З.Нарантуяа: ЖДҮ-г гэмт хэрэг гэхгүй юм бол юу гэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

LiveЗ.Нарантуяа: ЖДҮ-г гэмт хэрэг гэхгүй юм бол юу гэх вэ?

З.Нарантуяа: ЖДҮ-г гэмт хэрэг гэхгүй юм бол юу гэх вэ?
18 : 14
2019-1-17

Төрийн албаны хуулийг дагах журмуудыг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы хуралдаанаар Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс зарим хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн, дэмжлээ.

Мөн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Энэ хуулиар орчин цагт төрийн албан хаагчдад тавьж байгаа шаардлага, иргэдэд хэрэгжиж чадахгүй зүйлийг оруулж өгч байгаа. Бидний ярьдаг мерит зарчим, цаашид туршлага, ажлын ур чадварыг хэрхэн шийдэх, хууль хяналтын байгууллагад ямар тохиолдолд маргааш очих зэрэг асуудлыг шийдэхээр орж ирж байна. Үнэхээр төрийн албаны зөвлөлтэй холбоотой маргаан тасардаггүй юм байна.  Шинээр төрийн албан очих гэж байгаа хүмүүсийн асуудлыг тодорхой байдлаар зохицуулж байгаа юу. Үүний цаана мэргэжлээрээ сургууль төгссөн хүн төрийн албанд орсны дараа төрийн албан хаагч болгох ёстой. Засгийн газрын хуралдаанаар нийт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 60 хувь нь 1-5 жил ажилласан гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр энэ нь төрийн алба маш тогтворгүй байдгийн тод жишээ.

Ажлын хэсэг:

-Шинээр төрийн албанд орж байгаа иргэдэд төрийн албанд ажиллаж байсан гэсэн шаардлага тавьж байсан бол одоо больсон. Төрийн албанд орж байгаа иргэд шалгалт өгч, нөөцөд бүрдүүлэх байдлаар зохицуулалт хийж байна. Шалгалтад хамрагдсан төрийн албан хаагчдын 60 хувь  нь 1-5 жил ажилласан байна гэдэг тоо гарсан. Цаашид бид сургалтын агуулгад анхаарч, хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа. Төрийн албанд гарсан нийт маргааны 60 орчим хувь нь бүтэцтэй холбоотой байдаг. Ёс зүйн дүрэм хэлэлцэгдэж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудаас санал авч, ёс зүйн дүрэм гаргахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өнгөрсөн хугацаанд төрийн албанаас хууль бусаар халагдсан гэж тэтгэмж авсан хүний тоо хэд байна вэ.

Ажлын хэсэг:

-2013-2018 оны эхний хагас жилийн байдлаар хууль бусаар ажлаас халагдсан 14,4 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон байна.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас холбогдох байнгын хороонд анхны хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр шилжүүллээ. Үүний дараа чуулганы хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хорооны хэсгийн ахлагч гэдэг албан тушаал байдаг. Тэд гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, ажилладаг. Хөдөлмөрийн хуульд байнгын ажлын байранд ажиллаж байгаа хүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулаад байгаа юм. Одоо Засгийн газраас төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилал, зэрэг дэв тогтоох журам дээрээ энэ хууль эрх зүйн зөрчлийг арилгаад өгөөч. Нийслэлийн 152 өрх тутамд хэсгийн ахлагчийг төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг статуст оруулж өгөөч. Би энэ талаар холбогдох газруудад өмнө нь санал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн албанаас халагдсан хүмүүсийн тэтгэмжид зориулж 14 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан байна. 2016 оноос хойш 25 мянга орчим албан хаагчдыг ажлаас нь халсан.  Төрийн захиргааны албанд ажиллаж байгаа хүмүүс л шүүхэд хандаж, гомдол гаргаж, төлбөрөө авч байгаа. Үүнээс илүү их төлбөр гарах нөхцөл үүссэн байгаа. Шүүхээр нааш, цааш явсаар олон жил явж байгаа маргаанууд ч бий. Ер нь бол төрийн ажлыг зүгээр хийж явсан, АН-ыг дэмждэг гэдгээрээ төрийн албан халагдсан 25 мянган хүн, ар гэртэйгээ нийлээд 75 мянган хүний өмнөөс би юм ярьдаг. Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулаад төрийн албанаас хууль бусаар халагдсан хүмүүсийн зардлыг тухай албан тушаалтан өөрөө гаргах шийдвэр гаргах нь МАН төрийн албанд бүх хүнээ томилоод энэ асуудлыг цоожилж байна. УИХ-ын гишүүд хоёр талд хуваагдахаар бусад бүх салбарт хоёр хуваагдаж байгаагаас төрийн албаны ажил явахаа больсон. Яам агентлаг нь ч адил.

Гишүүд санал хэлсний дараа Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төслийг 77,8 хувийн саналаар дэмжигдэж, батлагдлаа.

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн боловсон хүчин тогтвортой ажиллах нь Үндсэн хуулийн үзэл санаа. Ихэнх ардчилал хөгжсөн оронд төрийн албан хаагчийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг юм билээ. Энэ нь аль ч нам гарсан төрийн албан хаагчийг хөнддөггүй зарчимтай.  Төрийн үндсэн албан хаагч шатлан хөгжих, тогтвортой байх зарчим тусгах нь маш чухал. Яаманд төрийн нарийн бичгийн дарга болохыг хүсвэл 7-8 жил шаардаж, түүнийг товчлох ямар ч улс төрийн арга байхгүй байх ёстой. Цаашид энэ олон журмыг заавал хэрэгжүүлж, мөрдөөрэй. Нэг дарга залгахад журмаа мөрдөхгүй, хуурмаг шалгалтаа хийх вий гэдгийг сануулж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-УИХ-аар хууль баталсны ар талд маш олон журам баталдаг. Шинээр хууль нь хэрэгжиж эхэлсэн учраас журмууд батлагдаж байна. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны албан хаагч гэсэн хоёр ялгаа бий. Ард иргэдээс төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг, байнга шүүмжлэлтэй ханддаг. Төрийн захиргааны албан хаагчдын нэр хүндийг унагаж байгаа нэг зүйл бол төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор ханддаг явдал. Төрийн албан хаагчид ёс зүйтэй, дархлагдсан, тогтвортой байж төрийн албаны үйл ажиллагаа хүн ардынхаа төлөө явах учиртай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-УИХ-ын индэр дээрээс буруу мэдээлэл гарсан учраас би тайлбар өгч байна. Манай яамны зүгээс талцаж, хуваагдсан зүйл байхгүй, Б.Пүрэвдорж гишүүн ээ.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

16 : 41
2019-1-17

Чуулган: Гишүүдийн олонх ЖДҮХС-г шалгах шаардлагагүй гэж үзлээ

Чуулганы хуралдаан үргэлжилж ЖДҮХС-г шалгах түр хороо байгуулах асуудлыг дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ-аас дэд хороо байгуулагддаг. Засгийн газрын үйл ажиллагаа, санхүүд хяналт тавьдаг Зарлагын хяналтын дэд хороог удирддаг З.Нарантуяа гишүүн хэд хэдэн удаа тусгай сан, зээл тусламжийн талаар ашиглалт, зарцуулалтад хяналт тавих зэрэг маш олон санал гаргаж байсан. ЖДҮХС-аас зээл авсан, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан түр хороог би дэмжиж байна. Гэхдээ энэ түр хороог Н.Номтойбаяраар ахлуулахгүй. Бонд нь ЖДҮ-гээ шалгахгүй. Харин З.Нарантуяа гишүүнээр ахлуулах ёстой. Та нарын хэрүүл эх захгүй цуварч, нэгнийгээ намнах байдлаар явах учраас сөрөг хүчин илүү шуурхай гаргана.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах, судлах түр хороо байгуулах асуудал ногоон гэрлээр явдаг юм байна. Энэ түр хороог байгуулах асуудал арваннэгдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ЖДҮ ч гэсэн шуугиан тарьж байсан. Энэ хооронд нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Мөн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч орж ирсэн. Хуулийн байгууллага ажлаа хийгээд хуулийн дагуу асуудлаа шийдээд явж байгаа. Тэгэхээр түр хороо юу ярих вэ. АТГ, прокурорын байгууллага нь шалгаад оруулж ирэх эсэхээ шийдэх гэж байхад энэ түр хороо одоо юу хийх вэ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Түр хороо байгуулах тогтоолын төслийг байнгын хороон дээр ярих үед төрийн бүх тусгай сан, тэр дундаа ЖДҮХС-ийн зарцуулалтыг шалгахад Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд дэмжиж байгаа. Тиймээс ямар нэг улс төрийн агуулгагүйгээр Засгийн газарт хяналт тавьдаг УИХ-ын зарчмын үүднээс санал хэлмээр байна. Танай бүлэг хоорондоо хэрэлдээгүй үедээ тавьсан саналыг хүлээж авдаггүй. Гэтэл одоо хоорондоо муудалцахаараа бидний тавьсан саналыг ашигтай байдлаар гэж хүлээж аваад байгаа юм. Гаргаж байгаа дүгнэлт аль нэг тал руу хэвийчихгүй, өргөтгөсөн байдлаар байгуулаад, эрүүлээр сэтгэж чадах, шударга гишүүдээ оруулаад явбал ороод дэмжээд ажиллахад бэлэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ж.Ганбаатар даргатай санал дүгнэлтээ оруулдаг ЖДҮ-ийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, судалдаг, хаана энэ хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх боломж байна вэ гэдгийг судалдаг дэд хороо. Энэ түр хороо бол тухайлсан нэг асуудал дээр байгуулагдах хороо юм. Энэ нэг их ногоон гэрлээр яваад байгаа асуудал биш. Түр хороо байгуулсан тохиолдолд түр хорооны гишүүд өөрсдөө даргаа сонгодог.

Ингээд түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонх үзлээ.  Тиймээс УИХ-ын гишүүд дэмжээгүй учраас тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн захиалгын дагуу түр хороо тодорхой зорилгын хүрээнд тодорхой асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах саналыг УИХ-д оруулж ирэх гэсэн ч дэмжигдсэнгүй. Энэ ЖДҮ-чид бол үнэхээр дийлдэхгүй юм байна. Би энэ түр хороог ахлахгүй, бүр ажлын хэсгээс ч хасч болно. УИХ бол төр нийгмийг холбох гүүр. Ажлаа хиймээр байна. Эрхэм ЖДҮ-чидээ, та бүхэн үнэхээр хүчтэй юм байна” гэсэн тайлбарыг өглөө.  Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ийм зохион байгуулалттай, зориулалтын бусаар ашигласан зүйлийг гэмт хэрэг гэж хэлэхгүй юм бол үүнийг юу гэх вэ. Монгол Улсын төсөв хуулийн дагуу зарцуулагддаг эсэхэд хяналт тавих үүргээ УИХ хадгалах хэрэгтэй байна. Бид дахин сөрөг хүчнээс түр хороог дахин оруулж ирнэ” гэлээ.

Одоо чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

15 : 55
2019-1-17

Н.Номтойбаяр: Б.Ундармаа гишүүн яллагдагчаар татах дүгнэлтэд гарын үсэг зурсан

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ЖДҮХС-г шалгах, дүгнэлт гаргах УИХ-ын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.  УИХ-ын гишүүдийн зүгээс санал хэлж, ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 22 гишүүний асуудал яригдаж байна. Хэрэв энэ гишүүд ирэх сонгуулиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзвэл дэд хороо ямар үүрэг гүйцэтгэх вэ. Энэ үед УИХ тарах эрсдэл үүсч болзошгүй учраас тооцоолсон уу гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуусан.  Энэ асуултад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “ЖДҮХС-тай холбоотойгоор хуулийн дагуу шалгах хүсэлт гаргаж, дөрвөн гишүүнийг ерөнхий прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Тэгэхээр хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад хийж байна гэсэн үг. Түр хорооны үүрэг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ сан болон бусад сангуудыг Сангийн сайд шалгаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, бусад сайд нар нь ЖДҮ-тэй холбогдож байгаа. Засгийн газар өөрсдийгөө шалгах боломжгүй гэж үзээд түр хороог байгуулж, санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ Засгийн газрыг унагахад цөөн тооны гишүүдийн гарын үсэг зурж байгаа, түүнд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх байсан гэсэн утгатай юм ярьсан. Яг үүнтэй адил түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын зарим гишүүд яриад яваад байгаа. Түүнийг хэлэлцэх юм болов уу гэж бодсон. Яагаад хэлэлцэгдэж болохгүй байгаа юм бол. Түүнээс сүүлд өргөн баригдсан, хууль хяналтын байгууллага нэг бүрчлэн шалгаж байгаа асуудлыг өнөөдөр ярьж байгаа нь ямар учиртай юм бэ. Би ЖДҮ-г хамгаалаад байсан юм байхгүй. Хуулийн байгууллага ном журмаар нь оруулж ирвэл номоор нь хандана. Дэд хороо энэ удаад ийм нөхцөл бүрдээгүй байна, цаана нь шалгаж дуусаагүй мөн олон гишүүдтэй холбоотой асуудал байна гэж шийдвэр гаргасныг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд баталсан. Дэд хороо хуралдах үед дөрвүүлэнг нь нэг нэг удаа байцаалт авсан байсан. Яллагдагчаар татахаасаа өмнө УИХ-д оруулж ирсэн. Яллагдагчаар татах тогтоол бие даасан баримт үйлдэж, ажиллагаагаа хийгээгүй өргөн барьсан байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Би ярилцлага дээрээ ЖДҮ-тэй холбоотой асуудлыг ерөнхий прокурор оруулж ирэхэд хэлж байсан. Засгийн газрыг огцруулах гэж байхад ЖДҮ-чид хамгаалсан. Та хэлсэн ярьснаасаа буцаж, хүндрэл учруулаад байна. Та улаан цайм хамгаалаад үлдсэн. Ц.Нямдорж сайд аа дөрвөн гишүүнийг яллагдагчаар татагдахад нэг нь гарын үсэг зурсан, гурав нь зураагүй байгаа юм. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэр биелэх боломжгүй болоод байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд С.Зориг агсны хэргийн талаар түр хороо байгуулах төсөл Л.Болд гишүүн оруулж ирсэн. Арваннэгдүгээр сарын 17-нд зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлсэн. Нэгдүгээр сарын 8-аас хойш зарлагдсан ч ирц хүрэхгүй байсаар чуулганд оролцож ирээгүй. Байнгын хороо нь хэлэлцвэл чуулганаар хэлэлцэх боломжгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлтийг миний өрөөнд лав өөрчлөх асуудал огт яригдаагүй. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд цаг орж байгаа учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Сүүлийн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан хүн шүүх хурал дээр Ц.Нямдорж сайд очуулдаггүй байсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэгэхээр аль аль талдаа энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

13 : 06
2019-1-17

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Чуулганы хуралдаанаар ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа нарын есөн гишүүн өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

– ЖДҮХС-ийн хууль санаачилж буй дэд хороо байдаг. Энэ зүйлүүдийг засаад явна гээд ажиллаж байгаа. Гэтэл дэд хорооноосоо асуудаггүй ийм хороо байгуулах гэж байгаа юм уу. Эсвэл манай хороог татан буулгасан уу. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлдэггүй, манай хорооноос санал авдаггүй. Н.Номтойбаяр гишүүн мэдэхгүй байж магадгүй. Би хууль санаачлаад энэ асуудлыг засах гээд л явж байна. Гүйцэтгэх засаглалд оролцоод явах боломжгүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Бодвол та дэд хорооны дарга нь юм шиг байгаа юм. ЖДҮ-тэй холбоотой асуудал мандаад, олон нийтийн дунд маргаан үүсгэж байхад танай дэд хороо юу хийж байсан юм бэ. УИХ-аас байгуулж байгаа түр хороонд орох гэж байгаа бол оруулж болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн. Түр хорооны зорилго нь санхүүгийн шалгалт хийх. Тусгай хяналт, Зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийг багтаасан байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан түр хороо байгуулахаар бол Засгийн газрын бүх санг шалгах, өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан нь зөв болов уу гэсэн санал хэлсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бид ярилцаад зөвхөн ЖДҮХС-ийн асуудлыг шалгана гэж ярилцаад түр хороо байгуулахаар ярилцсан. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй гэж харж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн” гэсэн тайлбарыг хэлсэн юм.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөж, 15.00 цагаас үргэлжлүүлэн ЖДҮХС-г шалгах түр хороо байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

