Индонезийн хойд Сулавеси арлын Ранованко тосгонд байдаг “CV Yosiki” эрдэм шинжилгээний лабораторид энэхүү харамсалтай хэрэг гарчээ. Тус лабораторийн судлаач 44 настай Диси Туво хэмээх бүсгүйн цогцосны үлдэгдэл матарны торон дотор байхыг хамт ажилладаг хүн нь анх олж хараад цагдаад дуудлага өгсөн байна.
Түүний хэлснээр “Намайг өглөө ажилдаа ирэхэд Мерри матарны байрладаг усан санд нэг зүйл хөвж байхыг харсан. Ойртоод очтол Дисигийн цогцос байхыг хараад би маш их цочирдож, цагдаа дуудсан” хэмээжээ.
Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр бүсгүй матрыг тэжээхээр усан сан руу орохдоо санаандгүй байдлаар халтирч унасан байж болзошгүй гэв. Цагдаагийнхан болон тусламжийн багийнхан ирж матрыг нойрсуулж усан сангаас гаргасан бөгөөд тус лаборатори матрыг хууль бусаар тэжээж байсан нь тогтоогджээ. Тиймээс Мерри матрыг байгалийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэх болсон байна. Толгойноосоо сүүл хүртэл таван метр гаруй урттай уг матар бүсгүйн биеийн бараг талыг нь иджээ.
Эх сурвалж: www.independent.co.uk