Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өндөр байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ ихэсч байна. Сүрьеэ сүрьеэгийн нянгаар үүсдэг халдварт өвчин бөгөөд хэн ч өвчилж болно. Нян хүний биеийн аль ч эрхтэнийг гэмтээж болох ч ихэнх тохиолдолд уушгийг 70 хувь өвчлүүлдэг байна. Учир нь ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир өвчтөн ханиалгаж, найтаах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж ойролцоох эрүүл хүмүүст халдварладаг ажээ. Манай улсад жил бүр 200 орчим олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин бүртгэгдэж байна.
Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадаад орчинд тэсвэртэй, удаан үрждэг тул эмчилгээ нь 6-24 сар үргэлжилдэг байна. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд энэ өвчнийг үүсгэсэн идэвхтэй нянгууд устаж унтаа нянгууд үлддэг учир түүнийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлдэг аж. Эмчилгээг таслах, эмийг өдөр бүр тогтмол уугаагүйгээс эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр цаашид эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлж, эмчилгээ үргэлжлэх хугацаа 24-28 сараар уртсах, эмийн гаж нөлөө их, эмчилгээний өртөг өндөр, гэр бүлийнхнийгээ халдварлуулах сөрөг талтай аж. Тухайлбал, судалгаагаар эмэнд тэсвэртэй сүрьеэтэй нэг өвчтөний эмчилгээнд 50 сая төгрөг зарцуулж байна. Одоогоор манай улсад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогоо, эмчилгээний зардлыг олон улсын байгууллага Глобаль сангаас санхүүжүүлж байна.
Эх сурвалж: www.polit.mn