12 : 53
2019-1-17

Ц.Нямдорж: Чуулганы танхимд хов ярьдгаа болимоор байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нотариатын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж,  баталлаа.  Үүний дараа  Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан  Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал илэрхийлээгүй учраас санал хурааж, гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гуравдугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх шаардлага байгаа. Нэг хуульд гурван сонгуулийг нэгтгэсэн нь зөрчилдөөнтэй зүйл заалтууд маш их байдаг. Нэг зүйл заалтаа тодорхой үйл ажиллагааг зөвшөөрсөн ч нөгөө заалтаар зөвшөөрөхгүй байх жишээтэй. Цаашид нэн яаралтай сонгуулийн тухай хуулиудыг салгаж, баталмаар байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ч сонгуулиудыг салгахыг хүсч байсан. Тиймээс яаралтай хэлэлцмээр байна. Цэцийн дүгнэлт болон холбогдох заалтууд дээр ээлжит бус сонгуулийн үед төрийн албан хаагч хэзээ нь ажлаасаа чөлөөлөгдөх вэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Манай байнгын хороон дээр сонгуульд өөрчлөлт оруулах тухай заалтын ажлын хэсэг гарч ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний албан хаагч УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн нэгдүгээр сарын 1-ээс гэдэг хуучин заалтаар нь явна гэсэн үг. Ээлжит бус, нөхөн дахин сонгуульд нэр дэвших бол ажлын таван өдрийн дотор хүсэлт гаргаж, нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тодорхой хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасан. Ингэснээр Үндсэн хуультай нийцэх, сонгуулийн гурван хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч хаврын чуулганаар хуулиудаа хэлэлцэж эхлэхээс өөр арга үлдээгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Цэцийн дүгнэлттэй холбоотой саналыг дэмжиж байна. Сонгуулийн хуулиудаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Гурван хуулийг нэг болгож баталсан нь буруу гэдгийг би анх батлагдахад нь хэлж байсан. Энэ парламентын танхимд хов ярьдгаа болимоор байна. Сая О.Баасанхүү намайг УИХ-ын дарга болох гээд гуйгаад явж байна гэж хэлсэн. Ер нь тийм зүйл болоогүй. Ё.Баатарбилэг гэдэг хүн бас яриад л байсан. Энэ мэт худлаа яриагаа болих хэрэгтэй. Намайг битгий өөрсөдтэйгээ адилтга.  Энэ өрөөн дотор ярьдаг ховоо өрөөндөө ярьцгаа. Би сонгуульд оролцдог, ард түмэн намайг сонгодог, сонгуульд ялсан намын дарга надаар сайд хийлгэе гэж гуйдаг нь үнэн. Би хийж байсан нь үнэн.

Ингээд гишүүд саналаа илэрхийлсний дараа санал хураа, гишүүдийнх олонх дэмжсэнээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 08
2019-1-17

Ж.Бат-Эрдэнэ: Шударга ёс бус эрх мэдлийн тулаан өрнөж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж, байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүргүүллээ. Энэ хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол чөлөөлөлдөг байх хуулийн төсөл юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Аливаа асуудал, хуулийн өөрчлөлтийн асуудал нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчим дээр суурилж гарах ёстой байдаг. Бид хэд хоногийн өмнө Үндсэн хуулиа сахиж мөрдөж эхэлсний 27 жилийн ойг тэмдэглэсэн. Өнөөдрийн энэ хуулийн төсөл зөвхөн нөхцөл байдал гэдэг нэрийн дор эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд өөрчлөлт оруулж байгаа бол хууль дархлаагүй болох, хуульд захирагдах зарчим алга болж байна уу гэж харж байна. Нэг үйл явдал, нэг хүнд зориулж хууль батална гэдэг нь маш том алдаа болж байна. Монгол төр тогтвортой байх, Үндсэн хуулийн агуул, мөн чанарт нөлөөлөх асуудал хөндөгдөж байгаа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Өнөөдөр бид эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хямрал дээр өөрчлөлт оруулахын тулд бодлогын асуудал ярих цаг болжээ. Монголын нийгэмд болохгүй байгаа завхралыг засахын төлөө, хэт их намчирхдаг, тэмцдэг асуудлыг зогсоохгүй бол цаашид хөгжил яриад нэмэргүй болсон.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Аливаа хууль үндэслэлтэй байх ёстой. Ийм үндэслэлээр нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн бол гэдэг байдлаар тусгах ёстой. Энэ бол цаанаа 65-ын бүлэг эрх мэдэл булаацалдаж байгаагийн илрэл. Эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх тулалдаан. Үүний цаана шударга ёс гээд байх зүйл байхгүй. Шударга ёсыг хуулиар үндэслэдэг юм. Одоо бид тэр МАНАН бүлэглэлийг нь ярих хэрэгтэй байна. Одоо үнэхээр хошин шогийн хуралдаанаа дуусгаад, хууль ярьж баймаар байх юм. Өнөөдөр оруулж ирсэн хууль чинь үндэслэлтэй баймаар байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Ж.Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ёс зүйтэй байвал бүгдээрээ  ёс зүйтэй байх ёстой.

Ингээд УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдах юм. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

11 : 37
2019-1-17

Л.Энх-Амгалан: Энэ асуудал Цэц дээр очвол хэн хариуцлага хүлээх вэ?

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-19 гишүүн Засгийн газрыг огцруулах эрхтэй бөгөөд тодорхой хуулийн заалт, хууль зөрчсөн эсэхийг тодорхой бичиж, гарын үсгээ зурж, бичиг хүргүүлдэг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулахад ямар нэг тайлбар бичих юм бэ. Уг нь  онолд суурилж хууль батлагдах ёстой. Түүнээс санагдах байдлаар хууль батлаад байвал богино хугацааны үйлдэл. Чөлөөлөх, огцруулах нь хоёр өөр ойлголт.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм.  Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Д.Лүндээжанцан дарга сая хэлэхдээ нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой гэж хэлж байна. Бид дандаа 65-уулаа энд суухгүй, олуулаа суухгүй. Олон намын оролцоо бий болж орж ирсэн нөхцөлд яах вэ. Ийм нөхцөлд энэ хууль ямар нэг үндэслэлээр УИХ-ын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед бид яах вэ. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд УИХ-ын даргыг ойрхон, ойрхон огцруулаад байвал яах вэ. Тэгэхээр чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар байх ёстой болов уу. Ийм сэтгэлийн хөөрлөөр УИХ-ын даргыг авч хаях үндэслэл бий болоод байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын тухай хуульд дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал яригдана. УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөх хүсэлтийг оруулж өгөхөд үндэслэл нь хэлбэрийн хувьд зөрчилгүй. Харин та нарын хувьд яриад байгаа агуулгын хувьд яаж өөрчлөх вэ гэдэг асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна. Ер нь цаашид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хуулиа өөрчлөх шаардлага байна.  Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн шаардлагатай байгаа юм. Парламентын засаглалтай орны хувьд төлөөллийн  байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага байна гэдгийг харж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Парламентын дархлаа гэдэг нь ганц хүнийх биш. Цаашид ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. 1990 оноос хойш 21 Ерөнхий сайдтай байсан бол гурван УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Ер нь бол цаашид УИХ-ын даргын тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх вэ. Дараа нь буруу хууль баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сүүлийн үед зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа зүйл арай л ёс зүйгүй зүйл рүү яваад байх шиг байна. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын цуст тэмцэл, Ж.Батзандангийн хувьсгалын үед хууль хэрэггүй гэж хэлж байна. Энэ бол зохисгүй үйлдэл юм. Магадгүй энэ үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготой асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих хэлэх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бол МАНАН бүлэглэл унагаах тухай л яриад байгаа юм. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсч байгаа юм биш үү. Одоо бид яриад, зөрчилдөөд байгаа зүйлээ эргүүлж нэг харж, үнэний дэнс нь хаана байна гэдгийг бодолцох цаг болжээ.  МАНАН гэдэг юм нь арилгаад монголчуудын амьдрал сайхан болно гэж бодохгүй байна.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 46
2019-1-17

Чуулган: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.17/-ийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.  Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай хуралдаан хэд хэдэн удаа зарлаад хойшилсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ярина гэж байсан ч ирц хүрээгүй. Одоо энэ асуудлаа хэлэлцэх нь зөв биш үү. Мөн утаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл юу болж байна вэ. Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, А хүрээний N1H1 вирус тархсан зэрэг тулгамдсан асуудал олон байна. Олон өдөр албан тушаал ярилцлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх асуудал бий. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулах боломж байна уу.

УИХ-ын дарга М.Энхболд:

-ҮАБЗ-өөс Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийх тухай оны өмнө мэдээлэл танилцуулахаар ирүүлсэн. Харамсалтай нь, тэр үед УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон. Оны дараа ҮАБЗ-өөс бичиг орж ирвэл шууд хэлэлцээд явах боломжтой. Утааны асуудлаар Ерөнхийлөгч Хяналтын сонсгол хийх санал ирүүлсэн бөгөөд асуудал хариуцсан байнгын хороо нь энэ асуудлаа хэлэлцэж, дэгийн дагуу зохион байгуулаад явах нь зөв байх. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулж өгөөч гэсэн санал гаргалаа. УИХ-ын дэгийн тухай хуулиар нэг асуудлыг хэлэлцэж байгаад дараагийн асуудлыг хэлэлцэх нь хориотой байгаа. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа дараагийн хууль руугаа орох ёстой. Д.Сумъяабазар гишүүний горимын саналаар санал хурааж, олонхоороо шийдэх боломжтой.

Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын гаргасан саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэн учраас хэлэлцэх асуудлаас хасагдлаа.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж