“Уул уурхай-мөнгө” чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

“Уул уурхай-мөнгө” чуулга уулзалт эхэллээ

Олон улсын санхүүгийн төв Хонконгт жил бүрийн хавар Английн Бийкон компани зохион байгуулдаг Азийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын тэргүүлэх чуулга уулзалт “Уул уурхай-мөнгө” 8 дахь удаагаа Хонконгийн Уулзалт-үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 24-нд буюу өнөөдөр нээгдлээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хайгуулын явцад ашигт малтмалын боломжит нөөц илрүүлж, хөрөнгө оруулагч-санхүүжүүлэгчээ эрэн хайж буй уул уурхайн бизнес эрхлэгчид төслүүдээ олон улс, бүс нутгийн хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байгууллагуудад санал болгодог энэхүү чуулга уулзалтад 2000 орчим төлөөлөгч хуран чуулж, энэ үеэр гаргасан үзэсгэлэнд янз бүрийн орны 120 орчим компани төслүүдээ дэлгэн танилцуулж байна.

Уул уурхайн нөөц боломжоороо бүс нутагтаа дээгүүрт үнэлэгддэг манай улсаас энэ удаа Хөвсгөлийн Овоотын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нийт хувьцааных нь 20 орчим хувийг монголчууд эзэмшдэг Аспайр Майнинг компани, Говь-Алтай аймагт алтны томоохон төсөл хэрэгжүүлэхийг зорьж буй Билгүүн-Эрдэс компани, түүнчлэн Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын түнш (APIP), Занаду Майнинг Монголиа, Хаан банк, Лэкслоси хуулийн товчоо, Бэлгравиа Майнинг зэрэг компани, байгууллагын төлөөлөл, Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд, Ерөнхий консулын газрын ажилтнууд оролцож байна.

Өчигдөр болсон “Азийн эргэн тойронд” сэдэвтэй урьдчилсан арга хэмжээний үеэр Сингапурт төвтэй Хан Инвестмент Менежмент компанийн тэргүүн Травис Хамилтон “Монголд хэт эрсдэлтэй хэвээр үү?, эсхүл дахин бодох цаг уу?” нэртэй сонирхолтой илтгэл тавьж Монголын хөрөнгө оруулалтын орчинд сүүлийн үед эрх зүйн болон үйл ажиллагааны нааштай өөрчлөлтүүд гарч байгааг дурдан Монгол  хөрөнгө оруулагчдын сонирхол татсан орон хэвээр байгааг дүгнэн хэллээ.

“Уул уурхай-мөнгө” чуулганы үеэр Хонконг дахь Монголын худалдааны танхим томоохон арга хэмжээг Хонконг клубт зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал манай хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж бүс нутгийн хөрөнгө оруулагчид, ажил хэрэгч хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Р.Амаржаргал Монгол руу яг одоо хөрөнгө оруулах цаг мөч мөн шүү гэж тодотгоод манайд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн дүүрэн боломжтойг тодорхой жишээнүүдээр тайлбарлан хөрөнгө оруулагчдыг эх орондоо урилаа гэж Хонконг дахь Ерөнхий консулын газар мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж