Хятадын баруун өмнөд нутгийн Кунмин хотын галт тэрэгний буудалд мэсээр халдлага үйлдэж, 31 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван уйгур хүнийг өнөөдөр /III.24/ цаазаар авчээ. Хятадын шүүх өнгөрсөн есдүгээр сард Шинжаан-Уйгураас ирсэн Искандар Эхет, Тургун Тохтуняз, Хасаян Мухаммед нарт цаазаар авах ял оноосон юм. Харин дэлхийн уйгур конгресс байгууллагаас Хятадын шүүх тэднийг шударгаар шүүгээгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Патигуль Тохти гэгч жирэмсэн эмэгтэй дээрх халдлагад буруутгагдан бүх насаараа шоронд хорих ял сонссон юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нд Кунмин хотын галт тэрэгний буудалд гарсан хэргийн үеэр Хятадын цагдаа нар өөр дөрвөн сэжигтнийг буудаж устгасан юм. Халдлагын улмаас 141 хүн гэмтсэн аж.
Хятадаас хэл, ёс заншил, шашин шүтлэг ондоо уйгур үндэстнүүд Шинжаан дахь Бээжингийн дарангуйллыг эсэргүүцэн бослого, тэмцэл өдүүлэх нь элбэг байдаг юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters