Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 6.6 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж авсныг Ази, Номхон  далайн гамшгийн тайланд дурджээ. Уг нь гамшгийн эрсдэлийг шилжүүлэх олон арга бий. Тухайлбал, зудын эрсдэлийг бууруулахын тулд малын индексжүүлсэн даатгал маш үр дүнтэй байдаг аж. Эдийн засгийн хувьд ч үр дүнтэй шийдэл. Гэвч жилийн жилд л зуданд малаа алдагсад төв суурин руу нүүдэллэж, ажилгүйдэл, ядуурлын тоог улам нэмсээр.

2018 онд гамшиг, ослын үед авах арга хэмжээ, хохирол барагдуулахад Засгийн газраас гаргасан нөөц хөрөнгө 15 тэрбум төгрөгт хүрсэн. Албаныхны хэлж буйгаар энэ хэмжээ жилийн жилд нэмэгдэж буй нь бид гамшгийн эрсдэлийг шилжүүлж, менежмент хийж чадахгүй байгаагийн илрэл аж.

Уг нь эрсдэлээс сэргийлж чадвал энэ мөнгийг долоо дахин хэмнэх боломж бий. Олон улсад гамшгийн дараа учирсан долоон ам.доллар бүр урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллартай тэнцдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс дээрх хэмжээний хөрөнгийг жилийн жилд барилга байгууламжаа хүчитгэх, эрчим хүчний шонгийн суурийг сайжруулах, замаа засаж, үерийн далан, шуудуу баривал чухам хэрэгтэй баймаар. Гэтэл 2018 онд нийслэлд нэг ч үерийн далан, суваг нэмж барьсангүй. 1966 оны үерийн дараа барьсан далан, сувгуудын 80 хувь нь эвдэрсэн нь 2015 онд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр тодорхой болжээ. Тиймээс үер болвол Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 100 хүний ес нь, Чингэлтэй дүүрэгт 100 хүн тутмын дөрөв нь амиа алдах эрсдэлд амьдарч байна.

Тиймээс ядаж л олон нийтийн сүлжээг урьдчилан сэргийлэхэд идэвхтэй ашиглах бүс нутгийн хандлагатай хөл нийлүүлмээр байна. Индонезид AtmaGo аппликейшний тусламжтай үерээс сэргийлэх анхааруулга явуулснаар нэг өрхөд учрах хохирлыг жилд 324 ам.доллараар буулгаж чадсан байна. Харамсалтай нь, манайд хүмүүсийн нас, онцлогт нь тохирсон контентоор урьдчилан сэргийлэх ажил хийж чадахгүй байгааг ОБЕГ-ын гамшгийн эрсдэлийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн хэллээ. Мөн салбар дундын хамтын ажиллагаа хамгийн их хэрэгтэй байгаа ч төрийн ихэнх байгууллага санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар хойш суусаар байна.

Байгалийн гамшиг, түүнийг даван туулах чадавх муу байгаа нь Монголд төдийгүй бүс нутагт ч хөгжлийн хурдыг хойш чангааж буй тул энэ асуудалд шийдэл даван туулах чадавх муу байгаа нь Монголд төдийгүй бүс нутагт ч хөгжлийн хурдыг хойш чангааж буй тул энэ асуудалд шийдэл олохоор өнөө жил давосын эдийн засгийн чуулганы эрхэм зочид ухаанаа уралдуулж, шинэ санаагаа хуваалцах аж.

ЗГМ: ТОДРУУЛГА

Д.БААСАНСҮРЭН: ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛСАН

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.

-Гамшгаас сэргийлэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Саяхан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгууллаа. Энэ зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, бүх яам, агентлагийн удирдлагаас гадна хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөл оролцож байгаа. Улсын онцгой комиссоос ялгаатай нь гамшиг, үймээн самуун, гоц халдварт өвчин тархаагүй үед ч хуралдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм. Гамшгаас сэргийлэхэд салбар дундын уялдааг хангаж, эрсдэлийг бууруулахад хэрэгтэй томоохон хөрөнгө оруулалтыг шийдэх зорилготой. Гамшгаас сэргийлэх, даван туулахад зөвхөн Засгийн газрын нөөц сангаас бус тухайн орон нутгийн засаг даргын нөөц хөрөнгийн 30 хувиас багагүй  хэсгийг зарцуулахаар болсон.

үн амын хэчнээн хувийг гамшигт эмзэг хэсэг эзэлж байгаа вэ?

-Хүн амын мэдээллийн нэгдсэн сангаас тодорхой тоо гарах байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, эмэгтэйчүүдээ тооцоход нийт хүн амын 20-30 хувь нь гамшигт эмзэг хэсэг гэж үздэг. Амьжиргааны түвшин доогуур болон гэр хорооллын өрхүүдийг тооцвол эмзэг хэсэг бүр нэмэгдэнэ. Ер нь Ази, Номхон далайн бүсэд гамшигт өртөгсдийн 70 гаруй хувь нь бага орлоготой өрх байдаг.

-Нийслэлийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг тооцсон юм байна. 1966 оных шиг үер нийслэлд буувал нөхцөл байдал ямар болох талаар танд төсөөлөгдөж байна уу?

-Тэр үеийнх шиг байтугай өнгөрсөн зун 30 минут хүрэхгүй хугацаанд бороо ороход л хот тэр чигтээ үерт автаж, гэр хорооллын өрхүүд сүйдэж, хүний амь үрэгдсэн. 1966 оноос хойш хот газар нутгаараа гурав дахин тэлж, гэр хороолол хэдэн арав дахин томорч, нягтрал нэмэгдсэн. Үерийн аюулын зургаас харахад хэдхэн газар л үер болдог. Эдгээр газартаа л арга хэмжээ аваад, төлөвлөлтдөө анхаарахад эрсдэл буурна. Манайх төсөв мөнгө хуваарилдаг, захиран зарцуулдаг байгууллага биш учраас бид холбогдох газруудад зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэхээс хэтэрдэггүй. Гамшгаас сэргийлнэ гэдэг байгууллага, хүн бүр оролцож байж үр дүнтэй болно. Тиймээс байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж