УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хоёрын дунд маргаан өрнөлөө.
УИХ-ын дарга М.Энхболд: Ж.Батзандан гишүүнд хандаж хэлэх үг байна. Ж.Батзандан гишүүн хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг хүн. Асуудал ярихаар алга болдог. УИХ-аар ЖДҮ-г ярьж эхлэнгүүт картаа сугалаад гараад явсан. Асуудал хэлэлцээд дуусахаар орж ирсэн.
Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах үеэрээ Ж.Батзандан гишүүн долоо, найман хүмүүсийн хамтаар миний өрөөнд орж ирээд тэнд асуудал үүсэхэд цэнхэр малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд зугтаасан. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон жагсаалыг өдөөчхөөд бас зугтааж байсан. Манай намын байрыг шатаахад оролцож л явсан. Ахынхаа тухай яриад, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай надтай яриад намынхаа эсрэг гарын үсэг зураад явж байсан хүн. 60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Аягүй бол 2020 онд манай намаас УИХ-д нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Манай өвөө энэ намын хүн байсан, буудуулж алуулсан. Ах нар маань бас энэ намд байсан, цөлөгдөж байсан. Өвөө маань яах вэ, ганц ахыг минь буудаад алчихав дээ гэж би тантай уулзахдаа захиж байсан. Тэгж яривал та Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд надаар гарын үсэг зуруулж байсан шүү. М.Энхболд дарга аа, таны эхнэр манай нутгийн эгч, тэр эгчийг би зовоохгүй, муу хэлэхгүй. Та бол манай нутгийн хүргэн. Гэхдээ ийм хүргэнтэй байгаа даа би сэтгэл зовж байна.
УИХ-ын дарга М.Энхболд: Тэгээд яах юм. Танай нутгийнх гээд би эхнэрээсээ салах юм уу .
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Таныг огцор гээд талбай дээр 50, 60 мянган хүн жагсаад байна. Танаас болж Монгол шатаж байна, танаас болж Улаанбаатар утаатай болсон. Та их газар зардаг хүн гэсэн” гэв.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр нийгмийн сүлжээнд гэргий Ж.Туяацэцэгтэй нь холбоотой ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийсэн. Түүгээр бол сүүлийн гурван өдөр дараалан нийгмийн сүлжээнд “УИХ-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад гэргий Ж.Туяацэцэг нь архины зөвшөөрөл олгодог байсан” гэх ташаа мэдээлэл цацагдах болжээ. Уг нь бол дээрх цаг үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гэргий Нийслэлд ажилладаг байсан бөгөөд архины зөвшөөрөл олгодог байсан аж. Ж.Туяацэцэг нь шинэ жилээр л М.Энхболд даргыг дагаж жилдээ нэг удаа хотын захиргаанд ирдэг. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нь ч улс төрд орсон сүүлийн 20 шахам жилийн хугацаанд М.Энхболд даргын гэргий ажилд нь оролцож байсан удаагүй. Гэвч санаатайгаар уу, санамсаргүйгээр энэ мэтчлэн гэргийтэй нь холбогдуулж, буруу ташаа мэдээллийг цацах болсонд тайлбар хийв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