Зарласан тендер нь 8 жил үргэлжилсэн “ДЦС-5“амжилттай гацлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Зарласан тендер нь 8 жил үргэлжилсэн “ДЦС-5“амжилттай гацлаа

Зарласан тендер нь 8 жил үргэлжилсэн “ДЦС-5“амжилттай гацлаа

Эрчим хүчний яамны сайдын зөвлөл Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС-5 ” төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шаардлагагүй хэмээн үзсэнээ гурав хоногийн өмнө /2019.01.19/ зарлалаа. Шалтгаан нь уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй болчихож. Анх санаачилж улстөржсөн амлалтын “бай” болоод 17 жил, төсөл эхлээд найман жил болсон төдийгүй төрийн шийдвэрээр бол 2017 онд дуусгана гэж байсан цахилгаан станц ийнхүү “амьгүй” болов.

Уг консорциумд БНСЦ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцож байсан. Хөрөнгө оруулагчдын “зугтсан” шалтгаан нь “Тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудал удаашрах, улстөржих нь ойлгомжтой болоод ирсний зэрэгцээ геополитик, улс төрийн нөхцөл байдалтай ч холбоотой байж мэдэх юм. Наанадаж л Монголын тал газрын асуудлыг нь шийдэж өгөхгүй байсан.

Ингээд хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх “үндсэн төлөвлөгөөтэй” Засгийн газар маань “ДЦС-5”-ыг мартцгаая, “ТЭЦ-2”-ийг өргөтгөе гэсэн шийдвэр гаргачихжээ. Хуучин “ДЦС-3”, “ДЦС-4”-ийг ойрын хоёр гурван жилийн хугацаанд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийхээр төлөвлөжээ.

Тэгэхээр ирэх 2-3 жилд цахилгаан, дулааны асуудал үүсэх магадлалтай. Сонгуулийн өмнөх жил, сонгуулийн жил зэрэг “гацаах” шалтгаанууд нөлөөлбөл дээрх станцуудыг төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөх нь туйлын эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл “ДЦС-5”-ыг л хойшлуулбал хуучны гурван станцыг өргөтгөхөд бэлэн байна гэсэн хэлэлцээрийг Оросын талтай хийжээ гэж харагдаж буй юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол “Тус цахилгаан станцыг барих төсөл 2011 онд эхэлсэн бөгөөд 2017 онд дуусгах төлөвлөгөөтэй байжээ. ТЭЦ-5-ыг барина гээд консерциум байгуулаад, Концессын гэрээ байгуулсан юм билээ. Энэ консерциумд нь БНСУ, Франц, Япон, Монгол зэрэг дөрвөн орны компани оролцсон. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард задарсан байсан. Өөрөөр хэлбэл гэрээ хариуцсан тал байхгүй болсон гэсэн үг. Нөгөө талаар хөрөнгө оруулалт байхгүй болсон учраас тус дулааны цахилгаан станцын ажил удааширсан” гэнэ.

Үүнд юу нөлөөлөв. “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч, байгаль орчны ерөнхий үнэлгээг дуусгасан. Мөн төслийн хэрэгжилтэнд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн ус хангамж, үнс хаягдал, станцын үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс, тоноглолуудыг станц ашиглалтанд ороход бэлтгэж байна гэсэн тайлбарыг хамгийн сүүлийн байдлаар хийж байжээ. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцлийг хангасан тогтоол гаргаж чадсан ч хэрэгжилтийг үзэж чадалгүй УИХ-ын сонгуулийн ялагдалтай золгосон билээ.

Үүний дараагийн Засгийн газар энэ талаар овоо ахицтай ажиллаж байсан. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 29-нд ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез, 30%-ийг эзэмшигч), СОЖИЦ  КОРПОРАЦИ  (30%-ийг эзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ  (30%-ийг эзэмшигч), НЬЮКОМ ХХК (10%-ийг эзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн Газрыг  төлөөлж буй байгууллагууд болох Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компанитай ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Үүнд консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсээр ажилладаг  дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцыг барих, тус станц нь агаарт хаягдах SO2 болон NOx-ын ялгарлыг ихээхэн бууруулах, мөн ялгарлын хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн хяналт тавих удирдлага хяналтын системтэй эргэлдэгч буцламтгай давхаргат шаталтат технологи бүхий гурван зуухтай байх, агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар усны хэрэглээг маш их хэмжээгээр бууруулахаар заасан байдаг.

Эрчим хүчний салбар дахь төр-хувийн хэвшлийн анхны түншлэл, 1984 оноос хойш баригдаж буй анхны том хэмжээний дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станц баригдах нь хэмээн тунхаглаж байсан энэ том төсөл ийнхүү гацаанд орлоо.

Энэ гацааны шалтгаан нь геополитикийн фактор уу, улс төр, эсвэл үнэхээр хөрөнгө оруулагч талдаа газрын асуудлаас эхлээд цаг хугацаа алдах магадлал ихэсч үргэх шалтгаан болов уу гэдгийг цаашид эргэн сурвалжлах болно.

Сонирхолтой нь, өнгөрсөн хавар Багануурт барихаар төлөвлөсөн ДЦС-ын Концессын гэрээг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнүүд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандаж ил захидал хүртэл илгээсэн. Ил захидал эзэндээ хүрээгүй юу. Эсвэл нэгэнт хөдөлсөн “галт тэрэг” болохоор тэр үү, Багануурын цахилгаан станцын ажил ямар нэг гацаагүйгээр амжилттай урагшилж байна. Ямартай ч цаг хугацааны хувьд удахгүй өргөтгөх, шинэчлэх төлөвлөгөөтэй хуучин станцуудаас илүү найдлага төрүүлж буй нь Багануурын цахилгаан станц болчихоод байна.

Мөн шинэ оны эхээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ухаалаг эрчим хүчний жил”-ээ зарлахдаа “ДЦС-5”-ын тухайд лавлахад “Холбогдох албаны хүмүүс БНХАУ-д айлчилж манайд шаардлагатай эрчим хүчний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхээр тохиролцсон. Ойрын үед бид дунд хугацааныхаа хэрэгцээнд үндэслэн одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх асуудлаа шийдвэрлэнэ. “ТЭЦ-3”, “Амгалан дулааны станц”ыг шинчэлэн, өргөтгөж байгаа нь ийм учиртай” гэсэн.

Харамсалтай нь хүлэмжийн хийн ялгарлыг дэлхий нийтээр эсэргүүцэж байгаа ч Монголын Засгийн газар Сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүчийг ашиглах шинэ технологийг дэмжихдээ хойрго байгаа харагдана. Товчхондоо нүүрс, утааны гамшгаас салах гарцаа олоогүй Монголд шинэ цахилгаан станцтай болно гэдэг Хятадаас гуйх, Оросоос эмээх зэрэгцэн өнөөдрийн хөнгөлөлттэй зээл маргаашийн хараат байдлыг буй болгож байдаг нь төгсөшгүй гамшиг болон үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж